Ормузын хоолойн асуудлаар 40 орчим улс яаралтай уулзалт хийв
Их Британи тэргүүтэй 40 орчим улс энэ сарын эхний өдрүүдэд дэлхийн худалдаанд чухал нөлөөтэй далайн тээврийн аюулгүй байдлын асуудлаар хамтарсан уулзалт хийсэн талаар Al Jazeera болон олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Уулзалтаар Персийн булан, Ормузын хоолойн бүсэд үүсэж болзошгүй эрсдэл, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах боломжит арга хэмжээг хэлэлцсэн аж. Тус бүсээр дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг, шингэрүүлсэн хийн томоохон хэсэг дамжин өнгөрдөг тул нөхцөл байдал хурцдах нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй гэж оролцогч талууд үзжээ.
Уулзалтад Европын орнууд, Персийн булангийн бүсийн улсууд, мөн Ази, Номхон далайн бүсийн далайн тээврийн аюулгүй байдалд хамааралтай хэд хэдэн улс оролцсон талаар мэдээлэв. Талууд худалдааны усан замын аюулгүй байдлыг хангах, нефтийн тээврийн тасалдлаас сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хамтарсан далайн эргүүл хийх боломжийг хэлэлцсэн аж.
Зарим улс далайн хамгаалалтын хамтарсан ажиллагааг дэмжсэн бол зарим орон дипломат арга замыг илүүд үзэх байр суурь илэрхийлжээ. Мөн нөхцөл байдал хурцадвал олон улсын хамтарсан ажиллагааг өргөжүүлэх боломжийг ч хэлэлцсэн талаар мэдээлсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ уулзалт нь Персийн булангийн бүс дэх нөхцөл байдал дэлхийн худалдаа, эрчим хүчний нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэл нэмэгдэж буйг илтгэжээ. Ийнхүү Ормузын хоолойн асуудал олон улсын анхаарлын төвд орж, улс орнууд хамтарсан арга хэмжээний талаар идэвхтэй хэлэлцэж эхэлсэн нь дэлхийн худалдааны гол усан замын аюулгүй байдалд болгоомжлол нэмэгдсэнийг харуулж байна.



































































Сэтгэгдэл