Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар болжээ.
Засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болж байгаагийн нэг нь энэхүү багц хууль юм байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна зөвшөөрлийн тухай, татварын хөнгөлөлт хийгээд даатгалын тухай, худалдааны тухай гээд дагалдах 9 хуульд мөн гар хүрнэ. Эдийн засаг, бизнесийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсний үндсэн дээр эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.
Тухайлбал, нийгэмд хамгийн том хүлээлт үүсгээд буй Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч суурь хуулийн төсөлд дөрвөн гол асуудлыг тусгасан байна. Үүнд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн үйл ажиллагаа чөлөөтай эрхлэх үндсэн зарчмуудыг тунхаглаж, хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгжүүд чөлөөтэй эрхлэх боломжийг нээж өгнө. Шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Төрөөс хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалж, баталгаажуулна.
Өөрөөр хэлбэл төрийн аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалахад чиглэнэ. Энэ хүрээнд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог сайтар хязгаарлаж өгчээ. Төр үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигтай холбоотойгоос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй, хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, дүрэм, журам батлахыг хориглоно. Харин төрөөс бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх чиглэлээр хууль, журамд тогтмол үнэлгээ хийж, бизнесийн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна. Мөн хяналт, шалгалтын давхардлыг арилгана. Бизнес эрхлэгчдээс гарч байгаа санал, шүүмжлэл, гомдлыг шуурхай шийдвэрлэнэ.
Энэ мэт бизнес эрхлэгчид хийгээд бизнесийн орчныг хамгаалсан олон зохицуулалт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд туссан байна. Товчхондоо хөрөнгө оруулалт, бизнесийн эрх чөлөө, эд хөрөнгийн халдашгүй дархан байдал, бизнесийн нэр хүндийг хамгаалах хуулийн төсөл ийнхүү парламентын босгоор давахад бэлэн болжээ.
Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль, үүнээс гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хууль байдаг аж. Засгийн газар эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус, тогтворгүй, шүүхийн бус зарчмаар хувийн өмчид халддаг, бизнесийн маргааныг шийдэх шүүхийн процесс хэт удаан, бүх шатанд давхардсан олон зөвшөөрөл шаарддаг, хязгаарлалтууд өндөр, төрийн зарчимт байдал сул гээд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг дурдвал төртэй холбоотой, төрийн байгууллагуудаас шалтгаалах хүнд суртал дарамт их. Тиймээс хамгийн багадаа 1000 журмыг өөрчлөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийхээр болжээ.
Ингэж төр эдийн засаг дахь оролцоогоо багасгаснаар хувийн хэвшлийн орон зай тэлж, эдийн засаг эрүүлжинэ.













-104035-641377337.jpeg)



















































Сэтгэгдэл