Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа

Aдмин / Эдийн засаг

Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений дүн бүхий Самурай бондыг амжилттай гаргалаа. Уг бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities Inc. андеррайтераар ажиллаж, Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай хаагдсан байна.

Энэхүү чухал үйл явдлыг баталгаажуулан Голомт банк, Sumitomo Mitsui Banking Corporation, SMBC Nikko Securities inc. төлөөллүүд 2025 оны 11-р сарын 26-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 12 дугаар зөвлөлдөх уулзалт”-ын үеэр ёслол хүндэтгэлтэйгээр гарын үсэг зурлаа.

(Зүүн гар талаас SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа; Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг; Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар; Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ямада Кэнжи; Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като)

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

"Голомт банк нь SMBC банкны баталгаатайгаар АА-зэрэглэлтэй Самурай бондыг амжилттай гаргалаа. Ингэснээр бид Япон улсын нийт 30 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татаж чадсан бөгөөд цаашид Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын төлөөллүүдэд Япон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах гүүрийг нээж өгсөн гэдэгт итгэлтэй байна."

Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като:

“Бид Голомт банкны хувьд чухал үйл явдал болсон Самурай бондыг Японы хөрөнгийн зах зээлд амжилттай гаргахад батлан даагчаар ажилласандаа баяртай байна. Энэхүү онцлох үйл явдал нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, цаашид Японы зах зээлд өргөжин тэлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.”

SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа:
"Самурай бондын арилжаанд Японы талаас хөрөнгө удирдлагын компаниуд, бүс нутгийн хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон банкууд зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон нь Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлж буй эрэлт өндөр байгааг тодорхой харууллаа. Мөн энэхүү хэлцэл нь Монгол төдийгүй Азид шинэ жишгийг тогтоож, Японы бусад хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээл рүү нэвтрүүлэх суурь боллоо."

Голомт банкны Самурай бондоор татсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээгээр дамжин хүрнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.