Н.Наранбаатар: Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ эв нэгдлийг хангах бус, бүлгээ хуваах ажил хийсэн

Aдмин / Улстөр

УИХ дахь Монгол Ардын Намын (МАН) бүлгийн дотоод зөрчил гүнзгийрч, эв нэгдэл алдагдаж эхэлсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байна.

Энэхүү зөрчлийн төвд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, түүний удирдлагын арга барил, эв нэгдлийг хангахгүй байгаа талаарх гомдол, шүүмжлэл яригдаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Түүний мэдээлснээр, 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж, бүлгийн хурлыг 16:00 цагт яаралтай хуралдуулахыг шаардсан байна.

Гэвч Ж.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, “эвлэрэх ажлыг үргэлжлүүлж байгаа, хурал дээр хэрүүл маргаан үүсэхээс сэргийлж” 12:00 цагт хуралдааныг товлосон гэж тайлбар өгчээ.

Үүний дараа шаардлага хүргүүлсэн гишүүд танхимд цугларч, даргаа хүлээсэн ч тэр ирээгүй тул дэд дарга нартай уулзаж, улмаар өөрсдийн санаачилгаар бүлгийн хурлыг зохион байгуулсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдэгдэв.

Тэрбээр улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үндэс нь намын эв нэгдэл, бүлгийн зохион байгуулалттай шууд холбоотой бөгөөд удирдлагын түвшинд эв нэгдэлгүй байдал бий болсон нь эрсдэлтэй алхам болохыг онцолсон.

Н.Наранбаатарын хэлснээр, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн намаас байгуулагдсан, Бага хурлаар дэмжигдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагад өөрөө гарын үсэг зуржээ.

Энэ нь намаа дотроос нь сулруулах, Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх алхам гэж үзэж буйгаа Н.Наранбаатар илэрхийлсэн юм. Тэрбээр МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангах бус, эсрэгээрээ хагалан бутаргах алхам хийж байна хэмээн Ж.Бат-Эрдэнийг буруутгав.

Эдгээр үйл явдлуудын үр дүнд МАН-ын бүлэг дотооддоо хоёр хэсэгт хуваагдсан нь тодорхой болж, нийт 33 гишүүн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах саналд гарын үсэг зурсан болохыг Н.Наранбаатар мэдэгдээд буй юм.

Тэрбээр Ж.Бат-Эрдэнийг намын бүлгийг удирдах чадамжгүй, эв нэгдлийг сэргээх бус харин зөрчил үүсгэж буй "этгээд" хэмээн дүгнэв. Мөн Ардын нам олонхийн суудалтай улс төрийн хүчин болж, төр барьж буй энэ үед бүлгийн зохион байгуулалт алдагдаж, удирдлагад итгэл хүлээхгүй байх нь Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Энэ бүх маргааны голд байгаа Ж.Бат-Эрдэнэ 2025 оны зургадщдугаар сарын 23-нд МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон. Гэвч хэдхэн сарын дотор ийм хэмжээний үл итгэлцэл, дотоод маргаан үүсч, түүнийг огцруулах асуудал яригдах болсноор Ж.Бат-Эрдэнийн удирдах ур чадвар, улс төрийн байр сууринд хүнд сорилт тулгарч буйг ажиглагчид онцолж байна.

Н.Наранбаатар “Бид 2024 оны сонгуулиар ялалт байгуулсан, төрийн албыг хариуцаж буй улс төрийн хүчин. Бид төрийн албан хаагчид. Нийт иргэдийнхээ итгэл найдварыг биелүүлж, эх орныхоо төлөө эв нэгдэлтэй ажиллах ёстой” хэмээн онцлон хэлээд, бүлгийн дотоод зөрчлийг нам дотроо шийдвэрлэхийг уриалжээ.

Үүсээд буй нөхцөл байдалд МАН-ын бүлэг эв нэгдэл, хариуцлагаа эргэн харж, төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц маргаан зөрчлийг түргэн хугацаанд шийдвэрлэх шаардлагатай болж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.