Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт өсөлт 3.6 нэгж хувийг дангаараа бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар нь 2023 онд -8.9 хувь, 2024 онд -28.7 хувь болж буураад байсан бол 2025 оны эхний долоон сарын байдлаар 3.6 хувийн өсөлттэй байгаа юм.
2023-2024 онд тохиосон зудын улмаас ихээхэн хохирол амссан хөдөө аж ахуйн салбар богино хугацаанд сэргэсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эхний долоон сарын байдлаар өмнөх оноос 9.3 хувиар буурч, борлуулалт нь 1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагт уул уурхайн хэт хамаарлын эрсдлийг дахин сануулж байгаа талаар эдийн засагчид онцоллоо.
Засгийн газар 2026 оны төсвийн төсөлдөө эдийн засгийн өсөлтийг 5.5 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, цаг уурын өөрчлөлт, зах зээлийн хэлбэлзэлд тэсвэртэй, дотоодын хүнсний хангамжийг баталгаажуулахуйц хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй бий болсоныг харуулж байгаа билээ. Ийнхүү хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн уламжлалт амьжиргааны эх үүсвэр бус, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс болон төлөвшиж эхэлсэн нь энэ.
Монгол Улс зөвхөн мал аж ахуйд тулгуурлахаас илүүтэйгээр хүнсний боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон талаар шинжээчид онцолж байна. Ингэснээр ХАА зөвхөн амьжиргааны эх үүсвэр биш, эдийн засгийн жинтэй тулгуур багана болон төлөвших боломжтой юм.
Сэтгэгдэл