БИДНИЙ ТУХАЙ: Монголын амьдрал
ОХУ-ын иргэн Виктор Сикирин монголчуудын талаар ямар бодолтой явдаг тухайгаа бичсэнийг “AsiaRussia” цахим хуудаст нийтэлсэн байна. Түүнийг толилуулъя.
Би монгол бүсгүйтэй ханилсан юм. Бид хоёр ОХУ-д амьдарч байгаад эхнэрт маань эх орон руугаа буцаж, удаан хугацаагаар ажиллаж амьдрах шаардлага гарсан тул өнгөрсөн жил бид Монголд ирсэн билээ.
Миний бие зургаан сарын өмнө Монголд түр оршин суух зөвшөөрлөө авсан юм. Би Монголд хэрхэн амьдарч байгаа, яагаад Орос орон руугаа буцаж очих хүсэлгүй байгаа талаараа танд бичье.
МОНГОЛ РУУ ЯВАХ БОЛСОН НЬ
Монгол Улс дэлхийн хамгийн том бөгөөд хүн ам хамгийн сийрэг суурьшсан орон юм. Гуравхан сая хүн амтайн тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тус улсын бусад хэсэгт хүн амын нягтшлын хувьд 1 м2-т нэг хүн ногддог.
Өмнө нь Монголд бэлчээр, мал сүрэг, хашаа хороо байсан бол одоо нийслэлд нь тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж, хотоос зайдуу нарны цахилгаан станц ашиглан, ОХУ-ынхаас ч илүү хурдацтай шинэчлэгдэж байна. Гэхдээ уламжлал нь яг урьдын адил хадгалагдсан хэвээр. Малчид телевизээр кока кола сурталчилж, баяраараа үндэсний хувцсаараа гангардаг. Хотын гудамжинд та морьтой хүнтэй таарна, хэн ч гайхшрахгүй.
Монгол Улс бол байгалийн сайхантай, амьдралын өртөг, хүнд суртал багатай. Монголын говь, Монгол АЛтай, эртний уулын сүм хийд, нууруудыг очиж үзэх хэрэгтэй. Хэрвээ та бурхны шашин шүтдэг бол энэ нь гэгээрлийн хамгийн тохиромжтой газар юм. Орон нутгийн сүм хийдүүдэд боловсролтой лам олон. Олон зуун дацан, мөн олон мянган хадны зураг бий.
ВИЗ
ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчиж болно. Би удаан хугацаагаар байх шаардлагатай болсон тул эхнэр маань урилга явуулж, би гурван сар амьдрах эрхтэй болсон. Би эхнэртэйгээ хамт түр орших суух зөвшөөрөл хөөцөлдсөн юм. Энэ зөвшөөрлийг авахад ОХУ-ынхаас хамаагүй хялбар байлаа. Асуудлыг шийдэхэд хэдхэн өдөр зарцуулагдсан. Хэлний мэдлэгээ батлуулах, нотаритын орчуулга шаардаагүй. Хоёр сарын дараа ямар ч оочер дараалалгүй, ямар нэг асуудалгүй, мөнгө төгрөг зарцуулалгүй зөвшөөрлөө авсан.
Би оршин суух зөвшөөрлөө жил бүр сунгуулж болно. Түүгээрээ би Монголд ажиллаж, бүр улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно.
Би энд ямар ч хүнд сурталтай тулгараагүй. Оршин суух зөвшөөрөл хүсэхдээ би буруу бичиг баримт авч очсон байлаа. Гэтэл над руу утасдаж, зөвшөөрлөө ирж авахдаа шаардлагатай баримт бичгээ авчраарай хэмээн юм.
Бүх бичиг баримтаа өөрийн биеэр аваачиж өгснөөр асуудал төвөггүйхэн шийдэгдэнэ. 25 төрлийн бичиг баримт тухайлбал, гэрэлт болон салалтын тухай, ял шийтгэлгүй байх, түр хугацаагаар орших суух үнэмлэх гэх мэт.
Ердөө 1000 төгрөг (24 рубль) төлөөд баримт бичгээ авч болно. Тийм автомат машинууд улсын бүх байгууллага, шуудангийн газруудад нь байдаг.
МӨНГӨ БА БАНК
Монголын үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөг. Нэг төгрөг 40-43 рубльтэй тэнцэнэ. Бараг бүх дэлгүүр нь картаар үйлчилдэг. Гэхдээ таксигаар зорчих, захаас хоол хүнс худалдаж авахад бэлэн мөнгө шаардлагатай.
Цалин хөлсөө банкаар дамжуулан тавьдаг. Хоёр гол банк нь - Хаан, Голомт. Гадаадын иргэд данс нээлгэж, карттай болоход паспорттай байхад л хангалттай.
АТМ-аас орос картаасаа мөнгө авах боломжтой. Хэрэв Тинькофф банкны картаас 100 ам.доллар авахад ямар ч шимтгэл төлөхгүй.
Манай гэр бүлийн найзууд болон танилууд бүгд зээлтэй. Хамгийн түгээмэл нь машины болон барьцаат зээл юм. Монголд хэрэглээний болон автомашины зээлийн дундаж хүү 20-30 хувь, ипотекийнх 8 хувь байна.
Ажлын визтэй бол тус улсад амьдрахад хялбар. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд инженер, барилгачин, программис их хэрэгцээтэй бадйаг. Сургууль, их сургуулиуд гадаад багш нар авч ажиллуулдаг. Би орон нутгийн орос хэлтэй түүхийн сургуульд ажилд орохоор хөөцөлдсөн юм. Гэвч сүүлийн мөчид цалин нь чамлалттай санагдаад бодол минь өөрчлөгдсөн.
Техникийн мэргэжилтнүүд хамгийн өндөр буюу 5-10 сая (119-238 мянган рубль) төгрөгийн цалинтай. Уул уурхайн болон барилгын компаниуд англи хэлтэй гадаад ажилтнуудыг авч ажиллуулдаг. Тэдэнд адил чадвартай монголчуудаас хэд дахин илүү цалин төлдөг. Ийм мэргэжилтнүүдийн сарын орлого 5-10 мянган ам.доллар.
Улаанбаатарын багш нарын цалин 2-4 сая төгрөг (47-95 мянган рубль) бол аймаг орон нутгийнхны хувьд 1.5 сая төгрөг хүртэл (36 мянган рубль) байдаг.
Монголд сарын дундаж цалин 600-гаас нэг сая төгрөг (14-24 мянган рубль), орон нутагт 1-1.5 сая төгрөг (24-36 мянган рубль)_ Статистикийн мэдээгээр, монгол эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээ 200 мянган төгрөгөөр бага.
НИЙСЛЭЛ
Монголд ОХУ шиг нийслэл, орон нутгийнхны амьдрал ялгаатай. Улаанбаатар хотод бүх бизнес, соёлын арга хэмжээ, ажил хөдөлмөр төвлөрдөг. Тиймээс нийслэл рүүгээ тэмүүлцгээдэг. Улаанбаатараас бусад газарт амьдрал нэг л хэвийн, ядруу, хямдхан байдаг.
Бид хэдэн сарын турш Улаанбаатарт амьдраад, жижигхэн Дархан хот руу нүүж очсон юм. Монголын нийслэлд амьдрахад хүрээлэн буй орчны асуудлаас үүдэн эүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй.
Хотын хүрээлэн буй орчны доройтлын гол шалтгаан нь гэрүүд болон хувийн хашаа байшингууд. Тэнд амьдрахад хямд, сард 100 мянган төгрөг (2400 рубль) зарцуулдаг. Улаанбаатар уулсын дунд нам дор газар байрладаг тул салхи шуурга ихтэй. Хотын захын гэр хорооллуудын айлууд гэр, байшинд амьдарч, түлээний мод, нүүрс хэрэглэдэг. Бүх утаа нь хот руу ордог.
Улаанбаатар 1.4 сая оршин суугчийн 350 мянга нь гэрт амьдардаг. 450 мянга нь хувийн орон сууцанд, ойролцоогоор 600 мянга нь байранд амьдардаг. Гэрт амьдрах хямд тусдаг бөгөөд зөвхөн мод, нүрс, нүүрс, цахилгаан зарцуулдаг. Залуучуудын дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдахын тулд хуримтлал үүсгэх зорилгоор гэрлэснийхээ дараа гэрт амьдардаг.
Экологийн доройтлын бас нэг хүчин зүйл нь 230 мянган автомашин, автобус болж байна. Гудамжинд амьсгалахад маш хэцүү. Өвлийн улиралд хувцсанд утаа шингэнэ. Хүмүүс хамгаалалтын баг зүүдэг. Хамгийн их бохирдолтой газруудад агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 24 дахин их байдаг.
Монгол Улсын статистик мэдээгээр, Улаанбаатар хотын оршин суугчдын 20 хувь нь агаарын бохирдлын улмаас амьдралын замын халдвар, уушгины бөглөрөлт, зүрхний шигдээс, уушгины хорт хавдраар нас барж байна.
Мөнгөтэй хүн бүр утаанаас дайжиж хотын гадна, ойд модонд ойрхон амьдардаг. Гэхдээ Улаанбаатартаа очиж ажилладаг. Гэр бүлүүд жирэмсний сүүл саруудад хотоод гарч, хүүхдээ эрүүл агаарт төрүүлж, өгөхийг чухалчилдаг.
Өмнө нь Улаанбаатар Зөвлөлтийн маягийн тохь тухтай хот байсан юм. 90-ээд оноос бизнесийн төвүүд, өнгө зүс муутай орон сууц, худалдааны төвүүдийг бодлогогүйгээр эмх замбараагүй барьж байгуулжээ. Монголын нийслэлийн дэд бүтэц маш муу. Замын түгжрэл байнга гарна. Цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар байхгүй, аймшигтай барилга байгууламж.
Улаанбаатарын агаарын бохирдол, тав тухгүй байдлын улмаас бид Дархан хотыг зорьсон юм. Энэ жижиг хот 100 мянган хүн амтай. Нийслэлээс Дархан хүртэл машинаар гурван цаг явна.
ХӨДӨӨ
Монголын ихэнх хотууд хот суурин газруудтай төстэй жижиг суурин газар юм. Улаанбаатараас гадна хөгжиж буй хотууд нь Дархан, Эрдэнэт хот юм. Дархан хот цэвэр агаартай, замын түгжрэлгүй, нийслэлээс харьцангуй хямд өртөгтэй. Жижиг бөгөөд нам гүм хот. Усан бассейн, фитнесийн өрөө, цэнгээний газар, худалдааны төв, кофены дэлгүүр байдаг боловч монголчууд кофе нэг их уудаггүй.
Дархан хотод нэг өрөө, эсвэл хоёр өрөө байрыг сардаа 250-400 мянган төгрөг (6000-9500 рубль)-өөр түрээслэх боломжтой. Улаанбаатар хотод түрээсийн сарын дундаж үэ 400-700 мянган төгрөг (9500-16700 рубль) байдаг.
Орон сууцаа ихэвчлэн тавилгагүй түрээслэх бөгөөд төлбөрийг 3-6 сараар авдаг. Тавилгатай бол үнэ нь 100-200 мянган төгрөг (2400-4800 рубль)-өөр илүү үнэтэй байж болно. Бид хоёр өрөө тавилгатай байрыг сарын 400 мянган төгрөг (9500 рубль)-өөр түрээслэж байна. Түрээсийн зар нь "Гадаад иргэнд тавилгатай орон сууц түрээслүүлнэ" гэсэн байв.
Улаанбаатарт тавилгатай орон сууц сарын 550 мянган төгрөг (13 мянган рубль). Түрээслэх орон сууцаа фэйсбүүк, "Үнэгүй.мн"-ээс хайхад хамгийн тохиромжтой. Фэйсбүүкийн сурталчилгаа илүү хурдан хүрдэг. Бид орон сууцаа фэйсбүүк зараар олсон юм.
Түрээслэгчид тусгай шаардлага тавьдаггүй. Хамгийн гол нь төлбөрөө төлсөн байх. Орон сууцаа түрээслүүлж буй иргэн надаас зөвхөн паспортын хуулбар л авахыг хүссэн.
Бид хэрэглээнийхээ төлбөрийг төлдөг. Цахилгаан, усны төлбөр нь орон сууцанд ямар ч төлбөр төлдөггүй миний төрөлх Воронежээс илүү өндөр. Өвлийн улиралд бид 140 мянган төгрөг (3300 рубль) төлдөг.
Сард 4000 төгрөг (95 рубль) цэвэрлэгээ, хог хаях зардалд төлдөг. Үйлчлэгч эмэгтэй хаалга тогшиж хогийн уут авна. Оршин суугчид хогоо орцондоо хаячихдаг.
Одоо бид Монголд орон сууц худалдаж авахыг хүсч байгаа юм. Дархан хотод хоёр өрөө байрны дундаж үнэ 30-50 сая төгрөг (715000-1,190000 рубль). Улаанбаатарт энэ үнээр нэг унтлагын өрөөтэй орон сууц худалдан авна. Монголын нийслэлд хоёр өрөө орон сууцыг 90 сая төгрөг (2140000 рубль)-өөс дээш үнээр худалдаж авах боломжтой.
ТАТВАР БА ДААТГАЛ
Гадаадын ажилчид орон нутгийн ажилчидтай ижил татвар төлж, даатгалд хамрагддаг. Би ОХУ-д ажилладаг учраас татвар төлдөггүй. Ажилчдын орлогын албан татвар нь 10-25 хувьтай байна. Сард 3.5 сая төгрөг (83000 рубль)-ийн цалинтай бол 25 хувийн татвар төлнө. ОХУ-аас Монгол Улсад ажиллаж буй багш нар сарын хоёр сая төгрөг (50000 рубль)-ийн цалин авдаг бөгөөд 15 хувийн татвар төлдөг. Эрүүл мэндийн сайн дурын даатгалд сар бүр 8400 төгрөг (200 рубль) төлнө. Ажилтан цалингийнхаа 2%-ийг татварт, ажил олгогч мөн 2%-ийг төлдөг.
Эрүүл мэндийн даатгалд төрөөс 1.32 сая төгрөг (31400 рубль) нөхөн олгодог бол хувийн хэвшлийн эмнэлэгт зарцуулсан зардлын тэн хагасаас илүү. Та даатгалаараа улсын эмийн сангуудаас 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр 380 нэр төрлийн эм авч болно. Онцгой байдлын үед яаралтай хагалгаа үнэ төлбөргүй хийгддэг. Поликлиникт очих шаардлагагүй, байгаа газар тань очиж танд үйлчилнэ. Ажил олгогч нийгмийн даатгалд ажилтны цалингийн 10-20 хувийн татвар төлдөг. Тэтгэвэр авахын тулд 20 жил даатгал төлөх ёстой.
БҮХ ХҮНД ЗОРИУЛСАН БЭЛЭН МӨНГӨ
Монголд хийгдсэн бүх бэлэн мөнгөний баримтаа хадгалахыг зөвшөөрдөг. Тус бүр тоон кодтой. Хэрэв та тусгай программ Ebarimt ашигласан тохиолдолд ирэх оны эхээр НӨАТ-ын төлбөрийн 20 хувиа буцаан авна.
Монгол Улсад НӨАТ 10 хувьтай байдаг тул жилийн эцэст зарцуулсан мөнгөнийхөө 2 хувийг буцаан авах боломжтой. Манай гэр бүл 80 мянган төгрөг (1900 рубль)-ийн буцаан олголт авсан. Ихэнх жижиг дэлгүүрүүд бэлэн мөнгөний баримт олгодоггүй.
Сард НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцож буй баримтууд нь 10 мянгаас нэг сая төгрөг (240-24000 рубль) байна. Бид нэг ч удаа хожиж үзээгүй. Харин хамаатан садан маань нэг удаа 20 мянган төгрөг (480 рубль) хожсон юм.
ЗАМ ТЭЭВЭР
Бүх монгол хүн машинтай болохыг хүсдэг. Монголд Японд хэрэглэж байсан машинууд хямд үнэтэй. Арван жилийн настай “Тоёота”, “Хьюндай Соната” автомашинуудыг 4 сая төгрөг (95000 рубль)-өөс дээш үнээр худалдаж авах боломжтой. Хуучин "Тоёота приус" 10 сая төгрөг (238000 рубль)-өөр зарагдаж байна.
Монголын замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын дийлэнх нь баруун жолоодлоготой. Хамгийн түгээмэл нь "Тоёота приус" загварын автомашин байдаг. Монголд автомашин хэрэглэх өртөг бага. А-95 бензин гэхэд литр тутамд 2050 төгрөг (48 рубль) зарцуулдаг. Миний эхнэрийн ах “Тоёота приус” машин унадаг, жилдээ 51 мянган төгрөг (1200 рубль)-ийн татвар төлдөг. Заавал төлөх даатгалд автомашины зардлын 1%-ийг төлдөг.
Торгууль ч бага. Тухайлбал, бүсээ бүслээгүй, зориулалтын бус газар автомашины тавьсан бол 20 мянган төгрөг (475 рубль)-ийн торгуультай. Хотоос гармагц цагдаа бараг байхгүй. Зөвхөн Улаанбаатарт төлбөртэй авто зогсоол бий бөгөөд хагас цагийн турш 500 төгрөг (12 рубль)-ийн төлбөртэй байдаг.
Замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулахын тулд Улаанбаатарт долоо хоногийн тодорхой өдрүүдэд жолооч нарын зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьдаг. Хэрэв машины дугаар тань 7-гоор төгссөн бол мягмар гаригт, харин 5-аар төгссөн бол баасан гаригт хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Зөрчил гаргасан тохиолдолд 20000 төгрөг (475 рубль)-ийн торгууль ногдуулна.
Манайх машингүй л дээ. Хотод бидэнд машин хэрэггүй учраас тэр. Улаанбаатар хотод автобусаар зорчиход 500 төгрөг (12 рубль), Дархан хотод 200 төгрөг (5 рубль) зарцуулдаг. Дархан хотод би хэзээ ч автобусаар явж үзээгүй. Их ховор ч юм билээ.
Дархан бол жижиг хот. Алхах, эсвэл 10-15 минут дугуйгаар зорчих боломжтой. Дугуй бас ховор. Оршин суугчид нь голдуу хууль бус таксигаар зорчдог. Замын хажууд зогсож байхад чинь жолооч нар хүрч ирэн, такси авах эсэхийг асуун, машиндаа суухыг урина. Таксигаар нэг удаа зорчиход нэг хүн 500 төгрөг (12 рубль) төлнө. Таксинд өөр зорчигчид байх бөгөөд урд талын сандалд нэг хүн арын суудалд гурван хүн сууж зорчдог. Улаанбаатарт такси үнэтэй. Хотын төвөөс зах руу зорчиход 10 гаруй мянган төгрөг (240 рубль) төлж байсангүй. Ойрхон газарт 2000 төгрөг (50 рубль) төлнө.
Та албан ёсны таксигаар үйлчлүүлэхийг хүсвэл утсаар захиалга өгч болно. Жолооч нар хямд үнээр зорчуулах нь ч бий. Улаанбаатар хотын автобусны буудал дээр зогсож байсан таксины жолооч нар биднийг автобусны үнээр хүссэн газарт хүргэж өгөхийг санал болгож байсан юм.
Хот хооронд та машин, галт тэрэг, онгоцоор аялах боломжтой. Хэд хэдэн галт тэрэг байдаг. Гэхдээ маш хямд. Улаанбаатараас 500 км зайд, говь хүртэл 10,000 км нисэх боломжтой. Нийслэл болон Дархан хотын хоорондох автобус нь мөн адил зардалтай байдаг. Ихэнх тохиолдолд бид хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчидтэй хамт явдаг. Фэйсбүүкийн группт байдаг тэдэнтэй явахдаа 10 000 төгрөг төлөн, автобусаар 4 цаг явах замд 3 цагт зарцуулна. Хэрвээ жолооч хайж олох цаг байхгүй бол авто зогсоол дээр өөр жолооч нар үргэлж бэлэн байдаг. Гэхдээ тэд таныг 15000 төгрөгөөр (350 рубль) Дархан хотод хүргэж өгнө.
Та хотоос зайдуухан байгалийн сайханд очихыг хүсвэл машин авсан нь дээр. Бидний хувьд хамаатан саднаасаа машиныг нь түр авдаг. Замын цагдаа нар намайг нэг ч удаа зогсоож байсангүй.
ҮНЭ
Монголын Дарханд амьдрахад сард 50 мянган рубль хангалттай. Хятад, Солонгост үйлдвэрлэсэн техник хэрэгсэл, хувцас хунар, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ОХУ-тай харьцуулахад 1.5-2 дахин хямд. Жишээлбэл, жинсэн өмд 30 мянган төгрөг (715 рубль) байна. Дулаан хувцас, гоёл чимэглэлийн хувьд бид Монголынхыг илүүд үздэг. Учир нь жинхэнэ арьсаар хийгдсэн, ердийн, хямд төсөр байдаг. Оростой харьцуулвал хэд дахин хямд үнэтэй. Эмэгтэй нэхий 200-400 мянган төгрөг (4750-9500 рубль). Ихэвчлэн үнээ, хонины арьсаар хийгдсэн байдаг.
ХАРИЛЦАА ХОЛБОО БА ИНТЕРНЭТ
Би тусгай тариф бүхий хөдөлгөөнт интернэттэй "Юнитель"-ийн сим карттай. Сард 15 мянган төгрөг (350 рубль)-т багтсан 15 гигабайт дата, 20 минутын ярианы эрхтэй.
ОХУ руу ярихад хямд. Би тусгайлсан үйлчилгээнд 5000 төгрөг (120 рубль)-өөр холбуулж, 30 минут ОХУ руу ярих боломжтой болдог.
Монголд төлбөрийн терминал байдаггүй. Та урьдчилсан төлбөрт карт худалдан авах, эсвэл зуучлагчаар дамжуулж дансаа сольж болно. Миний байсан бүх хот, тосгонд 3G төхөөрөмж байсан. Ихэнх кафе, худалдааны төвүүд, автобусанд интернэт чөлөөтэй ашиглах боломжтой. Айл бүр өрхийн интернэттэй, бүр монгол гэрт хүртэл хиймэл дагуулын антенн бий.
ХООЛ
Монгол хоол бэлтгэхэд их энгийн боловч үнэхээр амттай. Орон нутгийн хоолны үндсэн цэсэнд мах, зуурсан гурил зонхилдог. Тиймээс маш их мах иддэг. Дуртай хоолууд нь: бууз, цуйван (мах, ногоо, гоймон), хуушуур, сүүтэй цай (сүү, давстай цай). Үдийн хоолны стандарт: цуйван, шөл болон мах, ногоо, будаатай хоол.
Би Воронежоос ирсэн. Манайд нэгдүгээр зэрэглэлийн мах бэлтгэдэг гэж ярьдаг. Гэвч Монголын махтай харьцуулшгүй юм. Монголын мах илүү амттай. Фермерүүд нь энэ талаар “Монголын үнээнүүд үржил шимтэй бэлчээрээс олон төрлийн өвс ногоо иддэг, мал амьтдаас хамгийн их "жаргалтай” хэмээн тайлбарладаг.
Монголд би эхнэртэйгээ долоо хоногт 4 кг мах иддэг. Монгол айлд хоёр хөргөгч байх нь хэвийн зүйл. Нэг нь зуны турш махаар дүүрэн. Өвлийн улиралд аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл махаа тагтан дээр хадгалдаг. Монголд Оросын жимс хоёр дахин их үнэтэй. Килограмм тутам нь 6000 төгрөг (140 рубль). Хятадын жимс хямд боловч амт муутай. Захаас бүх зүйлийг хямд худалдан авч болно. Бүх дэлгүүрт адилхан байдаг ч зах дээр ойролцоогоор 30 хувь хямд. Савласан сүү 3000 төгрөг (70 рубль), литрийн сүү 800 төгрөг (19 рубль).
Үдийн хоол 5000 төгрөг (120 рубль), дундаж ресторанд 2-3 дахин үнэтэй. Порц маш ихтэй. Та нэг хоол захиалахад л хангалттай. Хэрвээ "тахиа" гэж бичсэн л байвал танд будаа, салат, тахиа авчирна. Бид зоогийн газарт оройн зоог барихдаа 60 мянган төгрөг (1400 рубль)-өөс дээш мөнгө зарцуулж байсангүй.
ЭМНЭЛЭГ
Эмнэлэгт үзүүлэхийн тулд долоо хоногийн өмнө цаг авна. Бидний уулзаж байсан эмч нар ихэнхдээ Оросынхтой харьцуулахад илүү их мэдлэгтэй болов уу гэж бодогдож байлаа. Тэдний дийлэнх нь Солонгос, Хятадад суралцсан бөгөөд гадаад хэлээр ярьдаг, шинжлэх ухааны шинэ бүтээлүүд их уншдаг юм билээ.
Монголчууд эмчид үргэлж итгээд байдаггүй. Дийлэнх нь ардын уламжлалт аргаар эмчлүүлэхийг илүүд үздэг. Уламжлалт анагаах ухаан нь ургамалд бус, мах сүүнд суурилдаг. “Хэрэв нойр булчирхай өвдвөл доргоны мах идэх хэрэгтэй. Гүүний сүү ханиалгад тустай. Төрсөн эхчүүдэд хонины махнаас илүү сайн мах үгүй".
Эмийн сангуудад нь Хятад, Герман, Солонгосын эмүүд бий. Таагүй зүйл гэвэл: ОХУ-аас орж ирсэн эмүүд хоёр дахин илүү үнэтэй байдаг. Жишээ нь, Монголд АЦЦ 12 мянган төгрөг (280 рубль) бол манайд 120 рубль, ципрофлоксацин антибиотик 2000 төгрөг (48 рубль) бол манайд 12 рубль байх жишээтэй.
ХЭЛ БА ХОЛБОО
Би монголоор ярьдаггүй. Гэхдээ хэдэн зуун үг, хэдэн арван илэрхийлэл мэднэ. Энэ бүхэн худалдагч, таксины жолооч, эвсэл хөрштэйгээ харьцахад хангалттай байдаг. Төрийн албан хаагчидтай уулзахдаа би эхнэртэйгээ явдаг. Ахмад настнуудын ихэнх нь оросоор ярьдаг бол залуус англиар харьцна. Монголын залуучууд англи хэл маш сайн мэддэг. Хэрэв та монгол хэлээр яривал танд илүү хүндэтгэлтэй хандана. "Сайн байна уу", "Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ", "Ажил хэр байна даа" хэмээн хичээж асуухад хүмүүс их дуртай байдаг.
БАЙГАЛЬ БА ЦАГ УУР
Монгол маш сайхан орон. Уулс, тал хээр, ой мод, элсэн цөлтэй. Хэрэв та хотоос гадагш гарах дуртай бол долоо хоног бүр амралтаараа аялах боломжтой. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Зуны улиралд хуурай, халуун байдаг бол өвөл нартай ч хүйтэн байдаг. Би Воронежид өмсдөг дулаан хүрмээ өмсдөг ч даардаггүй. Өвлийн улиралд заримдаа -40 хэм хүрдэг тул дулаан хувцаслах хэрэгтэй. Монголд бараг бүх өдөр нартай. Хааяа бороошдог.
Монголд маш ховор зэрлэг амьтад бий: Чоно, дорго, могой, буга гэх мэт. Таньж мэдэхгүй газраар явах нь аюултай. Ялангуяа гэр хороололд нохойноос болгоомжлох хэрэгтэй. Гэрт амьдардаг хүмүүсийн бараг ихэнх нь том нохойтой, түүгээрээ хамгаалуулдаг. Ойролцоох толгод дээгүүр гүйж явахдаа би хэд хэдэн удаа нохойд хазуулах дөхсөн юм.
Мөн орон нутагт явахдаа голд шумбах хэрэггүй. Монгол орны гол мөрнүүд урьдчилан таамаглашгүй, түргэн урсгалтай.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА
Монголчуудын хувьд гэр бүл бол амьдралын гол үнэ цэнэ юм. Зөвхөн ээж, аавтайгаа ч бус авга ах, нагац ах, эгч, ах, хамаатан садан, эхнэр нөхөр, тэдний төрлүүд гээд бүгд холбоотой байдаг. Бид зун хамаатан садантайгаа уулзсан юм. Нийт 150 гаруй хүн цугласан. Тэдний дотор бидний харилцдаг хамаатан садан болох 50 хүн байлаа. Би ганцаараа өссөн учраас тийм олон төрөл төрөгсөд миний хувьд ер бусын байсан юм.
Би хуримынхаа дараах хэдэн сарын турш хэн нэгэнтэй танилцаж, маш их иддэг байв. Айл бүр л орос хүргэнээ сайтар дайлахыг хичээж байсан юм.
ТӨГСГӨЛ
Миний хувьд Монголд амьдрах нь илүү үнэ цэнэтэй байдаг. Би Монголын нэгэн өнөр айлын нэгэн гишүүн байхдаа дуртай. Оросод ийм зүйл байхгүй. Хотоос хэдэн арван метрийн зайд, онгон зэрлэг байгальд аялах дуртай. Монголд би цөл, уул нуруудад хамгийн богино хугацаанд маш хямд аялал хийх боломжтой.
Монголд бага орлоготой ч чөлөөт цагаа өнгөрөөх, машин хөлөглөх, мөнгө хэмнэх бломжтой. Хэрвээ 2-3 дахин их орлоготой бол хотоос зайдуу хоёр давхар байшин худалдаж авахсан.
Хүйтэнд дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Улаанбаатарын утааны улмаас хотоос гарах шаардлагатай болдог. Гэхдээ би тохь тухтай гудамж талбай, явган хүний зам, өндөр моддыг яасан их үгүйлдэг гээч.
Бидэнд явах төлөвлөгөө байхгүй. Би Монгол Улс хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг харах дуртай. Бүр 10-20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөхийг харахыг хүсч байна.
Д.ТУЯА
Сэтгэгдэл