Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Aдмин / Эдийн засаг

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд өнөөдөр (2025.09.05 танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт эдийн засгийн бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, олон улсын болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцав.

Энэ үеэр Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Мөнгө, сангийн бодлого ба макро зохистой бодлого”, “2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”, “Монгол Улсын макро эдийн засгийн орчин, тулгамдсан асуудал ба шийдэл”, “2026 оны эдийн засгийн төсөөлөл” зэрэг илтгэлүүдийг танилцууллаа.

Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байна. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, давхар зээлтэй иргэдийн нэмэгдэл зэрэг эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдалд эмзэг байдал үүсгэж байгааг илтгэгчид онцолж байв.

Иймд Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн 6 хувийн инфляцын зорилтыг 2027 оноос буюу дунд хугацаанд бууруулж 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Харин банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд банкны өөрийн хөрөнгийн бүтцийг төрөлжүүлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг шинэчлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ зэргийг авч хэрэгжүүлэхээр мөнгөний бодлогын баримт бичигт тусгалаа.

Монголбанк нь энэхүү Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барьдаг бөгөөд 2017 оноос хойш олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж буй юм.


Сэтгэгдэл

ЗАЙЛУУЛ ЭДНИЙГ [103.57.93.105] 2025-09-05 14:23:50

БОДЛОГО БАС ТЭГЭЭД ҮНДСЭН ЧИГЛЭЛ ГЭНЭ ЭЭ, ХА ХА. "БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ" ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БОЛОО?????? POLICY GUIDELINESS ?????? ЖИЛ БҮР ИНГЭЖ УЛИГЛАДАГ, ХЭРЭГЖСЭН ЮМ БАЙХГҮЙ УЛАМ ДООГУУР ҮЗҮҮЛЭЛТ ГАРГАДАГ ХОГИЙН МАЛУУД ШҮҮДЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.