Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсаа хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар таван жил тутамд гаргаж ирсэн.

Энэ дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг Г.Занданшатарын танхим боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Засгийн газраас боловсруулсан ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь ард иргэдийнхээ амьдралын баталгааг сайжруулж, хүчирхэг эдийн засагтай улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Энэ тухай Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Таван жилээр нийгэм эдийн засгаа төлөвлөж байя, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, ард иргэддээ ойлгомжтой, урьдчилан таамаглаж болохүйц таван жилийн төлөвлөгөө гаргаж байя. Таван жилийн төлөвлөгөөндөө үндэслээд жилийн төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Жилийн төлөвлөгөөндөө суурилаад улсын төсвийг боловсруулах нь чухал. Бид эв нэгдэлтэй, соёлын дархлаатай хүмүүнлэг, иргэндээ ээлтэй нийгмийг бүтээнэ.

Иргэдийнхээ аюулгүй эрүүл эрдэм боловсролтой байх нөхцлийг хангаж, 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна. Үнэт зүйл нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хүрээнд татварын бодлогын шинэтгэл, эдийн засгийн реформын зэрэгцээ нийгмийн тэгш шударга ёсны зарчмыг хангана.

Бага орлоготой иргэддээ илүү хөнгөлөлт үзүүлдэг, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмждэг байна. Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг барьж байгуулан, агаарын бохирдол, Улаанбаатар хот, хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан цогц бодлого хэрэгжүүлнэ” гэв. Монгол Улсыг хөгжүүлэх ирэх таван жилийн төлөвлөгөөнд бодлогын найман чиглэл тодорхойлжээ. Тодруулбал, “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлийн хүрээнд нэлээд ажил хийхээр төлөвлөсөн байна.

Мөн өмнөх таван жилийн төлөвлөгөөнөөс ялгарах хэд хэдэн шинэ зориултуудыг ч тусгажээ. Дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хүргэх, үндэсний өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн шилдэг 50 оронд эрэмбэлэгдэх зэрэг далайцтай төлөвлөгөө боловсруулжээ.

Хөрөнгө оруулалтын хувьд 2026-2030 он хүртэл 66.6 их наядын өртөгтэй 87 төсөл хэрэгжүүлэхээр зорьсон байна. Ирэх таван жилд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулах аж. Орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэхээр төлөвлөсөн байна.

Авлигын асуудал мэдээж улс орны зовлон байдаг. Иймд Г.Занданшатарын танхим ирэх таван жилд авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхийг зорьсон байна. Улмаар ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулна гэжээ. “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгажээ. Цаашлаад бизнесийн ээлтэй орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад дорвитой ажлууд хийхээр төлөвлөжээ. Энэ мэтчилэн Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсыг ирэх таван жилд системтэй зөв бодлогоор хөгжүүлэх юм байна.

М.МӨНХ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.