“Булгари” брэндийг дэлхийд таниулсан Паоло Булгари таалал төгсжээ
Гэр бүлийнхээ үнэт эдлэлийн бизнесийг дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн брэнд болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Италийн үнэт эдлэлийн нэрт урлаач Паоло Булгари 89 насандаа Ром хотноо таалал төгссөн тухай гэр бүлийнхэн нь амралтын өдрүүдэд мэдэгджээ.
П.Булгари 1984 оноос “Булгари” (Bvlgari) группийн тэргүүнээр ажиллаж, тус брэндийн нэр хүндийг олон улсын хэмжээнд өсгөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүний урласан гоёл чимэглэлээр Уэльсийн гүнж Диана зэрэг хааны гэр бүлийн гишүүд, Холливудын алдартай жүжигчид гоёдог байв.
Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, гэр бүлийнхэн нь Паоло Булгариг “бидний цаг үеийн хамгийн гарамгай үнэт эдлэл урлаач” хэмээн тодорхойлсон байна.
“Булгари” компани нийгмийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлэхдээ түүнийг “бүтээлч сэтгэлгээтэй жинхэнэ уран бүтээлч” байсан хэмээн онцлоод үлдээсэн өв, бүтээл туурвил нь хойч үеийнхэнд урам зориг өгсөөр байх болно хэмээн тэмдэглэсэн байна. Д.Булгари нь өөрийн болон залуу загвар зохион бүтээгчдийн ур чадварыг хөгжүүлэхэд бүхий л амьдралаа зориулж, үнэт эдлэлийн ертөнцөд арилшгүй ул мөрөө үлдээснийг тус мэдэгдэлд мөн онцолжээ.
“Булгари” компанийг 1884 онд П.Булгаригийн өвөг эцэг, Грекийн мөнгөний дархан Сотириос Вулгарис Ром хотод үүсгэн байгуулсан түүхтэй. Тэрбээр Италид суурьшсаныхаа дараа нэрээ итали хэлний дуудлагад нийцүүлэн Сотирио Булгари болгон өөрчилсөн байна.
“Уран бүтээлийн онгод, урам зоригийн гэрэлт бамбар болсон Эрхэм Паоло таны үлдээсэн өв хойч үеийнхэнд мөнхөд урам зориг өгөх болно. Баярлалаа!” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Буянаа Ламжав








.jpg)



























.jpeg)










































Сэтгэгдэл