БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Японы Ерөнхий сайд мэдэгдлээ
БНАСАУ-ын удирдагч Кин Жөн Унтай биечлэн уулзаж, хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн зууны 70-аад онд Умард Солонгосын тагнуулуудад хулгайлагдсан япон иргэдийн асуудалд зориулсан үйл ажиллагааны үеэр энэ тухай мэдэгдсэн байна.
“Дээд түвшний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа би Умард Солонгосын талд мэдэгдсэн” гэж тэрбээр хэлээд, хулгайлагдсан иргэдийн асуудлаар бодитойгоор ахиц гаргаж, Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэхийг хүсэж буйгаа онцолсон байна.
Хулгайлагдсан иргэдийн асуудал нь албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй байгаа хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм. 2002 онд Умардын Солонгосын тал Японы 13 иргэнийг хулгайлсныг хүлээн зөвшөөрч, тэднээс 5-ыг нь эх оронд нь буцаасан юм. Харин үлдсэн иргэдийг нас барсан гэж мэдэгдэж, тэдний ар гэрт шарилын үлдэгдлийг илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг баталгаажуулж чадаагүй байна. 2014 оны тавдугаар сард хоёр улсын засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг дахин мөрдөн шалгахаар тохиролцсон боловч хариуцсан комиссыг Пёньяны санаачилгаар тараажээ.
БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр мэдэгдэхдээ, Пёньян Токиотой хэлэлцээ хийхээс татгалзаж байна гэсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Умард Солонгосын тал мөн хулгайлагдсан иргэдийн талаар Токиогийн баримталж буй байр суурийн улмаас тухайн үед Японы Ерөнхий сайд байсан Кишида Фүмио, Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах сонирхолгүй байгааг онцолж байв. Японы тал “цөмийн болон пуужингийн асуудал” гэх мэт хэллэгийг ашиглан БНАСАУ-ын бүрэн эрхт байдлыг эргэлзээтэй болгох гэж оролдож байна гэж Ким Ё Жон цохон тэмдэглээд, хулгайлагдсан япон иргэдийн асуудал аль хэдийн шийдэгдсэн хэмээн дахин мэдэгдэж, Пёньяны байр суурийг Токио хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгааг онцолсон байна.






















































.jpeg)









Сэтгэгдэл