Түүхч П.Дэлгэржаргал: Тусгаар улс байна гэдэг нь их хувь заяа юм

Aдмин / Улстөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласны түүхт 102 жилийн ойн баяр болох гэж байгаатай холбогдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн, Түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргалтай ярилцлаа.


-Улс тунхагласан түүхэн үйл явдлын тухай эргэн санавал?

-Монгол Улс 1911 онд хэмжээгүй эрхт хаант засаглалтай байснаа, 1921 оноос хэмжээт эрхт хаант засаглал руу шилжиж, 1924 оноос Бүгд найрамдах байгуулал руу бүрэн шилжсэн. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар анхны Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах тусгаар улс гэдгээ зарлан тунхагласан түүхэн үйл явдлын өдөр. 1924-1992 оныг хүртэл Бүгд найрамдах Монгол ард улс хэмээн нэрлэж байгаад 1992 оны Үндсэн хууль батлагдаж Монгол Улс болгон өөрчилсөн.

Ийнхүү Азийн дөрөв дэх үндсэн хуулиа баталсан улс болж байжээ. Бусад улс орнууд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, мөн манай улсыг тусгаар улс гэдгийг зөвшөөрөхгүй улс орнууд ч байсан тэр цаг үед дорно дахины улсууд дундаас нэлээд эрт үндсэн хуулиа баталсан улс болж байсан нь бахархууштай үйл хэрэг.

Тийм ч учраас Үндсэн хуулийн хамгийн эхэнд, Бүрэн эрхт Бүгд найрамдах ... хэмээн хууль эрх зүйн хувьд тунхагласан байдаг. Энэ түүхэн өдрийг Бүгд найрамдах Улс тунхагласан өдөр нэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байсныг Бүгд найрамдахыг нь авч, Улс тунхагласан өдөр болгосон. 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт таалал төгссөн явдал тохиосон байдаг. Тухайн жилийн зургадугаар сарын Намын төв хорооны хурлаар хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улсыг байгуулахаа зарласан юм.

-Монгол Улс бүрэн эрхээ тунхаглан, Үндсэн хуультай болсон энэ явдал юугаар ч хэмжээлшгүй бахархам үйл хэрэг байсан. Анхны Үндсэн хуулийг монголчууд санаачилсан болов уу?

-Манай монголчууд хаант байгуулалтай байсан учраас хаант байгуулалд парламентын засаглал зохимжтой гэж үзэж 1918 оноос хэд хэдэн Үндсэн хуулийн төсөл боловсруулж байсан хэдий ч VIII Богд таалал төгссөний учраас өмнөх төлөвлөгөө орхигдсон гэдэг. Тухайн үеийн Үндсэн хууль батлагдахад Зөвлөлт холбоот улсын нөлөө нэлээд байсныг судлаачид гаргаж ирсэн байдаг. Мэдээж анх удаа бүрэн эрх гэдгийг бий болгож, Үндсэн хуультай болох гэж байгаа улсад тухайн үедээ боловсон хүчин, туршлага дутмаг байсан нь ойлгомжтой. Анхлан бүрэн эрхээ тунхаглана гэдэг хамгийн том амжилт юм. Гэхдээ анхны юм бүхэн төгс байдаггүй гэдэгчлэн тухайн үеийн Үндсэн хуулийн ойлголтууд дунд буруу зөрүү зүйлс байсан гэж үздэг. Учир дутагдалтай гэж үздэг зарим заалтуудаас дурдвал, сонгох, сонгогдох эрх буюу феодал, хуучин ван гүн, алтан ураг угсааныхан болоод хийдэд байнга сууж буй лам нар, тухайн үед хөрөнгөлөг хүмүүсийн улс төрийн эрхийг хязгаарласан байдлыг хэлж болно. Харин нийгмийн угсаа гарал, яс үндэс, хүйс, хөрөнгө чинээ ялгалгүй тэгш эрхийг тусгаж өгсөн нь хамгийн том хүнлэг давуу талууд юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг хуулиар шийдэж өгсөн Азийн хамгийн анхны улс орон юм. Япон улсаас өмнө эмэгтэйчүүдийн сонгох эрхийг тогтоож өгсөн байдаг.

-Өнөөдөр монголчууд түүхээ хэр мэдэж байна вэ. Үр хойчдоо тусгаар тогтносон улсын иргэн гэдэг үнэ цэнийг хэрхэн мэдрүүлэх хэрэгтэй вэ?

-Түүх гэж тухайн ард түмний ой санамжид явдаг. Өөрийгөө монгол хүн гэж боддог хэн бүхэн түүхээ бага гэлтгүй мэдэж, уншдаг байх хэрэгтэй. Яагаад гэхээр түүх гэдэг ойлголт ард түмнийх л байдаг. Дэлхийн түүх гэж байхгүй. Улс улсад амьдарч байсан, төр улсаа байгуулсан ард түмний түүх л гэж бий. Ард түмэн гэдэг нь тасралтгүй үргэлжилдэг түүх. Төрийг байгуулснаар тухайн ард түмнийг хэрхэн амьдрах, хаашаа зорихыг тодорхойлдог. Түүхээ мэднэ гэдэг нь сайнаараа бахархаж, саараасаа суралцахыг хэлээд байгаа юм. Түүх гэдэг өвөг дээдэс, удам угсааны туулж ирсэн өөрийн зам мөр. Тэр дундаас давуу талаа илүү ашиглаж, сул талаа засч залруулах тухайгаа үнэлнэ гэсэн үг. Гэтэл түүхээ мэдэхгүй байснаас алдаа дутагдалаа давтахгүй гэх аргагүй. Хүн өвгөд дээдсийнхээ үлдээсэн түүхийг мэдэхийн хэмжээгээр эх оронч үзэлтэй байдаг. Ялангуяа улс төрд удирдан манлайлах, шийдвэр гаргаж буй түвшний хүмүүс тэр дундаа улстөрчид түүхээ маш сайн мэдэх ёстой юм.

1911 онд тусгаар улсаа эр зоригтойгоор зарлаж чадсан тухайн үеийн ноёдод талархах хэрэгтэй. Цаашлаад 1921, 1924 оны үйл явдлууд, эх орны дайнуудын үед амь биеэ хайрлаагүйгээр энэ улсаа босгож ирсэн тэр хүмүүсийн түүхээрээ бахархах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд дунд эх орныхоо төлөө амиа өргөх хүн олдох уу. Харин ч ичих нүүргүйгээр улс орноо идэж завшихын төлөө яваа улс их болжээ. 1921-1961 он хүртэл тэмцэж байж улс орноо тунхаглуулж байлаа. Өнөөдөр зарим нэг хүмүүс гадны хэл соёлыг суралцаад ирэхээрээ өөрийн түүхийг үгүйсгэж, хойшоо харахгүй урагшаа харах хэрэгтэй гэх мэт номлож байгаа нь туйлаас харамсалтай. Гадныхныг дуурайвал хөгжчихнө гэдэг тун өрөөсгөл ойлголт. Бид Зөвлөлтийг дуурайсан өнөөдөр ямар байгааг харж байна. Үндэстэн оршин тогтнох үндэс суурь, үнэ цэнэ гэдэг тэр үндэстний эрх чөлөөт тусгаар тогтнол, түүх соёл, хэл бичиг билээ. Тусгаар улс байна гэдэг гэдэг нь их хувь заяа юм. Манж чин улсын ар, өвөр Монгол, Хятад, Шинжаан Уйгар, Төвөд гэсэн улс орнууд байснаас 1911 онд Манжийн дарлал унахад бүгд тусгаар тогтнолын төлөө тэмцсэн боловч тэр дундаас ганцхан манай Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан байдаг юм. Тусгаар тогтнолоо авч чадаагүй улс одоо хэл бичгээ ч сурч чадахгүй, түүхээ ч судлах боломжгүй ямар байдалтай байгааг бид харж байна. Улс орон тусгаар тогтнол, өөрийн гэсэн эх оронтой байхаас илүү аугаа зүйл байхгүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.