Хоёр гарааны дараа Э.Халиунболд 13, П.Мөрөн 29 дүгээрт жагсаж байна
Саудын Арабт үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн хоёрдугаар гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу 504 км замд боллоо.
Нийт замын 400 км-т нь уралдааны цаг тооцжээ. Энэ өдрийн уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундээр нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу урагшилсан бол “Ралли-2” ангилалдаа 13 дугаарт жагсаж байна. Тэрбээр уралдааны дараа ярихдаа “Чулуу ихтэй, элс харьцангуй бага, зам нэлээд чанга байна. 101 дэх км-ээс дэлгэц ажиллагаагүй болоод унтарсан. Түүнээс болж бага зэрэг цаг алдлаа. Сүүлийн 200 км-т жигд явахыг хичээсэн. Дараагийн уралдаандаа илүү сайн уралдахыг хичээх болно” гэв.
Харин манай хоёр дахь тамирчин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн энэ удаад алдаа гаргалгүй, тогтвортой уралдан, өмнөх байрлалаа урагшлуулж чадлаа. Түүний хувьд 5 цаг 18 минут 10 секундийн амжилтаар 29 дүгээр байрт бариалав. Ингэснээр нийлбэр дүнгээр 45, “Ралли-2” ангилалдаа 32 дугаарт жагсаж эхэллээ. Уралдааны дараа П.Мөрөн “Нэгдүгээрт сэтгэлийн хүчээр, хоёрдугаарт дугуй сайн тулдаа хоёр дахь гарааг амжилттай тууллаа. Элс, хайрга хосолсон зам дээр том бул чулуунууд олноор тааралдсан нь уралдааныг илүү техникийн, болгоомжтой байлгах шаардлагатай болгож байна. Замын хувьд тамирчдаас өндөр төвлөрөл шаардсан хүнд нөхцөлтэй байлаа. Хойшид алдаа бага гаргаж, жигд явахаар төлөвлөж байна. Бэртэл гэмтлээс ангид байхыг хичээх болно” хэмээн ярилаа.
Мотоциклийн ангиллыг хоёр гарааны дараа Австралийн Даниел Сандерс тэргүүлж байгаа бол Испанийн Эдгар Кэйнет, Америкийн тамирчин Рикки Брэйбек нар удаалж байна. Хоёр дахь өдрийн уралдааны автомашины ангилалд “Тоёота” багийнхан үнэмлэхүй амжилт үзүүлж, эхний таван байрыг эзэлжээ.
Өнөөдөр “Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн нийт зам 666 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 422 км аж. Үндсэн замын 58 хувь нь хайрга, 30 хувь нь элс, 12 хувь нь хадархаг гадаргуутай замаар уралдана. Гуравдугаар шат бол хурдны уралдаан гэхээсээ илүү ухаан, чиг баримжаа, тэсвэр тэвчээрийн шалгуур юм. Учир нь Аль-Ула хотын хатуу ширүүн, хувьсамтгай байгалийг тамирчид мэдрэх ажээ.



































































Сэтгэгдэл