Д.Дэжидмаа: Хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг

Aдмин / Эрүүл мэнд

“Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатар (Muba) 2026 оны тавдугаар сарын 31-ний орой Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах байрандаа амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан сэтгэл гутралын талаар “Сод мед” Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн зөвлөх зэргийн сэтгэцийн эмч, клиникийн профессор Д.Дэжидмаатай ярилцлаа. Тэрбээр СЭМҮТ-д 32 жил ажилласан туршлагатай.


-Сэтгэл гутрал гэж юу вэ гэдэг энгийн боловч төвөгтэй асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи огцом хөгжихийн хэрээр хүмүүс мэдээ, мэдээллийг хялбархан, хурдан олж авах боломжтой болсон. Гэвч үүний нөгөө талд нэгэн сонирхолтой “оношлох хандлага” чимээгүйхэн хүчээ авч байна. Хэн нэгэн ганц хоёр шинж тэмдэг анзаарахад л өөрийгөө bipo­lar disorder, OCD буюу улигт бодол, албадмал үйлийн эмгэгтэй, эсвэл сэтгэл гутралтай хэмээн дүгнэх нь элбэг болжээ. Гэвч сэтгэцийн эмгэгийг ийнхүү өөрөө оношлох нь бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Эдгээр эмгэгүүд нь олон улсын хэмжээнд батлагдсан, эмнэл зүйн нарийн тодорхойлолт, шалгуур бүхий ойлголтууд юм.

Тухайлбал, өвчний олон улсын аравдугаар ангилалд сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгүүдийг тодорхой шалгуурын дагуу ангилж, зөвхөн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар тусгай арга, тестийн үндсэн дээр оношилдог. Сэтгэл гутрал гэхэд л энгийн гунигтай байхаас хавьгүй өргөн хүрээтэй ойлголт.

Тухайлбал, сэтгэл гутрал нь үндсэн гурван шинжээр илэрнэ. Сэтгэл гутрах буюу гунигтай болох, амьдралд сонирхолгүй болох, баяр баясгалан мэдрэхээ болих. Хоёрдугаарт, сэтгэхүй удаашрах буюу бодол санаа удааширч, юм ярих дургүй болох болон аливаа нөхцөлд байдалд шийдвэр гаргаж чадахгүй болно. Гуравдугаарт, амьдралын идэвх буурч аливаад хойрго болж, хөдөлгөөн удааширч, амархан ядарч, орноосоо босох ч тэнхээгүй болно. Иймээс цахим орчноос авсан хэсэгхэн мэдээлэл дээр тулгуурлан өөрийгөө оношлохын оронд эргэлзээ төрвөл мэргэжлийн хүнд хандах нь хамгийн зөв алхам юм. Мэдээлэл бол хүчтэй хэрэгсэл ч, зөв хэрэглээгүй үед бодит байдлыг гуйвуулж чаддаг толь мэт юм.

-Сэтгэл гутралтай хүмүүст ямар нийтлэг шинж байдаг вэ?

-Сэтгэл гутралд өртөж буй хүмүүсийн дунд хамгийн нийтлэг ажиглагддаг шинжүүдийн нэг нь нойрны хэм алдагдах явдал юм. Зарим нь бага унтдаг, зарим нь удаан унтсан ч амарч чадалгүй, өглөө бүр ядрангуй сэрдэг. Нойр гэдэг бол зүгээр нэг амралт биш, тархинд маш чухал юм. Сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байхын тулд хүн хангалттай нойр авч, эрүүл хооллож, тогтмол хөдөлгөөн хийх шаардлагатай. Гэвч өнөөгийн залуусын амьдрал ихэнхдээ цагтай уралдсан мэт өрнөдөг. Ажил, хичээл, зорилго, мөрөөдөл гээд бүгдийг амжуулахын тулд нойроо золиослох нь хэвийн мэт ойлгогдох болжээ. Залуу нас эрч хүчээр дүүрэн ч

энэ нь хязгааргүй нөөц биш. Хүний бие махбод биологийн жамаараа заавал амарч, сэргээгдэх ёстой. Унтах ёстой цагтаа унтаж, хангалттай амарч чадсан эсэхээс маргаашийн бүтээмж, ачаалал даах чадвар шууд хамаардаг. Харин энэ тэнцвэр алдагдахад нойрны хомсдол үүсч, бие сэтгэл аль аль нь ядарч сульдана. Сульдсан үед анхаарал төвлөрөл буурч, хийж буй ажилд алдаа гарах нь нэмэгдэнэ. Ингэснээр бүтээмж багасч, илүү их хугацаа зарцуулах шаардлага үүсч, улмаар дахин нойроо хасах шалтгаан болдог нэгэн тойрог үүсдэг. Үүний үр дүнд үргэлж ядарна, сульдана. Сульдсан хүний анхаарал сайн төвлөрөхгүй, ажлын бүтээмж буурна.

-Нойроо дутуу авах нь илүү асуудлуудыг даамжруулдаг бололтой?

-Тийм ээ, дээрх жишээ шиг. Ажлын бүтээмж буурч, хийх ёстой зүйлсээ хугацаанд нь амжуулж чадаагүй үед хүний дотор үл үзэгдэх даралт аажмаар нэмэгдэж эхэлдэг. Тэр даралт нь айдас, түгшүүрийн хэлбэрээр илэрч, “Амжихгүй байх вий”, “Алдах вий” гэсэн бодлууд толгойд тойрон эргэлдэнэ. Ийнхүү хуримтлагдсан түгшүүр зарим тохиолдолд сэтгэл гутралын эхлэл болдог. Харин өнгөрсөнд гацсан бодлууд улам нэмэгдэнэ. “Тэр үед ингэж чадсан бол”, “Би яагаад тэгээгүй юм бол” гэх мэт харамсал, харуусал давтагдсаар, бодлын урсгал улам нягтарч, улам хурцадна. Энэ нь сэтгэлд ачаалал нэмэхээс гадна хүнийг гарцгүй мэт мэдрэмжид аваачих аюултай. Ийм байдал удаан үргэлжлэхэд амьдралын утга учир бүдгэрч, хүнд хэцүү бодлууд орж ирэх нь бий. Урт хугацаанд үргэлжилсэн сэтгэл гутрал нь зарим хүнд амьдралаас залхах, өөрийгөө үнэгүйдүүлэх зэрэг бодлуудыг төрүүлж болзошгүй.

-Сэтгэл гутрал удаан үргэлжилбэл амиа хорлолтод хүргэдэг үү?

-Амиа хорлохтой холбоотой бодлууд нь нэг хэвийн биш, олон янзын шалтгаан, нөхцөлөөс урган гарч болдог. Зарим тохиолдолд ажлын дарамт, удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэл гутралын улмаас аажмаар бүрэлдэн бий болдог бол, зарим үед гэнэтийн байдлаар хурц мэдрэмжтэйгээр илэрч болно. Жишээлбэл, архи хэрэглэсний дараах өдөр сэтгэл санаа огцом унах, хийсэн үйлдлээ хэтрүүлэн бодох үед ийм бодлууд төрөх нь бий. Мөн мансууруулах бодисын нөлөө буурсны дараа сэтгэл хөдлөлийн огцом савлагаа үүсч, хүнийг эмзэг байдалд оруулж болзошгүй. Түүнчлэн мөрийтэй тоглоомд их хэмжээний алдагдал хүлээсний дараа гэнэтийн цочрол, гарцгүй мэт мэдрэмжээс үүдэн ийм бодол хүчтэй төрөх нь ч бий. Ийм бодлууд нь ихэвчлэн тухайн хүний сэтгэл зүйн ачаалал дээд цэгтээ хүрснийг илтгэдэг дохио юм.

-Тийм учраас магадгүй мегаполис хотуудад амиа хорлолт их, мөрийтэй тоглоом тоглодог хүмүүс амиа хорлох эрсдэл өндөр байдаг байх?

-Архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом зэрэг нь түр зуурын тайвшрал, жаргалтай мэт мэдрэмж өгдөг ч түүний дараах уналт, сэтгэл гутрал зайлшгүй дагалддаг. Тухайн мөчид стрессээс ангижирч, сэтгэл санаа хөнгөрсөн мэт санагдах нь бий. Энэ нь тархинд допаминыг хурдан, амархан, их хэмжээгээр ялгаруулж байгаагийн илрэл. Гэвч энэ богинохон оргилын дараа сэтгэл санаагаар унах, түгших, айдас бий болох, гунигтай болох, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа дагалдах нь элбэг. Ийм байдал давтагдсаар байвал сэтгэл гутрал үүсэх, эсвэл гүнзгийрэх эрсдэлтэй. Ийм үед заавал сэтгэцийн эмчид хандах зөвлөгөө авах хэрэгтэй. Архины хэрэглээ, мансууруулах бодис, цахим мөрийтэй тоглоом болон бусад ямар хүчин зүйлээс үүдэж сэтгэл гутрал үүсээд байгааг оношлуулж, үзүүлэх хэрэгтэй байдаг. Эмч шууд эмгэгийн түвшинд хүрчихжээ гээд эмнэлэгт хэвтүүлэхгүй. Эхлээд танд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, стресс тайлах арга барилд сургах, сэтгэл засал хийх, ажил амьдрал болон нойр хооллолтын дэглэм баримтлахыг зөвлөнө. Дараа нь нойрны асуудал байгаа бол нойрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн зэргийн, нэмэлт донтолт үүсгэхгүйгээр эм бичиж өгнө. Ийнхүү сэтгэцийн эмчилгээний үйл явц ийм хяналттай явагдаж байх ёстой.

-Допамин гэдэг бодис хүнээс ялгарч байдаг зүйл. гэтэл үүнийг дээр хэлсэн амар арга замаар ялгаруулах нь ямар үр дүнд хүргэдэг вэ?

-Бидний уураг тархинд тэнцвэрт байдал их чухал юм. Жишээлбэл, сэтгүүлч хүн ярилцлага авч, түүнийгээ боловсруулан нийтэлсний дараа тодорхой хэмжээний сэтгэл ханамж, баяр баясгалан мэдэрдэг. Энэ бол хөдөлмөрлөж, үр дүнг нь харсны шагнал бөгөөд тархинд допамин ялгарч байгаагийн илрэл юм. Харин ажлын ачаалал ихсэж, ядрах үед бие махбод тэнцвэрээ хадгалах үүднээс серотониныг нэмэгдүүлж, сэтгэл санааг тогтворжуулахыг хичээдэг. Ингээд серотонины хэмжээ буурахаар сэтгэл гутрал мөн бий болдог. Мөн стрессийг амжилттай даван туулсан мөчид дахин допамин ялгарч “Би чадлаа” гэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэтэл архи уух, мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглох зэрэг нь энэ байгалийн тогтолцоонд “богино зам” нэмж өгдөг. Хүн ийм зүйлсийг хэрэглэж үзэхэд тархи тухайн мэдрэмжийг хурдан, хүчтэй таашаалтай холбон тэмдэглэж авна. Өөрөөр хэлбэл, “Ингэхэд буюу мөрий тавихад ийм гоё мэдрэмж төрдөг” гэсэн мэдээлэл тархинд хадгалагдана. Үүний дараа тархи илүү их допамин ялгаруулахын тулд тэрхүү хурдан замыг дахин ашиглахыг “сануулж” эхэлдэг. Энгийнээр хэлбэл, архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом нь допаминд хүрэх өөр нэг зам болж, үе үе тархинаас тийш чиглэсэн дохио ирэх болно. Ингэж байгалийн амьдралаас, хөдөлмөрөөс, амжилтаас авах баяр баясгалан аажмаар суларч, оронд нь хялбар, хурдан таашаал руу татагдах хандлага бий болдог. Тиймээс тархины энэ тэнцвэрийг хадгалж, хөдөлмөрлөж олох юм уу, хэвийн амьдралаараа, хэвийн таашаалаараа допамин ялгаруулахаа илүүд үзэх нь дээр.

Хүн байгалиас заяагдсан шагнал урамшууллын тойрог хэсгээр дахин дахин хэрэглээг давтаад байдаг. Ийнхүү олон давталтын үр дүнд хамааралтай болно. Допамин буюу таашаалын нейромедиатор хэвийн ялгарч байх ёстой байтал гаднаас нь дээрх хорт үйлдлүүдийг хийж амархан, хурдан ялгаруулах гээд байгаа юм. Кортизол нь допамин, серотониныг дарангуйлдаг. Эрүүл байхын тулд стрессээ удирдаж, кортизолыг тэнцвэртэй байлгах нь допамин, серотонинд тустай. Энэ хоёр тэнцвэр нь алдагдахаар сэтгэл гутрал үүсэх нь өндөр байдаг.

-Таны бодлоор 10, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад сэтгэцийн эмнэлэгт үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн үү?

-Өмнө нь хүмүүс СЭМҮТ-ийг “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрлэж, тийшээ очихоос зайлсхийдэг хандлага түгээмэл байлаа. Тэнд хандвал “Би сэтгэцийн өвчтэй юм шиг харагдана” гэсэн айдас, ичгүүр олон хүнийг дотроо шаналж, асуудлаа нууж явахад хүргэдэг байсан. Харин өнөөдөр энэ ойлголт аажмаар өөрчлөгдөж байна. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийг биеийн эрүүл мэндтэй адил чухал гэж хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагад хандах нь хэвийн үзэгдэл болжээ. Сэтгэл санааны хүндрэл, дотоод зөрчил, стрессийн асуудлаа ганцаараа үүрэхийн оронд сэтгэцийн эмч, сэтгэл засалчид хандаж зөвлөгөө авах нь улам түгээмэл болсон. Энэ өөрчлөлт нь нийгэм илүү ухамсартай, илүү энэрэнгүй болж буйн илрэл юм. Хүмүүсийн сэтгэцийн эмнэлэгт хандах хандлага өөр болсон. Тиймээс асуудал тулгарахад тусламж хүсэх нь сул дорой биш, харин өөрийгөө хамгаалж буй ухаалаг шийдвэр юм.

-Олны танил дуучин саяхан амиа хорлочихлоо. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан бүжигчин сэтгэл гутралд орсон байдалтай лайв бичлэг хийлээ. хүн бүрт сэтгэцийн ямар нэг асуудал байдаг уу?

-Од хүмүүс гаднаа гялалзаж, амжилттай яваа мэт харагддаг ч хөшигний ард тэд асар их сэтгэлийн дарамт, ачаалал, стрессор дунд амьдардаг. Тэднийг хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг. Гэхдээ лайв бичлэг бол "Намайг сонсооч, надад туслаач" гэсэн тусламж хүссэн дохио ч байж болно. Гэхдээ сэтгэцийн эмчийн хувьд үзлэг хийгээгүй байж энэ талаар ярих зохимжгүй, үзлэг хийсэн байсан ч эмчийн ёс зүй, хувь хүний нууцлал байдаг учраас ярих нь буруу. Миний энэ өгч байгаа мэдээлэл бол хүн амд ойлголт өгч байгаа асуудал болохоос энэ хүний талаар ярьж байгаа зүйл биш гэдгийг ялгаж ойлгоорой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Н.Нарванчин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.