Герман улс: Авлигын дуулиан гарсан ч Киевт үзүүлэх тусламж хэвээр үлдэнэ
Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль арваннэгдүгээр сарын 12-ны лхагва гарагт Канад улсад болсон "Их долоо" (G7)-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр "Герман болон түүний Европын түншүүд Украинд гарсан авлигын дуулианыг үл харгалзан, Оросын зэвсэгт түрэмгийллийн эсрэг Киевийн батлан хамгаалах тэмцлийг дэмжсээр байна" гэж мэдэгдэв.
Вадефуль “Бид Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибигэд барууны дэмжлэг итгэлтэй хэвээр байхын тулд авлигатай шийдэмгий тэмцэх шаардлагатайг тодорхой хэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Вадефуль G7-ийн хуралдааны үеэр (Канадын Ниагара-он-те-Лейк хотод) Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кая Каллас, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро, Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни нартай уулзсан байна.
Тэрбээр оролцогчид Украин болон авлигатай тэмцэж буй тус улсын бие даасан байгууллагуудыг цаашид дэмжихээ баталсан гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский авлигын дуулиан дэгдсэнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Герман Галущенко, Эрчим хүчний сайд Светлана Гринчук нарт огцрох шаардлага тавьжээ. Тэрбээр авлигатай тэмцэх байгууллагуудыг дэмжих бодлогоо үргэлжлүүлэхээ мөн илэрхийлсэн байна.
Мөрдөн шалгалтын дагуу, олон сая ам.долларын авлигын хэрэг нь зөвхөн эрчим хүчний салбар төдийгүй батлан хамгаалах салбартай холбоотой аж. Гол сэжигтэн Тимур Миндич Зеленскийн олон жилийн бизнесийн хамтрагч бөгөөд баривчлагдахаас зугтжээ хилийн чанад руу оргон зайлжээ.
Вадефулийн хэлснээр, Онтарио мужид болсон уулзалтын дараа G7-ийн өмнөх байр суурийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэл гарна гэж найдаж байгаа аж. Тэр “G7-ийн орнууд Украины талд байна. Өмнө нь бидний илэрхийлж байсан бүх байр суурийг энэ бага хурал дээр дахин баталж байна” гэж онцолжээ.
Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд мөн ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Эдгээр хориг нь Оросын дрон үйлдвэрлэл, хэрэглээнд оролцож буй хувь хүн, компаниуд болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэдэг байгууллагуудад чиглэсэн байна.
Мөн Орос улсын эрчим хүчний салбар дахь хоригийг тойрон гарахад ашигладаг “сүүдрийн флот”-ын 100 хөлөг онгоцыг хоригийн жагсаалтад оруулна гэжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ





























































Сэтгэгдэл