А.Итгэлт: Монголчуудын нэрэлхүү зан залиланд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Aдмин / Хууль

Баяр наадмын урт хугацааны амралтын дараа мөнгөний хэрэгцээ шаардлага ихэсч залилангийн шинжтэй хэргүүд нэмэгдэх хандлагатай байдаг талаар ЦЕГ-ын, Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа.


-Сүүлийн үед “Хаан банк”-ны хэрэглэгчдийн дунд дансан дахь мөнгөө цахим байдлаар луйвардуулсан мэдээлэл гараад байгаа. Энэ хэрэгт хэн буруутай вэ?

-“Хаан банк” гэлтгүй арилжааны банкуудын ойтой холбоотой. Энэ онд “Хаан банк”-ны тэмдэглэлт ойн жил тохиож байгаа болон манай улсын иргэдийн дийлэнх нь тус банкинд данстайг ашиглан хувь хүний данснаас их бага хэмжээний мөнгийг шилжүүлж авсан залилангийн шинжтэй хэрэг дөрөвдүгээр сарын сүүлээс бүртгэгдэж эхлээд, наадмын үеэр хоногтоо 25-30 иргэн хохирсон байсан бол одоо ч өдөрт 5-8 тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, тухайн банкны ойн баярын мэндчилгээ, постер, сэтгэл ханамжийн судалгаа мэт харагдахуйц залилангийн шинжтэй линкийг цахим орчинд тараадаг.

Иргэд түүнд нь итгэж линкээр нэвтрэхэд нэр, утасны дугаар, хэдэн жил “Хаан банк”-ийг ашиглаж байгаа талаар 5-8 энгийн, хялбар ойлгомжтой асуулга бөглүүлээд, 400.000-800.000 төгрөгний урамшуулал авах эрхтэй боллоо, дараах линкээр орж урамшууллаа авна уу гэх утгатай мэдээлэл гарч ирдэг. Тус линкийг дарахаар шууд банкны аппликэйшн хэлбэрт цонх нээгддэг, энэ үед иргэд банк руугаа нэвтэрчихлээ гэж бодоод санамсаргүйгээр мэдээллээ бөглөж орхидог. Тэр мөчид, таны урамшууллын эрх баталгаажлаа, таны утсанд очсон зургаан оронтой кодыг оруулна уу гэх мессэжийг илгээхэд иргэд хар санахгүйгээр утасны дугаарт ирсэн кодыг бас илгээдэг. Гэтэл залилагч тал өөр төхөөрөмжөөр банкны мэдээлэлд хандахад бүртгэлтэй утасны дугаарт нууцлалын OTP кодыг ирдэг байдлыг ашиглан банкинд нэвтэрч, тухайн иргэний дансанд байсан мөнгийг шилжүүлж авсан байдаг. Уг хэрэг анх бүртгэгдсэн цагаас эхлэн тухайн банкны зүгээс болон цагдаагийн байгууллагаас анхааруулга сэрэмжлүүлгийг бүх мэдээллийн сувгуудаар хүргэсээр байгаа боловч иргэд цахим орчинд тарсан худал мэдээллийг нягтлаагүйгээс санхүүгээрээ хохирсоор байна.

-Иргэд мөнгөө алдсан хэргүүд дээр нууцлалтай холбогдуулан банкийг буруутгах хандлага байдаг. Энэ талаар мэргэжлийн байгууллага ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор ийм төрлийн хэргүүд дээр банкны нууцлалтай холбоотой зөрчил илрээгүй. Нэр бүхий банкууд сервер халдлагад өртсөн мэр сэр тохиолдол гарч байсан. Тухайн банк зохих арга хэмжээг яаралтай авч, системээ хамгаалснаар эрсдэлийг давж гарсан. Түүнээс банкны ажиллагаатай холбоотой иргэдэд хохирол учирсан зүйл байхгүй. Харин хохирогч иргэд өөрийн мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар бусдад алдсан байдал мөрдөн шалгалтаар илэрсээр байгаа.

-“Хохирогчдын данснаас алдсан мөнгө тодорхой данс руу орсон байхад яагаад хэрэг илэрдэггүй юм бэ” гэж иргэд бухимдалтай байдаг. Энэ талаар тодруулбал?

-Ер нь 2024 оны намраас энэ төрлийн гэмт хэрэг эрчимжиж эхэлсэн. Дийлэнх мөнгөн дүн хохирогчийн данснаас гарахдаа гурваас тав хүртэлх монгол иргэний банкны дансаар дамжаад, цаашлаад мөрийтэй тоглоом криптовалют, биткойн гэх мэт гадаад улсуудын гэмт хэргийн шинжтэй цахим мөнгөний дансууд руу салбарлаад гарсан байдаг. Цагдаагийн байгууллага Монголбанк, Банкуудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэгтэй хамтран шат дараатай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн олон улс руу гарсан мөнгөний төрлийн гэмт хэргүүдийг олон улсын хамтарсан гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр урт хугацаагаар, тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилдэг учраас цаг хугацааны хувьд хурдан шийдэгдэх боломжгүй болчихдог. Тиймээс цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь нэн чухал.

-Ихэвчлэн ямар хүмүүс цахим залиланд өртөж байгаа вэ?

-Бусад гэмт хэрэгтэй харьцуулахад залилангийн төрлийн хохирогчид боловсрол харгалзахгүй өртдөгөөрөө ялгаатай. Ихэнх хохирогчид нь дээд боловсролтой, ажилтай, орлоготой, 25-аас дээш насны, төлбөрийн чадамжтай иргэд байх нь бий. Амьдрал баялаг учраас байгаа хэдэн төгрөгөө өсгөх, хэмнэх сэдлээр залиланд өртөх тохиолдол хамгийн их. Тэгэхээр би өртөхгүй гэж бодож явсан хүмүүс хүртэл санаандгүйгээр хохирогч болсон байдаг. Нөгөө талд гэмт хэрэгтнүүд маш нарийн судалгаа хийж байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

-Ямар төрлийн залилан хамгийн их гардаг вэ?

-Үйлдлийн аргууд дундаа хэзээ ч буурахгүй байгаа залилангийн төрөл гэвэл онлайн худалдан авалт. Дэлхий нийтээр цахимжиж, онлайн бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдсээр байгаа энэ үед санаатай болон санаандгүй залилангийн шинжтэй бүртгэгдэх хэрэг нэмэгдсээр байна. Иргэд өөрсдөө залилуулах нь ч бий, захиалгын компаниуд хувь хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг ачаа тээврээс шалтгаалж саатсанаас үүдэлтэй удааж хугацаа хэтэрсэн тохиолдлуудад энэ төрлийн залиланд бүртгэгддэг. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард “Pizza hut”, “KFC”-ийн урамшуулалт худалдаа хэмээх цахим залилан үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг олж илрүүлээд, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Яагаад шийдэгдэхгүй удаад байна гэхээр тэрхүү бүлэг этгээдүүд гүйцэд баригдаагүй, мөн тухайн үед хохирсон иргэдийн бүртгэл нэмэгдсээр байгаа. Энэ хэрэг гарах болсон шалтгаан бол цагаан сарын үеийн буузнаас уйдсан, идэх хүслийн сэтгэл зүйд үндэслэн гарч ирсэн залилангийн төрөл байгаа юм. Тэгэхээр иргэд маань ямар нэгэн онлайн худалдан авалт хийхдээ тухайн худалдаа эрхэлж буй албан газар болон хувь хүмүүсийн албан ёсны хаяг мөн эсэхийг тодруулж нягталсны дараа шийдвэр гаргаж байх нь эрсдэлээс хамгаална.

-Зарим цахим төрлийн залилан цаг хугацааны давтамжтай өсөх, буурах байдал ажиглагддаг уу?

-Зарим төрлийн залилангийн төрлийн хэрэг гаралт ихэсдэг цаг хугацаа гэж байдаг. Одоо хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд цугларах цагаар орон сууц худалдах, худалдан авах, түрээсийн байрууд, их дээд сургуульд элсүүлэх зэргээр залилах төрлийн хэргүүд нэмэгдэх хандлагатай. Цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчил дээр гаралт ихэсдэг дүн шинжилгээнд суурилан, тухайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсээр байдаг ч иргэд олон нийт хэрэг гарахаас өмнө хайхрахгүй, ямар нэг ноцтой хэрэг бүртгэгдэх үед сэрэмжлүүлэг явагдаж байсныг хожуу анхаардаг нь харамсалтай.

-Залилангийн төрлийн хэрэг зөрчил ихсэх шалтгаан юу вэ?

-Ямарваа гэмт хэрэг улс орны, нийгэм эдийн засагтай салшгүй холбоотойгоор гаралтын байдал өөрчлөгддөг. Залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.3-т заагдсан 5-8 жилийн ял шийтгэлтэй. Сүүлийн үед цахим төрлийн залилангийн гэмт хэргүүд зохион байгуулалттай, тухайн хэргийг үйлдэхээр зорилго агуулсан бүлэг этгээдүүд бүртгэгдээд байгаа. Хэрэг үйлдэгч этгээдүүд маш нарийн судалгаанд үндэслэн иргэдийн гэнэн итгэмтгий байдал, тэр дундаа манай монголчуудын нэрэлхүү занг маш ихээр ашигладаг. Иргэд маань цахим орчинд хэт нээлттэй байх, хувийн мэдээллээ оруулах, байгаа байршил, хувийн орон зай, нөхцөл байдлаа ил тод нийтэлснээр гэмт хэргийн золиос болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн гэмт хэрэгтнүүд сошиал орчинд байгаа флатформууд дахь хандалтаар нь хүмүүсийн ямар төрлийн хэрэгт гэнэдэж болохыг урт хугацаагаар судалж, ямар нэгэн хэргийн золиос бай болгох тохиолдол гардаг. Тиймээс томчууд өөрсдөө гэлтгүй хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээг маш сайн хянаж байхгүй бол ямар нэг хэргийн хараанд өртөөд явж байхыг ч үгүйсгэхгүй.

-Иргэд залилангийн төрлийн хэрэгт хохирсон тохиолдолд зайлшгүй мэдэж байх шаардлагатай зүйлсийг хэлж өгнө үү?

-Иргэддээ анхааруулж хэлэхэд, урт хугацааны баяр наадам дуусаад мөнгөний хэрэгцээ шаардлага ихэссэн энэ үед ямар нэг байдлаар цахим орчинд яваа мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна. Залилангийн эрсдэлд өртөх бас нэг шалтгаан бол нэрэлхүү зан. Алив асуудалд хянамгай хандаж, нягтлан шалгадаг байхаас санаа зовохгүй, хэрсүү байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хэрэг зөрчилд өртөж хохирсон байдал мэдрэгдсэн даруйд маш яаралтай цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Холбогдох байгууллагад хэдий чинээ хурдан мэдэгдсэнээр цаашид гарах үр дагаврууд хурдан шийдэгдэнэ. Зарим тохиолдолд иргэд багахан мөнгө төгрөг алдсанаа тоохгүй орхидог, энэ бол буруу. Дараа дараагийн удаад тантай ижилхэн хохирч болзошгүй эрсдэлээс хэн нэгнийг хамгаалах том гавьяа болдог гэдгийг онцлон хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.ДАРИЙМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.