Увс, Ховд аймагт шинэ бага сургуулиуд үүдээ нээхэд бэлэн боллоо
Монгол орны алслагдсан бүсийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах зорилго бүхий “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар ХААН Банк болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд шинээр баригдсан 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулиуд энэ сарын 14-нд Увс аймгийн Давст сумын Боршоо боомтод, 15-нд Ховд аймгийн Үенч сумын хилийн дугаар заставт тус тус үүдээ нээхэд бэлэн болоод байна. Ашиглалтад орж буй хоёр барилгын зураг төсөл болон барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэлээ.
Тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх нь хүүхэд бүрийн үндсэн эрх байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 1,575 багийн дөнгөж 44-т нь бага сургууль байдаг бөгөөд 36,000 гаруй хүүхэд жилийн 9 сард гэр бүлээсээ хол суралцаж байна гэсэн статистик бий.
Иймд төв суурин газраас алслагдмал бүс нутагт амьдарч буй 6-10 насны бяцхан үрсийг гэрийнхээ ойролцоо суралцах нөхцөлөөр хангах зорилгоор энэхүү “Багийн бага сургууль” төслийг хэрэгжүүлж, зөвхөн хичээл заах сургалтын орчин төдийгүй хүүхдийн хөгжлийн иж бүрэн нөхцөлийг бүрдүүлсэн, байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгууламж барьж буй юм. Өөрөөр хэлбэл, тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд эрүүл хоол бэлтгэх зориулалтын гал тогоо, урлаг болон спортын танхим, Starlink өндөр хурдны интернэттэй цахим орчин, хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэл бүхий ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг нь иж бүрэн шийдэж өгснөөрөө онцлог юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртэйгээ ойр, орон нутгийн дэмжлэгтэй орчинд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй. Харин ХААН Банкны хувьд дээрх хоёр сургуулиас гадна Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудын барилгыг бүрэн санхүүжүүлж буй юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй билээ.
ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 16 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн буй. Энэ удаа “Боловсрол- Хүүхдийн ирээдүй” уриан дор алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохоор, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөхөөр ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк





























































Сэтгэгдэл