Гэр бүлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд юу тусгав?
Монгол Улс Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг бүрдүүлэхтэй зэрэгцэн гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж гэж тодорхойлж, төрөөс хамгаална хэмээн хуульчилсан. Энэ зарчимд тулгуурлан 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг анх батлан хэрэгжүүлсэн.
Гэвч нийгмийн харилцаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр тус хууль бодит амьдралын олон талт харилцааг бүрэн зохицуулж чадахгүйд хүрч, өнгөрсөн 26 жилийн хугацаанд зөвхөн бусад хуулийн шинэчлэлийг дагасан хэсэгчилсэн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарлагдсаар ирсэн билээ. Тухайлбал,
Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Соёлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хуулийн шинэчлэлтэй уялдан засвар орсон боловч гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өөрчлөлт хийгдээгүй байгаа юм.
Үүнээс үүдэн иргэдийн өдөр тутмын амьдралд үүсэх санхүү, эд хөрөнгө, хүүхэд хамгааллын олон маргаан шийдэгдэлгүй үлдэх, 2002 оны Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт туйлын их зөрчил үүсгэх болсон нь хууль шинэчлэгдэх ёстойг илтгэж буй.
Гэр бүлийн харилцаа өөрөө асар ихээр төрөлжиж, дэлхийн бусад улс оронд гэрлэгчдийн эд хөрөнгийн эрх, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах, хүйсээ өөрчилсөн үед гэрлэлт дуусгавар болох, тээгч эх, зохиомол үр тогтоолт зэрэг нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан хүүхэдтэй болох харилцааг бүгдийг нь тусгай хуулиар зохицуулж буйтай харьцуулахад бидний одоо мөрдөж буй хууль эдгээр шинэ харилцааг зохицуулж чадахгүйд хүрчээ.
Түүнчлэн гэрлэлт цуцлалтын тоо жилээс жилд өсөхийн хэрээр хүүхдийн асрамж, харгалзан дэмжих, уулзалт, тэтгэлгийн асуудал зэрэг хамгийн эмзэг харилцаанууд шүүхийн шийдвэрт давхар шийдэгдэхгүй үлдэх нь ихэсч, хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсоор байна. Жишээлбэл,
2022 онд 17 мянга гаруй, 2023 онд мөн түүнтэй дүйцэхүйц тооны гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд гэрлэлт мэдэгдэхүйц буурсан ч гэрлэлт цуцлалтын хувь эсрэгээрээ өсч, 31.4 хувь хүрсэн нь гэр бүлийн тогтвортой байдал муудаж, хүүхэд хамгааллын асуудал хурцаар тавигдаж байгааг харуулж буй юм.
Гэвч шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт тэтгэлгийн асуудал нэхэмжлэлийн шаардлагаас үүдэн орхигдсоор байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж буй томоохон шалтгаан болж байна. Тухайлбал, 2017 онд тэтгэлэг тогтоолгүй орхисон шүүхийн шийдвэр 80 хувь байсан бол 2022 онд энэ үзүүлэлт 90 хувь болсон нь нөхцөл байдал улам дордсоныг илтгэж буй юм.
Хамгийн ноцтой асуудлын нэг нь хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэл туйлын хангалтгүй байгаа явдал юм. Сүүлийн дөрвөн жилд гарсан нийт гүйцэтгэх хуудасны ердөө 9 хувь нь л биелж, олон мянган хүүхэд хууль ёсоор авах ёстой тэтгэлгээ авч чадалгүй өсч байна.
Амьжиргааны доод түвшингээр тогтоодог тэтгэлгийн хэмжээ бүс бүсэд 446-454 мянган төгрөг байгаа нь хүүхдийн бодит амьжиргааны хэрэгцээтэй харьцуулахад хангалтгүй бөгөөд хоол тэжээл, эрүүл мэнд, боловсролын эрх зөрчигдөх нөхцөлд хүргэж буй. Тиймээс тэтгэлгийн хэмжээг хүүхдийн бодит хэрэгцээ, тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдуулан бодитоор тогтоодог шинэ аргачлал нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Нийгмийн өөр нэгэн ноцтой асуудал бол Монгол Улсын хүн амын 6.1 хувь нь цус ойртсон байх магадлалтай гэсэн судалгааны дүн бөгөөд гэрлэхийг хүсэгчид хоорондоо садан төрөл эсэхээ тодруулах эрх зүйн боломжгүй байгаа нь мутацитай, эрүүл мэндийн эрсдэлтэй хүүхэд төрөх нөхцөлийг нэмэгдүүлсээр байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн гэрлэлт цуцлах тохиолдол эрс өсч, 2017 онд 2 хувь байсан бол 2022 онд 20 хувь болж нэмэгджээ. Уг шалтгааны улмаас гарах сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй хэвээр байгаа юм.
Сүүлийн жилүүдэд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч буй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, 2022-2025 онд 99 мянга гаруй хүүхэд ийм харилцаанаас төрсөн ч эд хөрөнгө, хүүхдийн асрамж, салалтын дараах эрх, үүргийн зохицуулалт дутмаг байгаагаас олон маргаан шийдэгдэлгүй үлдэж буй юм байна.
Мөн тээгч эх, эсийн донор, зохиомол үр тогтоолтоор хүүхэд төрүүлэх явдал нэмэгдэхийн хэрээр хэн эцэг, эх болох, ямар эрх үүсэх зэрэг нарийн харилцааг зохицуулах хууль огт байхгүй нь шүүхийн маргаан, хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа ажээ.
Хүйсээ солихтой холбоотой гэр бүлийн харилцаа бас нэгэн тодорхойгүй бүсийг үүсгэж, 2022 оноос хойш хүйсээ өөрчилсөн таван тохиолдол бүртгэгдсэн ч эхлээд гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарцгүй одоогийн зохицуулалт эрх зүйн маргаан үүсгэх боломжтой хэвээр байна.
Үүн дээр хүүхдийн эрх хамгаалал мөн адил эмзэг хэвээр. 2024 оны байдлаар 895 хүүхэд асрамжийн төвд амьдарч, тэдний дийлэнх нь хүчирхийлэл, хараа хяналтгүйдэлт, бэлгийн мөлжлөгийн золиос болсон байна. Харин эцэг, эх байх эрхийг хасах, сэргээх асуудалд хүүхдийн эрхийг бүрэн хангах зохицуулалт хангалтгүйгээс хүүхэд хамгааллын бодлого доголдсоор байна.
Үрчлэлтийн асуудал ч мөн адил эрсдэл дагуулж байгаа аж. 2022-2025 онд нийт 4843 хүүхэд үрчлэгдсэнээс дийлэнх нь дотоодод үрчлэгдсэн боловч үрчлэлтийг шүүх бус албан тушаалтан шийдвэрлэдэг одоогийн тогтолцоо хүүхдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэл дагуулж байгаа аж. Олон улсын жишгээр үрчлэлтийн асуудлыг заавал шүүх шийдвэрлэдэг нь илүү ил тод, баталгаатай арга юм байна.
Монгол иргэдийн гадаадын иргэнтэй гэр бүл болох, цуцлах харилцаа жилээс жилд өсөн нэмэгдэж, зөвхөн 2022–2024 онд 49 мянга гаруй гэрлэлт бүртгэгдсэн бол 13 мянга гаруй нь цуцлагдсан байна. Энэ нь олон улсын гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дэлхийн жишигт нийцсэн эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харуулж байгаа юм.
Хүүхдийн асрамжийн хувьд ч манай хууль зөвхөн биечлэн дангаар асрах хэлбэрийг зөвшөөрдөг тул олон улсад өргөн хэрэглэгддэг хамтран биечлэн асрах, дангаар биечлэн асарч, хамтран шийдвэр гаргах зэрэг хувилбаруудыг нэвтрүүлэх шаардлагатай болжээ.
Эдгээр олон талт бодит нөхцөл байдал нь Монголын гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлууд улам түвэгтэй болж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хангалттай хамгаалагдахгүй байгааг харуулж буй юм. Иймд 1999 оноос хойш бодитой шинэчлэл хийгдээгүй Гэр бүлийн тухай хуулийг өнөөгийн нийгмийн өөрчлөлт, олон улсын чиг хандлага, иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн бүхэлд нь шинэчлэн найруулах нь зайлшгүй бөгөөд цаг үеийн бодит шаардлага болжээ.

























.jpg)




































Сэтгэгдэл