Наран дээр хүчтэй дэлбэрэлт болжээ

ОХУ-ын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны астрофизикийн лаборатори Telegram сувгаараа дамжуулан “Нарны дэлхийд хамгийн их нөлөө үзүүлэх бүсэд шөнийн цагаар хүчтэй дэлбэрэлт боллоо” гэж мэдээлжээ.
Тус мэдээлэлд “Москвагийн цагаар шөнийн 01:00 цаг орчим (Улаанбаатарын цагаар 05:49 цаг/-д Наран дээр X зэрэглэлийн буюу хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн. Урьдчилсан үнэлгээгээр, энэ нь X1.2 түвшнийх байсан бөгөөд дэлбэрэлтийн оргил үе 00:49 цагт тохиосон” гэж дурдсан байна.
Дэлбэрэлт №4114 бүсэд болсон бөгөөд энэ бүсэд зургадугаар сарын 15, 16-нд M8.4 ба M6.3 зэрэглэлийн хамгийн хүчтэй хоёр дэлбэрэлт бүртгэгджээ. Одоогийн байдлаар идэвхтэй бүс дэлхийд нөлөөлөх бүсэд, Нарны төв меридианы ойролцоо байрлаж байгаа аж.
Судлаачид “Одоогийн байдлаар ямар нэгэн батлагдсан мэдээлэл байхгүй байна. Нарны ойр орчныг ажиглах сансрын коронаграфын харааны талбарт ялгаруулсан плазма дэлбэрэлтээс хойш дор хаяж нэг цагийн дараа л харагдах бөгөөд үүнээс хойш хөдөлгөөний чиглэлийг түр үнэлэх боломжтой болно. Одоогийн байдлаар ялгаруулалт болсон эсэх бүрэн батлагдаагүй байна” хэмээн хэлжээ.
Наран дээр болж буй дэлбэрэлтүүдийг цацраг идэвхт туяаны ялгаралтаас хамааруулан A, B, C, M ба X гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна. Хамгийн доод ангилал буюу A0.0 нь Дэлхийн тойрог замын 1 хавтгай дөрвөлжин метр талбайд 10 нВт хэмжээний туяа ялгарч буйг илэрхийлдэг аж.
Зэрэглэлийг заасан нэг үсэгнээс нөгөө үсэгт шилжихэд туяаны хүч 10 дахин нэмэгддэг ажээ. Наран дээр дэлбэрэлт болсноор плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсгэдэг байна.
Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл