Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө хамгийн хурдтай нэмэгдүүлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) 56 дахь удаагийн буюу 2025 оны жилийн тайландаа цөмийн зэвсэгтэй бүх гүрэн цөмийн шинэ зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн талаар дурджээ. Энэ үйл явцад цөмийн зэвсэг бүхий АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос болон Израиль гэсэн есөн гүрэн идэвхтэй оролцож, цөмийн зэвсгийн төрлөө шинэчилж, өргөжүүлэх хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж буй юм байна.

Хятад улс жил бүр 100 цөмийн цэнэгт хошуу нэмж байна

SIPRI-гийн үзэж буйгаар, шинэ цөмийн зэвсэг байршуулах ажиллагаа эрчимжиж байгаа бөгөөд ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх цэнэгт хошууны тоо ч хуучин үзүүлэлтээ давах нь. SIPRI-гийн зэвсэг хураах хөтөлбөрийн судлаач Ханс М.Кристенсен “Дэлхий даяар цөмийн цэнэгт хошууны нийт тоог бууруулах үе шат дээр ирээд байна. Гэвч цөмийн зэвсгийн тоо нэмэгдэж, цөмийн зэвсгээр сүрдүүлэх үг хэллэг ширүүсэж, хяналтын гэрээнүүдээс татгалзах хандлага газар авч байна” гэж хэлжээ.

Хятад цөмийн зэвсгээ хамгийн хурдацтай нэмэгдүүлж байна

SIPRI-гийн шинжээчдийн тэмдэглэснээр, ялангуяа БНХАУ цөмийн зэвсгээ хамгийн эрчимтэй нэмэгдүүлж буй юм байна. 2023 оноос хойш Хятадын арми жил бүр ойролцоогоор 100 ширхэг шинэ цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэж буй бөгөөд нийт нөөц нь тун удахгүй 600-д хүрэх төлөвтэй байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Хятад улс тив хоорондын шинэ баллистик пуужингийн олон зуун байгууламж барьж байгаа нь 2020-иод оны сүүл гэхэд ОХУ болон АНУ-тай тэнцэхүйц түвшинд хүрэх магадлалтай гэж SIPRI таамаглаж байна. Энэ хурдаар үргэлжилбэл, 2035 он гэхэд Хятад 1500 ширхэг цэнэгт хошуутай болох боломжтой ч АНУ, ОХУ-ын хэмжээнээс бага хэвээр байх аж.

Хойд Солонгос ч цөмийн зэвсгээ нэмэгдүүлж байна

Цөмийн зэвсгээ өргөжүүлэх чиглэлээр Хойд Солонгос ч идэвхтэй ажиллаж байгаа ч цар хүрээний хувьд бага байна гэж SIPRI дүгнэжээ.

ОХУ, АНУ цөмийн зэвсгээ шинэчилж байна

Шинжээчид 2025 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар нийт 12241 ширхэг цөмийн цэнэгт хошуу байна гэж тооцоолжээ. Үүнээс 3900 гаруйг нь байлдааны зориулалтаар ашиглахаар байршуулсан бөгөөд үлдсэн нь шууд ашиглаж болох ч агуулахуудад хадгалагдаж буй аж.

Эдгээрийн ойролцоогоор 90 хувь нь АНУ ба ОХУ-д ногдож, тэдний цөмийн зэвсгийн давамгайллыг харуулж буй юм байна. 2024 онд хоёр улсын цэргийн нөөцийн тоо тогтвортой байсан боловч ирээдүйд тоо хэмжээ, төрөл зүйлээрээ өсөх, өргөн цар хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нь анхаарал татаж байгаа ажээ.

Зэвсгийн өрсөлдөөн 2026 оноос эрс нэмэгдэх эрсдэлтэй

SIPRI-ийн шинжээчид АНУ болон Оросын хоорондын зэвсгийн өрсөлдөөн 2026 оны хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох СНВ-III гэрээний хугацаа дууссаны дараа эрс нэмэгдэж магадгүй гэж үзэж байна. Энэ гэрээ нь одоогийн байдлаар зэвсгийн хяналтын хамгийн сүүлийн механизм аж.

Өнөөдрийн байдлаар гэрээг сунгах, эсвэл шинэчлэх хэлэлцээр явагдаагүй бөгөөд АНУ-ын тал БНХАУ-ыг уг гэрээнд оруулах шаардлага тавьж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж SIPRI үзжээ.

Дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй гол хүчин зүйлс

SIPRI-ийн тайланд тэмдэглэснээр, дэлхийн олон бүс нутагт үргэлжилж буй зөрчил, геополитикийн зөрчилдөөн, олон улсын гэрээ хэлэлцээрийн тогтвортой бус байдал нь дэлхийн аюулгүй байдлыг ноцтойгоор дордуулж, үүний улмаас дэлхий цөмийн зэвсгийн болон бусад мөргөлдөөнд өртөмтгий болж буй ажээ.

Технологиуд цөмийн зэвсгийн стратегийг өөрчилж байна

Хиймэл оюун ухаан, кибер зэвсэг, квант технологиуд нь цөмийн зэвсэг ашиглах стратегийг өөрчлөх, гэнэт мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Цөмийн зэвсэгтэй холбоотой шинэ сорилтууд

Улс орнууд цөмийн зэвсэгтэй болох, эсвэл өөрийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулах талаар илүү их ярьдаг болж байна. Беларусь улсад тактикийн цөмийн зэвсэг байрлуулах талаар Минск болон Москва хэлэлцэж буй бол НАТО-ын зарим Европын орнууд АНУ-аас цөмийн бөмбөг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Байнгын тэмцэл өрнөж байна. [66.181.191.198] 2025-06-16 18:13:15

Хятад одоо Номхон далайд ойр хавийн арлуудыг, үүнд Тайваныг өөрийн нөлөөнд оруулах, энэ бүс нутагт эдийн засгийн нөлөөгөө ихэсгэх санаатай. АНУ үүнийг эсэргүүцэж Филиппинтэй хамтарч эвсэл үүсгэсэн. Эвгүйтвэл эвгүй л зүйл Зүүн-Өмнөд Азид болох байхдаа.

Зочин [103.57.94.157] 2025-06-16 13:15:44

Хүн амаа цөөлж,газар нутагаа булаалдаж бгаад Дэлхийгээ сөнөөх бодлого түрээд бна уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000