ХААН Банк Монголын Парабочигийн спортыг 6 дахь жилдээ дэмжин ажиллаж байна

40 жилийн өмнө Олимпын наадмын нэг төрөлд багтсанПарабочигийн спорт өдгөө Монгол Улсад үүсэж хөгжөөд 8 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү спортын төрөл нь тусгай хэрэгцээт хүүхдүүд багийн болон ганцаарчилсан хэлбэрээр модон бөмбөг шидэж, зааланд өрсөлддөгөөрөө онцлог. Монголын Парабочигийн холбооноос энэхүүспортоор дамжуулан тусгай хэрэгцээт хүүхэд залуусын нийгмийн оролцоог хангах, бие бялдрыг хөгжүүлэх, олимп,тив дэлхийд өрсөлдөх монгол тамирчдыг бэлтгэх зорилгоор 6 дахь жилдээ Парабочигийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд ХААН Банк сангаас тасралтгүй, тууштай дэмжин ажилласаар ирсэн билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Парабочигийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдыг дотоодын болон олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, шаардлагатай спортын хэрэгслээр хангах, сургалт сурталчилгааг санхүүжүүлэх зэрэг өргөн хүрээний дэмжлэг үзүүлдэг. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Парабочигийн улсын аварга шалгаруулах болон тун удахгүй болох өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг дэмжин ажиллаж байна.
Парабочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж, олон улсын дүрмийн дагуу 4 ангилалд тамирчид өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний шагнал гардуулах ёслолд ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх оролцож, шилдэг тамирчдад шагнал гардуулж, тус спортоор хичээллэж буй нийт баг тамирчид тэдгээрийн ар гэр, Монголын Парабочигийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчдад спортын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
ХААН Банк хувийн хэвшлийн байгууллагуудаас анхланкомпанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулсан бөгөөд нийгмийн сайн сайханд чиглэсэн 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл