Ливийн армийн Жанжин штабын дарга нисэх онгоцны ослоор амиа алджээ
Ливийн армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба бусад дөрвөн хүн сууж явсан нисэх онгоц осолдсон шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн тухай Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдлээ. Үүний тулд Ерөнхий прокурорын орлогчийн удирдлага дор дөрвөн прокуророос бүрдсэн мөрдөн шалгах багийг байгуулсан байна.
Өчигдөр орой 20:10 цагт Туркийн нийслэл Анкара хотын Эсенбога нисэх онгоцны буудлаас хөөрсөн Falcon 50 загварын жижиг нисэх онгоц 20:52 цагт радарын дэлгэцнээс алга болсон байна.
Онгоц Анкарагаас өмнө зүгт 70 км-ийн зайд орших Хайман дүүргийн Кессиккавак тосгоны нутагт, уулархаг газарт осолдон сүйрснийг тогтоосны дараа цагдаа нар, гал сөнөөгчид, эмч нарын багууд уг газар руу хөдөлжээ. Хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба түүнийг дагалдан явсан төлөөлөгчид онгоцны ослоор амиа алдсантай холбогдуулан Ливийн засгийн газар улс орон даяар гурван хоногийн гашуудал зарласан байна.
Энэ өдрүүдэд төрийн далбааг бөхийлгөж, албан ёсны ба баяр ёслолын бүх арга хэмжээг цуцлах юм. Тус улсад 24-25-ны өдрүүдэд Италийн ноёрхлоос чөлөөлөгдөж, Тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойг тэмдэглэх гэж байжээ.
Ерөнхий сайд Абдулхамид Дибейбе хэлэхдээ “энэхүү осол нь манай улс, зэвсэгт хүчин, бүх ливичүүдийн хувьд хүнд гарз хохирол боллоо. Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хариуцлага, сахилга батын үлгэр жишээг үзүүлж байсан хүмүүсээ бид алдлаа” гэв.
Б.Адъяахүү






























































Сэтгэгдэл