“Хааны эрэлд-2025” 24 орны цэрэг дайчид оролцож байна

Aдмин / Хууль

Энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн далбаа “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зэрэгцэн мандаж, “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль өчигдөр нээлтээ хийсэн.

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тус сургуулийн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган аливаа зөрчил, маргаантай асуудлыг улс төр-дипломатын аргаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа боловч олон улсын аюулгүй байдлын нөхцөл улам бүр ээдрээтэй, тодорхой бус, урьд өмнө тохиолдож байгаагүй шинж чанартай болж буй энэ үед улс орнуудын эв санааны нэгдэл, хамтын хариуцлага, энхийг эрхэмлэх үзэл урьд урьдаас илүү чухал болж байна. “Хааны эрэлд” олон улсын сургуулийн үйл ажиллагаа нь энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын хоорондын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал гүүр болж ирсэн. Энэ сургуулийн цар хүрээ, хамрах оролцоо, агуулга, хөтөлбөр жилээс жилд өргөжин тэлж, дэлхий нийтийн энх тайвны төлөөх бодит хувь нэмрийн илэрхийлэл болсоор байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр даян дэлхийн энхийн төлөө зорилгод нэгдэн Монгол эх оронд морилон саатсан гадаадын цэргийн алба хаагчдад сургуульдаа хамтран оролцож, мэдлэг, дадлага, ур чадвар, туршлагаа арвижуулахын зэрэгцээ нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хүртэл уламжлан хадгалж үлдсэн монгол туургатны зан заншил, ахуй соёл, түүх цадигтай танилцаж, амьдралдаа үргэлжид дурсагдах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээн эх орондоо буцаж, улс орнуудын найрамдал, эв санааны нэгдэл, нөхөрлөлийн гүүр, эрхэм дотны анд нөхөд болохыг ерөөв.

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр анх зохион байгуулагдсанаас хойш өдгөө олон улсын статустай болон өргөжиж, дэлхийн 70 гаруй орны 20 мянга орчим цэргийн алба хаагчийг хамруулаад байгаа уг сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой.


Сэтгэгдэл

Энэ маневрын нэр нь жоол утга муутай. [66.181.191.198] 2025-06-15 23:13:49

Хаанаа алдчихсан монголчууд гэж ойлгогддог. Хаанаа хэдэн жил хайж эрэлхийлэх гэсэн юмб? Одоогоор 30 гаруй жил хайчихав уу? Кх!

Монгол [202.126.89.229] 2025-06-15 13:21:02

Сургуулилалт гэж зөв бичээч ээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000