Монгол Улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна

Д.Тулга / Гадаад мэдээ
  • 2019-01-04 12:57:11
  • 2019-01-04 12:57:11

    Шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр болжээ

    photo

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр ажиллалаа.

    Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

    Тус эмнэлгийг шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор 1986 онд байгуулсан. Тухайн үед нийслэл хот 500-600 мянган хүн амтай байсан бол сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хувьд жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийтдээ 74 ажилтантай. Эмч ажилтнуудын хувьд ажлын ачаалал харьцангуй өндөр, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг тул цаашид эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохирсон эмчилгээ үйлчилгээ явуулах, мөн эмнэлгийг барилгыг өргөтгөх юмуу шинэ эмнэлэг барих шаардлага тулгараад байгааг эмнэлгийн удирдлага хэллээ.

    Түүнчлэн тус эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудгаас 20 орчим мянга нь хүүхэд байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг. Ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад өөр эмнэлэг үйлчилгээ тэдэнд үзүүлдэггүй.

    Тиймээс тус төвийн эмч нар өөрсдийн санаачлагчаар гаднын хөрөнгө оруулагчдын хандивын тусламжтайгаар өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, төсвийн бус өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Тайван улсад хэд хэдэн удаа мэргэшсэн эмч мэргэжилтнээ явуулан мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах сувилагч, эмч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдгийг онцоллоо. Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгож ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэдгийг дурдаад, эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хотын удирдлагад гаргасан юм.

    Мөн "Тайван инээмсэглэл төсөл"-ийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллана. Үүний тулд төслийн хүрээнд гурван зорилт тавин ажиллана.

    Нэгдүгээрт: "Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулна.

    Хоёрдугаарт: "Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхыг нь сайжруулна.

    Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох юм. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэнэ гэж тус эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ.

    НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил Нийслэлээс шийдэж өгсөн. Гаднах авто зогсоолгүй байдлыг хараад шийдсэн хөрөнгийнхээ хэмжээтэй харьцуулахад сэтгэлд хүрэхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудалд анхаарч ажилла. Нийслэлийн хүн амын амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг болсон. Үүнээс хамаараад дотор эрхтэй эрүүл, өвчлөлтэй байх асуудал хүртэл хамаардаг учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой.

    Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх хүрээнд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр нь ажиллаад энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно" гэлээ.

  • 2019-01-03 10:22:37
  • 2019-01-03 10:22:37

    ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ

    photo

    Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2018 оноос эхэлж Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байна. Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж үр дүн нь батлагдсан бөгөөд энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж эхэлж байна.

    Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг. Бидний мэдэхээр настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьж заншсан байдаг. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг.

    Тухайн мэс заслын хувьд:

    1. Жижиг зүслэгээр хийгддэг.
    2. Мэс заслын дараах өвдөлт зовиур бага.
    3. Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан.
    4. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
    5. ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засалруу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой.

    ГССҮТ-д хийгдэж буй энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийн хангасан бүхий л насны хүмүүст хийгдэж болно.

    ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь Эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтуудын нэг юм.

    Мэс заслын багийн гишүүд:

    • ГССҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан
    • Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их эмч Ж.Түмэн-Өлзий
    • ЯҮГТ2-ийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав
    • ЯҮГТ2-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх
    • Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг
    • Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг

  • 2019-01-03 10:15:19
  • 2019-01-03 10:15:19

    МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдтэйгээ уулзаж байна

    photo

    УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдэн бойкот зарласан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй найм дахь удаагаа хойшлоод байгаа юм.

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах учир чуулганы хуралдааныг хойшлуулж өгөх саналыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө гаргасан. Энэ дагуу чуулганы хуралдаан хойшилж яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсан гишүүд уулзалт хийж байна.

    Харин УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааны өмнө үг хэлэхдээ "УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуульд заасан үндэслэлийг хангаагүй учир хэлэлцэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Би энэ талаарх хариуг нэр бүхий гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн" хэмээсэн юм.

  • 2019-01-03 09:37:23
  • 2019-01-03 09:37:23

    Монгол Улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна

    photo

    -ӨМНӨД ТУЙЛД СУДАЛГААНЫ БААЗ БАЙГУУЛАХАД 200 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ-

    Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав Антарктид тивд ажиллах багийнхан болох далай судлаач Д.Ганбаатар, докторант Д.Чинзориг, доктор Д.Батмөнх нарын хамт алсын замд 12 дугаар сарын 12-ны өдөр хүлгийн жолоо залсан. Л.Дүгэржав 2009 онд мөсөн тивд монгол гэр барин төрийн далбаагаа мандуулж анхны баазаа байгуулсан гэдэг. 2012 оны 12 дугаар сараас 2013 оны нэгдүгээр сарын хооронд Антарктидын Ливингстоны арал дахь Болгарын баазад дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх судалгаа хийх явцдаа цэвдгийн температурын өөрчлөлтийг судалсан нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялж байсан нь түүний дөрөв дэх аялал байсан аж.

    Манай улс 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Олон улсын Антарктидын конвенцид элссэн. Тус конвенцид элсэж орсноор Монгол Улс Антарктид тивд /Өмнөд туйл/ бааз байгуулах албан ёсны эрхээ авсан юм. Туйл судлаач Л.Дүгэржав сая өмнөд туйлд очсоныхоо “Ирээдүйд Монгол Улсын Чингис хааны нэрэмжит Антарктид судлалын бааз барих газар ирээд байна. Энэ газарт цаг уурын автомат станц суурилуулсан. Мөн бааз барих газар дээрээ жижигхэн овоо босгож, төрийнхөө далбааг мандуулсан байгаа. Өмнөд туйлд зургаан хүн амьдарч болох бааз баригдах юм. Эхний ээлжид бааз барих барилгын материалаа Испаниас татах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн бичлэгийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Өмнөд туйлд бааз байгуулахад 200 орчим сая ам.доллар шаардлагатай аж. Монгол Улсын бааз Өмнөд туйлын Ливингстон гэх арал дээр байгуулна. Газрын хувьд 10:20 метр орчим, бул чулуун дээр баригдах юм.

    Өмнөд туйлд салхигүй үедээ өвлийн дундаж температур нь -74 градус, жилийн дундаж температур нь -54 градус. Зуны үе буюу нэг, хоёрдугар сарын үед дундаж температур нь -34 орчим градустай байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд Антарктид тивд судалгаа шинжилгээний бааз ихээр байгуулах болсон. Тухайлбал, Амундец-Скотын цэгээс 10 гаруй км зайд байрладаг АНУ-ын баазыг тэрбум ам. доллараар босгожээ. Солонгос улс 2010-2011 онд тэрбум ам.доллараар хоёр бааз байгуулсан. Хятад улс 2012 онд “Цагаан хэрэм” нэртэй баазаа байгуулахад мөн л тэрбум ам.доллар зарцуулжээ. Болгар улс өөрийн баазаа сая ам.доллараар босгосон аж. Манай улсын хувьд хэдийгээр энэ хэмжээний мөнгөөр бааз байгуулж чадахгүй ч өөрийн гэсэн судалгааны баазтай болсноор олон давуу тал үүсэх юм.

    Энэ талаар туйл судлаач Л.Дүгэржав ярихдаа “Антарктик тив судлал бол шинжлэх ухааны хувьд, улс төрийн хувьд маш онцлогтой. Яагаад гэвэл манай дэлхийн сүүлчийн тив. Антарктид тив дэлхийн хуурай газрын 10, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Дунджаар 3400 метрийн зузаантай, 14,5 сая хавтгай дөрвөлжин километрийн мөс дэлхийг сэрүүцүүлэх хамгийн гол хөргөгч болдог. Манай дэлхийн бүх амьд амьтны жингийн хэмжээнээс илүү хэмжээний сам хорхой тэнд бий. Өөрөөр хэлбэл, өмнөд туйлд байгаа сам хорхой бол хүн төрөлхтний ирээдүйн хоол тэжээл байх болно. Ирээдүйд хүмүүс яаж амьдрах вэ гэдэг жишгийг тэнд тогтоож байгаа. Ер нь судалгааны ажил гэдэг чинь энэ шүү дээ. Тэнд хэн хөдөлмөрлөж, хэн хувь нэмрээ оруулж байна, тэр хүн л ирээдүйд энэ бүхнээс хүртэнэ. Монголчуудад тэнд ажиллах бололцоо бий. Яагаад гэвэл бид хүйтэнд тэсвэртэй. Эрс тэс уур амьсгалд амьдраад сурсан улсууд. Бид цөөхөн мөртлөө юм юм хийж чаддаг, нэг ёсондоо универсал хүмүүс. Тийм учраас бидэнд хөргөх чадвар бий. Хүн ирээдүйд экологийн цэвэр орчинд яаж амьдарч чадах вэ гэдгийн жишээ тэнд бий” гэсэн юм.

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.