Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ.
Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ.
Энэ жилээс нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болгон өргөн агуулгатай зохион байгуулж байна.
Тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжсөөр байна. Зуун жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлал, өв соёлын наадам “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг эргэн сэргээж, соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн болгон хөгжүүлснээр Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах томоохон брэнд болно гэдэгт итгэлтэй байна.
Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, бидний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх чухал арга хэмжээ болохын хувьд ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээв.
Уг наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн зохион байгуулж буй.
Мөн энэхүү наадамд Улаанбаатар театрын “Монгол туургатан” болон есөн дүүргийн ардын авьяастнууд оролцож, ая дуу, бүжиг наадмаа үзэгчдэдээ хүргэхээс гадна монгол хувцасны үзүүлбэр үзүүлж, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг дэлгэж байгаа юм.
Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин, соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байна.
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл