Г.Ганбаатар: Эрх баригчид дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй, парламентын засаглалтай улсад байгаагаа мартсан байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хотын даргыг Ерөнхий сайд ажлаас нь чөлөөллөө. Мэдээж энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ ялихгүй шалтгаанаар огцруулж, нийслэлчүүдэд хэрэгтэй төсөл, хөтөлбөрийг зогсоох нь буруу гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Нөгөөтэйгүүр эрх баригч намын дотоод улс төрийн зодоон улам ширүүсэж ч байх шиг. Үүнийг сөрөг хүчний гишүүний хувьд хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-Эрх баригч намын зөрчил дунд шат руугаа даамжирч байна.Туулын хурдны замын төсөвт өртөг, мега төслийн хулгайг зогсоох тухай ярьж байсан Ерөнхий сайд явж, явж нөөцийн махны нөөц бүрдүүлсэнгүй гэж нийслэлийн Засаг даргаа огцруулж байх шиг. Хэдийгээр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал ч "Үхэр тэрэг хийх гэж байгаад шүдний чигчлүүртэй боллоо" гэдэг шиг л харагдаж байна. Дашрамд хэлэхэд, нөөцийн мах гэдэг зүйлийг би дэмждэггүй хүн. Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд, тэр тусмаа үнэ тогтооход оролцох нь буруу. Малчдын махаа борлуулах үнийг төр тогтооно гэдэг бол төр хувийн өмчид халдаж байгаа хэлбэр. Нөгөө талдаа мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, ялангуяа махны үнийг төр ингэж хатуу бариад байвал малчидгүй болно.

-Таны хувьд орон нутгаас сонгогдсон гишүүдийн нэг. Ер нь нийслэл гэлтгүй орон нутгийн бие даасан хөгжлийг хангах чиглэлд тогтолцоо, эрх зүйн хувьд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та үздэг вэ?

-Нийслэл ч бай, орон нутагт бусад аймгууд ч бай бие даагаад хөрөнгө санхүүгээ шийдээд явах нь зөв. Хууль эрх зүйн орчин нь ч тийм болсон.

Харамсалтай нь засаглалын чанар муу, бас аливаа томоохон төслүүдийн ТЭЗҮ боловсруулах чадавх болон хяналт тавих тогтолцоо нь бүх шатанд дэндүү сул учир УИХ, Засгийн газар оролцохоос өөр аргагүй байдалд орох тохиолдол байна. Нэг талдаа эрх, нөгөө талдаа хариуцлага давхар явах ёстой. Хууль эрх зүйн орчин нь хангалттай байгаа. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймаг гэхэд аймгийнхаа дулааны цахилгаан станц барих 500 тэрбум төгрөгийн эхний ээлжийн 150 тэрбум төгрөгийн бондоо босгож байх жишээтэй.

-Махны үнийг төр барих ёсгүй гэж та хэллээ. Таны хувьд уг шийдвэрт бодлогын ямар өөрчлөлт явуулах шаардлагатай гэж үздэг вэ?

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд махны үнэд төр оролцож болохгүй ээ гэж байнга хэлдэг. Мөн махны үнээс болоод инфляци хөөрөгдөөд байгаа юм биш. Төрийн бодлого, төсвийн бодлого, мөнгөний бодлого бүгд буруу яваад байгаа учир инфляци өндөр байгаа юм. Махны үнэтэй ноцолдох биш, иргэдийнхээ цалин орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар л анхаарах нь аль ч Засгийн газрын үндсэн үүрэг. Томоохон хот суурин газар болон нийслэлийг тойрсон эрчимжсэн махны үхрийн аж ахуйнуудыг олноор байгуулахыг төрөөс бодлогоор дэмжих нь цаашдаа махны нийлүүлэлтийг тогтвортой болгоод зогсохгүй жилийн турш ханган нийлүүлэлтийн урсгалыг жигд хангах боломж үүсэх байх.

Тэрнээс бид 20 гаруй жил нөөцийн мах бэлтгэл гэж яваад ямар үр дүнд хүрэв. Малчдын амьдрал ямар байна.

-Махны үнээс болоод инфляци хөөрөгдлөө, хоёр оронтой тоотой боллоо гэж ярьж байгаа. Үнэндээ төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларч байгаа нь иргэдийн амьдрал, амьжиргаанд хүчтэй нөлөөлж байна гэдгийг эдийн засагчид анхааруулдаг...?

-Би түрүүн хэлсэн. Махны үнээс болоод инфляци хөөрөгдөөд байгаа юм биш. Ганцхан махны үнэ ч өсөөд байгаа юм биш. Мөнгөний ханш унаад буй учир бүх юмны үнэ өсөөд ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд болоод байгаа юм. Засгийн газар зардлаа багасгаж, энэ хэт данхайсан төрөө цомхон болгохгүй бол ямар ч бодлого хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Зөвхөн цалин халамж, тэтгэвэр тэтгэмж тавьдаг “касс” болчихоод байна.

-Засгийн газраас ирэх онуудын төсвийн төсөөлөл, хөгжлийн хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Орж ирсэн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Оруулж ирж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллүүдийг хараад урам хугарсан. Үүнийг ч УИХ-ын чуулган дээр илэрхийлсэн. Нөгөө л хэдэн тоо, ямар ч хөгжил дэвшил хөгжлийн хөтөлбөрүүд байхгүй. Бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-аар баталсан НӨАТ-ын тухай хуулийг хүчингүй болгох гэж дагалдах хуулиар өргөн барьсан нь бүр эгдүүцэл хүргэж байгаа. Уг нь НӨАТ-ын буцаалтаар гар дээрээ бэлэн мөнгөгүй болсон иргэддээ нийтдээ 1.8 их наяд төгрөгийг үлдээх байсан юм. Ард түмний нуруун дээрээс ачааг нь авах гэхээр төрийн бүтэл муутай будлиу сайдуудаас болоод бид ийм байдалтай сууж байна.

-Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь явагдаж байгаа. Энэхүү татварын багц хуулийн төсөлд та ямар санал, шүүмжлэлтэй байгаа вэ?

-Татварын багц хуулийн төслүүд Төсвийн байнгын хорооны хурлаар ид хэлэлцэгдэж байна. Дэмжих ч юм байна, дэмжих боломжгүй ч зүйл харагдана. Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор УИХ дахь АН-ын бүлгээс санаачлан өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтатган өргөн барьсан бол илүү уялдаа холбоотой, үр дүнтэй байх байсан юм болов уу гэж харж байна.

-Хотын даргыг огцруулсан асуудлаас болоод МАН-ын дотоод зөрчил улам хурцадна. Үүнээс болоод Засгийн газар нь ч огцорч магадгүй байдал үүслээ гэж харах улс төрийн судлаачид цөөнгүй байна. Харин Н.Учрал Засгаа тогтвортой байлгах зорилгоор сөрөг хүчингүй болгох бодлого буюу АН-ыг засагтаа урих тохироог идэвхтэй хийнэ гэсэн таамаглал явж байна. Та уг асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ардчилсан улс оронд Засгийн газар огцрох, төсөв тодотгох зэрэг бол хэвийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын тогтворгүй байдал, төр засгийн бужигнаан нь гадаадын хөрөнгө оруулагчид болон иргэд аж ахуйн нэгжүүдэд их хүндрэл учруулдаг. Эрх баригч нам чинь саяхан бага хурлаараа Н.Учралыг Ерөнхий сайдаар дэмжихдээ хамтарч болохгүй шүү гэж хэлсэн гэсэн биз дээ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Ардчилсан намыг сөрөг хүчнээ хий, ард иргэдийн олон нийтийн өмнөөс Төр засагт хяналт тавь гэж гарсан. "Үхрийн сүүлэн дээр хутга" гэж ноднин хөөгдөж гарчихаад одоо хамтраад яах вэ дээ. Хэрвээ хамтарсан Засагт манай нам орвол ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль улмаар 2028 оны УИХ-ын сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлнө шүү дээ.

-Хаврын чуулган дундаа орлоо. Эрх баригчдын барьж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүн гаргаж байна гэж та хардаг уу?

-Юуны өмнө энэ улсад авлига, хулгай бараг хэвийн үзэгдэл мэт болчихоод байгаад үнэхээр сэтгэл зовниж явдаг. Өдөр болгон шахуу л асар их мөнгөн дүнтэй авлига, хулгайн асуудал яригддаг боллоо. Харамсалтай нь олон нийт хэнийх нь үнэн, хэнийх нь худал гэдгийг ялгаж салгаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Учир нь хууль, хяналтын байгууллагууд нь цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгч, шударга шийдвэр гаргаж чадахгүй, хэлгүй дүлий мэт байдалтай харагдаж буй юм. Энэ бол зөвхөн нэг нам, нэг хүний асуудал биш. Төрд итгэх ард иргэдийн итгэл алдарч байгаа нь хамгийн том аюул. Тийм учраас улсын төсөв, санхүүгийн сахилга бат, төрийн мөнгөний зарцуулалтад тавих хяналтыг илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, улсын төсөв санхүүгийн нөөцөд хяналт тавьдаг Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн Авлигын эсрэг хуульд тодорхой өөрчлөлтүүд хийх чиглэлээр ажиллаж байна. Аудитын байгууллагын хараат бус байдлыг илүү бэхжүүлэх, дүгнэлт нь бодитой хэрэгждэг байх, авлигын шинжтэй асуудлууд дээр хариуцлагын механизм тодорхой байх ёстой. Өнөөдөр зөвхөн асуудал илрүүлээд орхидог биш, хариуцлага тооцдог тогтолцоо руу явах шаардлагатай байна.

-Хаврын чуулганы тухайд...?

-Өнгөрсөн намрын чуулганыг бодвол энэ хаврын чуулган арай өөр уур амьсгалтай болж байна гэж харж байгаа. Гишүүд асуудалд арай илүү шүүмжлэлтэй, зарим зүйл дээр нээлттэй байр сууриа илэрхийлдэг болжээ. Нөгөө талаар 2014-2016 онд АН Засгийн газарт хамтарсан үеийг оролцуулбал өнөөдрийн эрх баригчид тасралтгүй 12 жил төрийн эрх барьж байна. Ийм урт хугацаанд засаг барина гэдэг асар том хариуцлага. Гэтэл эрх мэдэл удаан төвлөрөхөөр хяналт сулардаг, шүүмжлэл хүлээж авах чадвар багасдаг, улмаар дотоод талцал нь өөрөө төрийн тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээнд хүрдэг эрсдэл бий болдог. Өнөөдөр яг ийм нөхцөл байдал үүсчихээд байна гэж харж байгаа. Эрх баригчид дээрээ ард түмэнтэй, дэргэдээ хүчтэй сөрөг хүчинтэй парламентын засаглалтай улсад ажиллаж байгаагаа мартсан байна. Эрх мэдэл гэдэг мөнхийн зүйл биш. Харин төрийн институцийн тогтвортой байдал, ард түмний итгэл хамгийн чухал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улс төрийн талцал нь нам доторх зөрчилдөөний хэмжээнээс хальж, төр улсаараа тоглох хэмжээнд хүрч байгаад олон хүн санаа зовниж байна. Үүн дээр улс төрийн бүх хүчин, төрийн бүх институци маш хариуцлагатай хандах ёстой гэж боддог.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Юу хэлэх вэ дээ, энэ улс орон чинь нэг биш л болоод байна шүү дээ...

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.