Г.Дамдинням: Жил бүр гадагшилдаг 1.7–2 тэрбум долларын валютын урсгалыг дотооддоо шингээнэ

Aдмин / Эдийн засаг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр "Алтанширээ суманд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй хамгийн том аж үйлдвэрийн мега төсөл юм.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн үйлдвэрийн төдийгүй улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий ажил болж байна. Өнөөдөр төслийн үйл ажиллагаа амжилттай урагшилж, олон төрлийн бэрхшээлийг даван туулсаар байна.

Одоогийн байдлаар 2700 гаруй энэтхэг мэргэжилтэн, 160 орчим монгол ажилтан буюу нийт 3000 орчим хүн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд түүхий тос хүлээн авах байгууламж, эцсийн бүтээгдэхүүний агуулахууд зэрэг гол байгууламжуудын бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна.

Төслийн хүрээнд Монголд урьд өмнө нь баригдаж байгаагүй 45 м³ багтаамжтай савууд, олон улсын стандартын галын аюулгүй байдлын систем, шатахуун хадгалах сав, дамжуулах хоолойн иж бүрдэл зэрэг шинэ техник, технологи нэвтэрч байгаа нь Монгол инженерүүдийн мэдлэг, туршлагыг шинэ төвшинд хүргэж байна. Иймээс техникийн олон асуудлууд гарч буй ч тэдгээрийг шийдвэрлэх ажил тасралтгүй үргэлжилж байна.

2024 оны хоёрдугаар сард УИХ-аас төслийн нэмэлт санхүүжилтэд зөвшөөрөл олгосон. Тус төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд санхүүжиж байгаа бөгөөд энэ талаар буруу ташаа мэдээлэл нийгэмд түгэх нь бий. Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд бодитой, үнэн зөв мэдээллийг иргэддээ тогтмол хүргэх бодлого барин ажиллаж байна.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гадаад улсаас хамааралтайгаар хангаж ирсэн. Энэ нь геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай энэ үед аюулгүй байдал, эдийн засгийн хувьд томоохон сорилт болж байна.

Харин уг үйлдвэрийн хүчин чадлаар дотоодын хэрэглээний 53–70 хувийг хангах боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсаас жил бүр гадагшилдаг 1.7–2 тэрбум ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх нөхцлийг бүрдүүлж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.7 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Монголын экспортын жилийн орлоготой дүйцэхүйц хэмжээний төсөл юм.

Үүний үр дүнд Монгол Улс валютын нөөцөө хамгаалж, эдийн засгийн дархлаагаа сайжруулах бодит нөхцөл бүрдэнэ. Үйлдвэр жилд 1.5–1.7 сая куб метр түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Одоогоор БНХАУ-ын хайгуулын компаниуд болон “Петро Чайна Дачин Тамсаг" компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрүүд үргэлжилж байна.

Мөн татвар, зохицуулалттай холбоотой асуудлуудыг Сангийн яамтай уялдуулан шийдвэрлэж байгаа бөгөөд эрэл, хайгуулын ажлыг улам эрчимжүүлэхээр ажиллаж байна. Монголын газрын тос нь чанар, бүтэц талаасаа төрөл бүрийн онцлогтой тул тусгай тохируулгын үйлдвэр баригдаж байна. Энэ нь өртөг зардалд нөлөөлж байгаа ч урт хугацаандаа технологийн хувьд илүү оновчтой шийдэл юм.

Бүтээгдэхүүн тээвэрлэх зорилгоор тусгай төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал шийдэл болж байна. Бүх дэд бүтцийн төлөвлөлт нь төслийн цогц, стратегийн шинж чанарыг илтгэж байна. Төслийн хүрээнд 2000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно. Энэ нь зөвхөн инженер, техникийн ажилчдаар зогсохгүй хамгаалалт, хүнсний нийлүүлэлт зэрэг өргөн хүрээг хамарна.

Мөн үйлдвэрийн технологийн 500 гаруй ажилтан Монголд бэлтгэгдэж, олон улсын стандартын дагуу чадавхижин, дэлхийн газрын тосны салбарт ажиллах боломжтой болох юм. Тэдгээр мэргэжилтнүүдийг ШУТИС, дотоодын бусад инженерийн сургуулиудтай хамтран, БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон Ашигт малтмал, газрын тосны газрын сургалтын сангийн дэмжлэгтэйгээр сургаж, хөгжүүлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд онцгой хувь нэмэр оруулах, ирээдүйн өсөлт, хөгжилд чиглэсэн стратегийн бүтээн байгуулалт юм. Төсөл амжилттай хэрэгжсэнээр зөвхөн нэг үйлдвэр барих асуудал бус, шинэ стандарт, шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ эдийн засгийн эх үүсвэрийг бий болгож буй цогц хөтөлбөр гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэхүү их үйлсэд оролцож буй нийт инженер, ажилчид, БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсын холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье. Бүгдээрээ хамтдаа Монгол Улсыг импортын шатахуунаас хараат бус болгож, дэлхийн дараагийн нефть боловсруулагч улс болгох зорилгын төлөө урагш алхаж байна" хэмээн хэлэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.