Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл 

Aдмин / Эдийн засаг

Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг 2025 оны хоёрдугаар сарын 17-ноос 27-ны өдрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 25 шинжээчийн дунд явуулж, судалгааны үр дүнг дараах байдлаар нэгтгэн танилцуулж байна.

Шинжээчид 2025 оны I улиралд инфляц бага зэрэг нэмэгдэж 10.1 хувь, эдийн засгийн өсөлт өнөөгийн түвшинд 4.9 хувь, бодлогын хүү өнөөгийн түвшинд 10.1 хувь, зээлийн хүү өнөөгийн түвшинд 16.9 хувь байна гэж таамаглажээ.

Харин 2025 оны IV улиралд инфляц өнөөгийн түвшинд 9.7 хувь, эдийн засгийн өсөлт хурдасч 5.4 хувь, бодлогын хүү бага зэрэг нэмэгдэж 10.7 хувь, зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.0 хувь байна гэж таамагласан байна.

Өнгөрсөн 2024 оны IV улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.7 хувь болж нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 2.2 нэгж хувиар дээгүүр гарчээ. Шинжээчид 2025 оны I улиралд инфляц 10.1 хувь, оны эцэст 9.7 хувь болно гэж таамаглаж байна (Зураг 1).

Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2025 оны I улиралд инфляц 9.0-9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.1 хувь, 10.0-10.9 хувийн хооронд байх магадлал 29.7 хувьтай байна. Өмнөх улирлын судалгаагаар 2025 оны I улиралд инфляц 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 32.9 хувь гэж таамаглаж байжээ (Зураг 2).

Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өссөн хэдий ч цаашид энэ түвшинд тогтворжих хандлагатай байгаа аж.

Шинжээчид 2025 оны I улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 7.8 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 10.1 хувь гэж таамаглажээ (Зураг 3).

Инфляцын таамаглалыг тоон хариултын дунджаас гадна тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 9.9-10.0 хувь байгаа аж (Зураг 4).

II. Эдийн засгийн өсөлт

2024 оны IV улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 4.9 хувь гарсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 0.6 нэгж хувиар бага гаржээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2025 оны I улиралд 4.9 хувь, 2025 оны эцэст 5.4 хувь гэж таамаглажээ (Зураг 5).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2025 оны I улиралд 5.0-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.6 хувь байна. Өмнөх улирлын судалгаагаар 2025 оны I улиралд өсөлт 5.0-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.1 хувь гэж таамаглаж байжээ (Зураг 6).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурсан бөгөөд цаашид бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Шинжээчид 2025 оны I улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.0 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 4.9 хувь байна гэж таамаглажээ (Зураг 7).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 5.0-5.1 хувь орчимд байна (Зураг 8)

III. Бодлогын хүү

Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2025 оны I улиралд дунджаар 10.1%, хамгийн ихдээ 11.0 хувь, хамгийн багадаа 10.0 хувь гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг өсөж 2025 оны эцэст 10.7 хувь байна гэж таамаглажээ (Зураг 9).

Бодлогын хүүний таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь 2025 оны I улиралд бодлогын хүү 10.0 хувь байна гэсэн таамаглалтай байна (Зураг 10).

2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13 хувь хүргэсэн бол 2024 оны I улирлаас бодлогын хүүг бууруулж, өнөөгийн байдлаар 10 хувьд хүргээд байна.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн улирлуудад шинжээчдийн таамаглал буурах хандлага ажиглагдаж байсан бол оны эцэст бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2025 оны I улирлын бодлогын хүүг 10.3 хувь байна гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар өнөөгийн түвшинд 10.1 хувь байна гэж таамаглажээ (Зураг 11).

IV. Зээлийн хүү

Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2025 оны I улиралд дунджаар 16.9 хувь, хамгийн ихдээ 17.2 хувь, хамгийн багадаа 16.3 хувьтай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү өнөөгийн түвшинд хэвээр 17.0 хувь орчим байхаар таамагласан байна (Зураг 12).

Зээлийн хүүний таамаглалын тархалтаас харвал 2025 оны I улиралд зээлийн жигнэсэн дундаж хүүг 16.8-17.1 хувь байна гэсэн таамаглал давамгайлж байна (Зураг 13).

Энэ удаагийн зээлийн хүүний таамаглал нь өмнөх улирлын түүвэр судалгааны үр дүнтэй ойролцоо түвшинд байна. Сүүлийн улирлуудад шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү харьцангуй тогтвортой байгаатай холбоотойгоор шинжээчдийн таамаглал мөн тогтворжиж байна.

Тухайлбал, өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2025 оны I улиралд зээлийн хүүг 16.9 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар мөн адил 16.9 хувь гарна гэж үзсэн байна (Зураг 14).

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.