"Төрийн байгууллагуудад хэрэгжсэн 225 төсөл, хөтөлбөрийн 79 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр (2025.05.05)-ийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 2024 оны үйл ажиллагааны талаар танилцуулсан.
Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр нь төрийн байгууллагуудын хувьд хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд үүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд ийм хөтөлбөртэй байгууллага цөөхөн байжээ. Нийт 44 байгууллага Төрийн албаны зөвлөлд материал ирүүлснээс 35 нь албан ёсны хөтөлбөртэй, хөтөлбөрийн биелэлт улсын хэмжээнд 72.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ерөнхийд нь судалгаа хийж, давхардал хийдэл байгаа эсэх, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллажээ.
2021 оноос хойш төрийн байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн судалгаануудыг нэгтгэж авч үзэхэд, нийт 225 төсөл, хөтөлбөрийн 21 хувь нь улсын төсвийн санхүүжилтээр, бусад нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна.
Нийт төслийн 39 хувь нь дууссан, 60,1 хувь нь хэрэгжиж буй бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн нийцэл, улсын хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал гарч байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уулзалт зохион байгуулж, найман төрлийн зөвлөмжийг хүргүүлжээ.
2024 онд бүх яам, агентлаг Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалт явуулж, чиг үүрэг бодит байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолт хийгдсэн эсэхэд хяналт шалгалт явуулж, алдааг засуулах ажлуудыг хийжээ.
Нийт 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 2024 онд очиж ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, 51 байгууллагын 4695 албан тушаалын тодорхойлолтыг хянасан байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5000 гаруй төрийн байгууллагын 14 мянган албан хаагчдад хүрч ажиллажээ. 2024 онд бүх аймаг, яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдэд очиж ажиллан, хуульд заасны дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өнгөрсөн оноос 53 хувиар буурсан байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн сонгон шалгаруулалтын захиалгаа өгөхөөс эхлээд алдаа мадаг их гардаг байсныг тодотгоод, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл гомдол, томилгооны зөрчлийн тоо өмнөх оноос 16,6 хувиар буурсан талаар мэдээлэв.
Хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй ч бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилдөг байсан зөрчлүүд ерөнхийдөө арилж, өмнөх оноос энэ зөрчлийн тоо 40 хувиар буурчээ.
Төрийн байгууллага, албан хаагчдын бүртгэлийг цахимжуулах, ялангуяа төрийн албан хаагчид өөрийнхөө хувийн хэргийн бүртгэлийг цахимаар шалгах боломжийг нь нээснээрээ тоон мэдээлэл болон цахим системийн үйл ажиллагаанд үр дүн гарсан байна.
Тэрбээр хууль тогтоомжийн хэрэгжилт болон чадахуйн зарчмын хэрэгжилтэд аудит хийсэн гэсэн мэдээллийг өгөв. Мөн төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт, төрийн албан хаагчдын тоо бүртгэл, боловсролын түвшин, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим систем, маршаан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл