Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаргийн орой зарлиг гарган, хэд хэдэн улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон байна. Тэрбээр энэ шийдвэрээ "аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотой" хэмээн тайлбарлажээ.

Энэхүү хоригийн хүрээнд дараах 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг бүрэн хориглосон байна. Үүнд: Афганистан, Мьянмар (Бурма), Чад, Конгогийн Бүгд Найрамдах Улс, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен багтжээ.

Мөн дараах долоон улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт үйлчлэх нь. Үүнд, Бурунди, Куба, Лаос, Сьерра Леоне, Того, Туркменистан болон Венесуэл орсон байна.

Зарлигт хууль ёсны байнгын оршин суугчид, хүчинтэй виз эзэмшигчид, зарим визний ангилал болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэх тохиолдолд хамаарах онцгой нөхцөлүүдийг тусгажээ.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп уг зарлигт гарын үсэг зурах эцсийн шийдвэрийг Колорадо мужийн Боулдер хотод болсон жүүдүүдийн эсрэг халдлагын дараа гаргасан аж. Тэрбээр үүнээс өмнө уг хоригийг авч үзэж байсан ч дээрх халдлага энэ шийдвэрийг илүү хурдан хэрэгжүүлэхэд нөлөөлжээ.

Цагаан ордон Ерөнхийлөгчийн гаргасан шинэ хоригийг “АНУ-ын иргэдийг хор хөнөөл учруулахыг зорьж буй аюултай гадаад этгээдүүдээс хамгаална” хэмээх сонгуулийн амлалтаа биелүүлж буй үйлдэл" хэмээн онцолж байгаа аж.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жэксон “X” (хуучнаар Twitter) платформд дараах мэдэгдлийг бичжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамп америкчуудад хор хөнөөл учруулахыг зорьж буй аюултай гадаад этгээдүүдээс хамгаална гэсэн амлалтаа биелүүлж байна.

Энэхүү эрүүл ухаанд суурилсан хязгаарлалт нь тухайн улс орнуудын онцлогт тохируулсан бөгөөд шалгуур хангахгүй байгаа, визний хугацааг ихээр хэтрүүлдэг, эсвэл иргэн болон аюулын талаарх мэдээлэл хуваалцдаггүй улсуудыг хамруулсан юм” гэжээ.

Ерөнхийлөгч Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ “Энэхүү жагсаалтыг тухайн улс орнууд бодитой ахиц дэвшил гаргасан эсэхээс хамааран өөрчилж болно. Түүнчлэн дэлхий дахинаа шинэ аюул тулгарч байгаа нөхцөлд шинэ улсуудыг нэмэх боломжтой.

Бидэнд хор хөнөөл учруулахаар орж ирэхийг хүсэж буй хүмүүсийг бид улсдаа оруулахгүй, Америкийг аюулгүй байлгахын төлөө юу ч биднийг зогсоож чадахгүй” хэмээн онцолсон байна.

Цагаан ордны мэдээлснээр, уг зарлиг 2025 оны зургадугаар сарын 9-ний өглөөний 12:01 цагаас хэрэгжиж эхлэх ажээ.

Трампын лхагва гаргийн зарлиг хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа албан ёсоор ажилдаа орсноос хойш тав хүрэхгүй сарын дараа ийн гарсан байна.

Тэрбээр анхны ажлын өдрөө Төрийн нарийн бичгийн дарга зэрэг Засгийн газрын гишүүдэд хандаж, виз мэдүүлэг шалгах болон аюулгүй байдлын нэвтрүүлэг хангалтгүй байгаа улсуудын жагсаалтыг гаргахыг үүрэг болгосон захирамж гаргасан байна. Энэ жагсаалт дээр үндэслэн тухайн улсын иргэд АНУ руу зорчихыг хэсэгчлэн, эсвэл бүрэн хориглох үндэслэл тавигдсан гэж дурджээ.

Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр ихэнх нь исламын шашинтай долоон улс орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон. Энэ бодлого нь тухайн үед шүүхийн маргаан дагуулсан. Улмаар 2021 онд Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа авмагцаа уг хоригийг цуцалсан билээ.

Афганистаны иргэдийг Америкт зорчихыг хориглосон энэ шийдвэр нь АНУ-ын хоёр арванд үргэлжилсэн дайны үеэр хамтран ажилласан афганчуудын хувь заяанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Трампын засаг захиргаанаас гаргасан бусад захирамжийн улмаас түм гаруй афган иргэн хэдийнэ хүнд байдалд орсон бөгөөд үүнд АНУ-ын цагаач дүрвэгсдийн хөтөлбөрийг түр зогсоосон болон Афганистаны Тусгай Цагаач Виз (SIV) эзэмшигчдийг нүүлгэн шилжүүлэх нислэгүүдэд зориулсан гадаад тусламжийн санхүүжилтийг царцаасан шийдвэрүүд хамаарч буй юм.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000