АНУ Киевээс зарим нутаг дэвсгэрээсээ татгалзахыг шаарджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украинаас Орос улсад улсынхаа зүүн нутгийн зарим нутаг дэвсгэрийг шилжүүлэх, Зэвсэгт хүчнийхээ тоог цөөлөх, тодорхой төрлийн зэвсгээс татгалзах ёстой гэж шаардан, энэ талаар ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайныг зогсоох шинэ төлөвлөгөөндөө тусгажээ.
Барууны хэд хэдэн хэвлэл, түүний дотор Reuters агентлаг болон Axios портал энэ талаар арваннэгдүгээр сарын 19-ний лхагва гарагт эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна.
Reuters-ийн ярилцагчдын мэдээлснээр, Цагаан ордон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд АНУ-ын боловсруулсан, 28 заалт бүхий төлөвлөгөөг Киев хүлээн зөвшөөрөх ёстойг ойлгуулжээ.
Өмнө нь Трампын засаг захиргаа төслийн баримтдаа дөрвөн үндсэн чиглэлийг онцолсон талаар мэдээлсэн. Үүнд: Украинд энх тайван тогтоох асуудал, аюулгүй байдлын баталгаа, Европ дахь аюулгүй байдал, мөн Вашингтон, Москва, Киевийн харилцааны ирээдүй багтсан билээ.
Axios: Аюулгүй байдлын баталгаа чухал
Трампын шинэ төлөвлөгөөнд Донбассыг ОХУ-д шилжүүлэх асуудлыг тусгасан бөгөөд Axios-ийн мэдээлснээр Украин одоо ч энэ бүс нутгийн 14.5 орчим хувийг хянаж буй аж. Үүний оронд Киев АНУ болон Европоос аюулгүй байдлын баталгаа авч болох нь.
Axios-ийн эх сурвалжийн хэлснээр, Цагаан ордны үзэж буйгаар, дайн үргэлжилвэл Украин яриад буй нутаг дэвсгэрүүдээ зайлшгүй алдах тул “Украины ашиг сонирхлын хувьд одоо тохиролцоонд хүрэх нь илүү дээр” аж.
Мөн төлөвлөгөөнд Херсон болон Запорожийн бүсүүдийн фронтын шугамыг “царцаах” тухай заалт багтжээ.
FT: АНУ Украинаас Зэвсэгт хүчнээ тал хувиар бууруулахыг шаардсан
Трампын төлөвлөгөөнд Украины Зэвсэгт хүчний тоог хоёр дахин бууруулах, мөн Оросын гүн рүү цохилт өгөх чадвартай алсын тусгалын зэвсгийг ашиглахыг хязгаарлах шаардлагууд багтсан гэж "Financial Times" мэдээлжээ.
Axios-ийн арваннэгдүгээр сарын 19-нд мэдээлснээр, АНУ ОХУ-ын эрх баригчидтай Украины дайныг зогсоох шинэ төлөвлөгөөний талаар нууц хэлэлцээ хийж байгаа аж.
Уг баримт бичгийн төслийг АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф боловсруулж буй бол шинэ төлөвлөгөөний агуулгыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хэлэлцэж буй юм байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ




























































.jpg)





Сэтгэгдэл