Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сэлбэ дэд төв анхны жишиг 20 минутын хот болно

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.

Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.

Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.


Сэтгэгдэл

Зочин [192.188.242.211] 2025-03-27 01:05:58

s avna 88011885

Зочин [103.57.95.195] 2025-03-26 23:25:26

Нэг их хөөрөөд байх зүйл биш дээ...эдийн засаг бүхэлдээ хэцүү бшаа....

Зочин [202.9.40.17] 2025-03-26 15:11:56

Аймаар өсөлттэй байна тээ. Яагаад юмны үнэ өсөөд байдаг билээ даргаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.