Ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ

Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
ОУСК-аас хэрэгжүүлэх энэ судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Судалгааны хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар ХХААХҮЯ-нд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авчээ.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулсан байна.
Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэлийн хэмжээ 8500 тонн гэсэн статистик байдаг. Монгол ноолуур чанараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд шалтгаан нь нарийн ширхэгтэй, элдэв хольцгүй, маш зөөлөн, удаан эдлэх, уян хатан чанартай, байгальд бэлчээрлэдэг тул химийн бодисгүй органик бүтээгдэхүүн болдогтой холбоотой юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.96] 2025-08-28 20:48:45
Монголын бүх ноолуур Хятад руу гардаг юм. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг зардаг
Зочин [66.181.177.96] 2025-08-28 20:47:42
Монголын бүх ноолуур Хятад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцсануудыг зардаг.