Ж.Эпштейний баримтуудыг ил болгох тухай хуульд Д.Трамп гарын үсэг зуржээ
Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгохыг тушаасан хуульд гарын үсэг зурсан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Хуулийн төсөлд Ж.Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтын бүх мэдээллийг 30 хоногийн дотор “хайх, татаж авах боломжтой хэлбэрээр” ил болгохыг Хууль зүйн яамнаас шаардсан байна.
Д.Трамп өмнө нь эдгээр баримтыг ил болгохыг эсэргүүцэж байсан боловч Ж.Эпштейний хохирогчид болон Бүгд найрамдах намын /БНН/ гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны дараа өнгөрсөн долоо хоногт байр сууриа өөрчилсөн юм.
Тэрбээр баримт бичгүүдийг дэлгэхийг уриалсны дараа мягмар гарагт Конгрессын хоёр танхим болох Төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхимын гишүүд уг хуулийг олонхын саналаар баталсан билээ. Тодруулбал, Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид уг хуулийг 427:1 саналаар баталсан бол Сенат санал нэгтэйгээр батлахаа мэдэгдсэн юм. Ж.Эпштейнээс хураан авсан 20 мянга орчим хуудас баримт бичиг, түүний дотор Д.Трампын нэр дурдагдсан зарим баримт бичиг өнгөрсөн долоо хоногт нийтлэгджээ. Тэдгээрийн дунд Ж.Эпштейн Д.Трампын талаар “Би түүнийг буулгаж чадах хүн. Дональд бохир заваан нэгэн болохыг би мэднэ” гэж 2018 онд бичсэн мессежүүд багтжээ.
Д.Трамп нь Ж.Эпштейнтэй олон жилийн турш найзалж нөхөрлөж ирсэн боловч тэд 2000-аад оны эхээр буюу Ж.Эпштейнийг анх баривчлагдахаас хоёр жилийн өмнө харилцаа нь муудсан байна. Мөн Д.Трамп Ж.Эпштейнтэй холбогдолтойгоор ямар нэгэн буруу зүйл хийсэн гэдгээ үгүйсгэсээр иржээ.
Даваа гаргийн орой сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Д.Трамп бүгд найрамдахчуудад “Эпштейнтэй ямар ч холбоогүй” гэдгээ хэлсэн байна. “Энэ бол жинхэнэ Ардчилсан намын асуудал. Ардчилсан намынхан бүгд Эпштейний найзууд байсан” гэж тэрбээр хэлжээ.
Ерөнхийлөгч гарын үсэг зурсан хэдий ч Ж.Эпштейний бүх баримтыг ил болгоно гэсэн баталгаа байхгүй юм. Хуулийн төслийн эх бичвэрээс үзвэл хувийн нууцад халдсан эсвэл одоо үргэлжилж буй мөрдөн байцаалттай холбоотой гэж үзвэл зарим хэсгийг нь нууцалж болох ажээ.
Хуулийн төслийг боловсруулагчдын нэг, БНН-аас сонгогдсон Конгрессын гишүүн Томас Массигийн хувьд зарим баримтыг нууцалж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. “Трамп олон мөрдөлтийг эхлүүлж байгаад би санаа зовниж байна, баримтуудыг ил болгохгүйн тулд мөрдөлтийг ашиглахыг тэд оролдож магадгүй хэмээн миний санаа зовж байна” гэж тэрбээр хэлжээ.
Э.Хулан

































































Сэтгэгдэл