ХААН Банкны өсөлт, амжилтын туршлагаас Коучинг хөтөлбөрийг онцлох нь

Aдмин / Эдийн засаг

Банк санхүүгийн салбарын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг ХААН Банкаар 10 өрх тутмын найм нь үйлчлүүлдэг билээ. Тиймдээ ч ХААН Банкны өнөөгийн амжилт, тэргүүлэгч байр суурийг салбарынхан төдийгүй нийгэм, олон нийт хүлээн зөвшөөрдөг. Монголын анхны 20 их наяд давсан активтай, бүх сум суурин газарт салбар нэгжтэй, олон мянган ажилтан, 30,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компани болоход өнгөрсөн 34 жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд, харилцагчдын итгэл, технологийн дэвшил гээд олон хүчин зүйлс нөлөөлсөн нь дамжиггүй. Харилцагч, хувьцаа эзэмшигчид, бизнесүүд ажилтнуудтайгаа хамтдаа өсөн дэвжих эрхэм зорилготой ХААН Банкийг өнөөгийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн онцлох ажлуудаас та бүхэнд хүргэж байна. Энэ удаад ХААН Банканд Коучинг (Coaching)-ийн соёл, хөтөлбөрийг амжилттай нутагшуулж, байгууллагын үйл ажиллагаа, зорилтод хувь нэмэр оруулж байгаа тухай туршлагыг хуваалцаж байна.

Коучингийн суурийг тавьсан нь

ХААН Банк 2019 онд удирдах ажилтнуудынхаа сургалт хөгжлийн бодлогын хүрээнд Коучингийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Уламжлалт удирдлагын арга барил, манлайллын мөн чанар хувьсан өөрчлөгдөж эхэлсэн тэр цагт коучинг буюу зөвлөн туслах арга барилыг PWC зөвлөх компанитай хамтран туршилт хэлбэрээр хэрэгжүүлж, удирдах ажилтнуудыг ганцаарчилсан болон багийн Коучингийн хөтөлбөрт хамруулж эхэлсэн юм. Ингэхдээ PWC компанийн Монгол дахь PwC Academy-ийн олон улсын коучинг хийх эрх, зөвшөөрөлтэй коуч багш удирдан явуулж, дэлхийн жишигт нийцсэн түвшинд суурийг нь тавьсан юм. Уг туршилт амжилттай хэрэгжиж, үр ашгаа өгсөн тул банкнаас “Ажлын байран дахь коучинг хөтөлбөр”-ийг тогтмол хэрэгжүүлж эхэлсэн. Банкны хэмжээнд коучингийн арга барилыг хэрэгжүүлж эхэлснээр ажилтны ур чадвар, нөөц бололцоог нээн илрүүлж, сургаж хөгжүүлэн улмаар байгууллагын бүх төрлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.

2019 оноос эхлүүлж байсан хөтөлбөр өдгөө ХААН Банкны соёлын нэг хэсэг болж, карьер хөгжил, сургалт, удирдах арга барил хийгээд хүний нөөцийн бүхий л бодлого, журам, процесстой уялдан хөгжиж байна. Коучинг хөтөлбөрийг дараах гол чиглэлд түлхүү хөгжүүлж байна. Үүнд:

  • Удирдах албан тушаалтнуудын хувьд коучингийн арга барилаар ажиллаж, багийн гишүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх, үр дүнтэй удирдах арга барилд сургах манлайллын хөгжил сургалт хэлбэрээр,
  • Ажилтан багийн гишүүдийг коучинг хөтөлбөрт хамруулснаар тэд өөрсдийн нөөц бололцоог нээж илрүүлэн мэргэжлийн ур чадвар, итгэл үнэмшил карьер хөгжил зорилгоо тодорхойлж, багийн үнэ цэнтэй гишүүн болоход хувь нэмэр оруулах ажилтны өсөлт хөгжилд туслах хэрэгсэл хэлбэрээр,
  • Багийн гишүүдийн ажлын явц, сорилт, карьер хөгжлийн зорилго чиглэлийн тухай ганцаарчлан ярилцах, сонсох, дэмжих, багийн гишүүдэд бие даан шийдвэр гаргах боломжийг олгодог соёлыг төлөвшүүлэх зэргийг дурдаж болно.

Амжилтын гол стратегиуд

Ажилтан бүрийг аз жаргалтай, үр бүтээмжтэй ажиллуулах зорилгоор ХААН Банк олон хөтөлбөр санаачилга хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эцсийн үр дүнг нь үзэх, байгууллагын амжилт, ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлэх хүртэл тууштай байх, тогтмол сайжруулах, стратеги бодлогын уялдаа холбоог хангах зэргээр дараах гол стратегиудыг хэрэгжүүлж ирсэн.

Коучинг хөтөлбөрийг урт хугацаанд үр өгөөжтэй байлгахын тулд дараах стратегийг ХААН Банк хэрэгжүүлсэн:

  1. Дотоод коучуудыг бэлтгэх

Коучингийн арга барилаар манлайлах үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор банкны ажилтнуудыг коуч болгон бэлтгэсэн байдаг. Ингэснээр зөвхөн нэг удаагийн хөтөлбөр бус, тасралтгүй хөгжих тогтолцоо бий болж буй. Коуч бэлтгэх сургалтыг банк дотроо зохион байгуулж, дадлагажуулан туршлагатай зөвлөх, коуч нараар удирдуулсан баг ажиллаж, дотооддоо коучийн чадамжийг бий болгон ажиллаж байна. Ташрамд дурдахад коучингийн албан ёсны эрхийг олон улсын мэргэжлийн байгууллагаас авсан коуч Монгол Улсад цөөн байдгаас ХААН Банканд ийм мэргэшсэн коуч нар ажиллаж буйг дурдахад таатай байна.

  1. Хүний нөөцийн удирдлагатай уялдуулах

Хүний нөөцийн удирдлагад коучингийн зарчим, арга барилыг нэвтрүүлснээр байгууллагын эерэг соёл бий болох, амжилттай баг хамт олон бүрдэх, нээлттэй харилцаа холбоог эрхэмлэсэн, өндөр бүтээмжтэй ажиллах орчин бүрдэх зэргээр олон эерэг нөлөө үзүүлж байна. Мөн ажилтнуудын дуу хоолойг нээлттэй сонсож, тэдний сэтгэл ханамж, ажилтны туршлагыг (employee experience) тодорхойлох, ажилтны карьер төлөвлөх, гүйцэтгэлийн үнэлгээ, ажилтны хөгжил зэрэгт коучингийн арга барилыг тусгасан нь хамт олны амжилтад эерэг нөлөө үзүүлсэн юм.

  1. Удирдлагын дэмжлэгийг хангах

Гүйцэтгэх удирдлагаас энэхүү хөтөлбөрийг эхнээс нь тууштай дэмжиж, урт хугацаанд тогтвортой ач холбогдлыг нь онцолж ирсэн. Үүний үр дүнд коучингийг байгууллагын үндсэн соёлын нэг хэсэг болгож чадсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн байгууллагын ажилтнуудад зориулсан бүх төрлийн арга хэмжээ, аян зэрэгт коучингийн агуулга, арга барилыг тусгахад анхаарч ирсэн байдаг.

  1. Тогтмол сайжруулалт хийх

Коучингийн үр дүнг үнэлж, тасралтгүй сайжруулахын тулд оролцогчдоос санал хүсэлт авч, гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хэмжиж эхэлсэн. Ингэснээр тухайн арга барил ажилтнуудад хэрхэн эерэг нөлөө үзүүлж буйг тогтмол хянах, сайжруулалт хийх боломж бүрдсэн юм.

Үр дүн ба ирээдүйн хандлага

2019 оноос хойш хэрэгжүүлсэн, ХААН Банкны коучинг хөтөлбөрийн үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, багаар ажиллах чадвар, бие даан шийдвэр гаргах хандлага мэдэгдэхүйц дээшилсэн гэдгийг ажилтнуудын дунд явуулсан судалгаа болон банкны удирдлагууд онцолдог. Удирдлагуудын зүгээс ч илүү дэмжих, чиглүүлэх арга барилд суралцаж, байгууллагын тогтвортой өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна.

Цаашид ХААН Банк хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ, дижитал хэрэгслүүд, хувь хүний онцлогт тохирсон коучингийн төлөвлөгөө зэрэг шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр ажилтнуудыг ирээдүйд бэлтгэгдсэн, уян хатан, бие даасан болгож, Монголын бизнесийн салбарт коучингийн жишиг тогтоохоор ажиллаж байна.

ХААН Банк ажилтнуудаа байнга хөгжүүлж, дотоодын хүний нөөцийн чадавхийг өсгөхөд хөрөнгө оруулалт хийснээр Монголын санхүүгийн салбарт шинэ соёл бүрдүүлж байна гэж хэлж болно. 2019 онд эхэлсэн энэхүү санаачилга өнөөдөр амжилтын түлхүүр хүчин зүйлүүдийн нэг болж, байгууллагын үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж буй юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.41] 2025-09-24 20:47:14

Худлаа ярьсан юмнуудаас салах хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.