Д.Трамп Хятад, Оросын удирдагчидтай ирэх сард уулзахад бэлэн байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Оросын удирдагчидтай зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ирэх сард гурван талын хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд урьд өмнө болж байгаагүй гурван талын уулзалт зохион байгуулах боломж нээгдэж, дипломат бодлогын том алхам болох төлөвтэй байна.
“Бид цөмийн зэвсэг болон цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар ярилцана. Хэрэв Ши дарга ийм уулзалт хийхийг хүсвэл би оролцоход бэлэн байна. Мэдээж худалдаа зэрэг бусад асуудлыг ч ярилцах байх” гэж Д.Трамп Цагаан ордны гадна сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хятад, Оросын харилцаа улам ойртож буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Бээжин, Москватай "хөндийрөөд" байгаа харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна. Гэхдээ гурван улсын удирдагчдын уулзалтаар Атлантын далай дамнасан холбоотнууд, түүнчлэн Энэтхэг-Номхон далайн бүс дэх түншүүдтэйгээ тогтоосон харилцааг сулруулж болзошгүй тохиролцоог Вашингтон далдуур хийх вий гэсэн болгоомжлол Европоос Ази хүртэлх бүс нутагт үүсэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Нөгөө талаас, гурван улсын хооронд байгуулсан тохиролцоо нь дэлхийн хэмжээнд үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад тус дөхөм болж магадгүй юм. Орос, Украины дайныг зогсоох нь сүүлийн хэдэн арван жилд Европын аюулгүй байдалд учирч байгаагүй хамгийн том аюулыг арилгах боломжтой. Мөн зэвсэглэлд хяналт тавих тухай хэлэлцээр нь цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй гурван улсыг хамтын үүрэг хариуцлагаар холбоно.
Сүүлийн өдрүүдэд Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй харилцаагаа сайжруулах хэд хэдэн алхам хийжээ. Тухайлбал, дизель түлш нийлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрснээ зарласан бол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Москваг зарим гол хориг арга хэмжээнээс чөлөөлөх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрбээр мөн В.Путинтэй ойр харилцаатай байдаг Ши Жиньпинтэй мөн бат бөх харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Одоогоор Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан ёсоор Украины дайныг хурдан зогсоож хараахан чадаагүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Цагаан ордны төлөөлөгчид 11 дүгээр сарын 18-19-нд БНХАУ-д болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар гурван улсын удирдагчийг уулзуулах боломжийг хэдэн долоо хоногийн турш хэлэлцэж байгаа аж.
Харин “The Wall Street Journal” сонин ням гарагт энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, В.Путин уг уулзалтыг дөрвөн жил үргэлжилж буй Украины дайныг Москвад ашигтай нөхцөлөөр дуусгах хэлэлцээ хийх боломж болгон ашиглах санал гаргажээ. Тэрбээр 10 дугаар сарын 9-нд Д.Трамптай утсаар ярих үеэрээ энэ саналыг дэвшүүлсэн бөгөөд энэ үеэр мөн Оросын дизель түлштэй холбоотой тохиролцоонд хүрсэн байна. Кремль мөн гурван удирдагчийн уулзалтыг зохион байгуулах боломжийг утсаар ярих үеэр хөндсөн болохыг даваа гарагт баталжээ.
АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид тус тусдаа хоёр талын уулзалтууд хийж байсан боловч хамтдаа албан ёсны хэлэлцээ хийж байсан удаагүй юм.
Д.ЖАРГАЛ


.jpg)






































































Сэтгэгдэл