Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ДЭМБ-аас хэрэгжүүлж буй тамхины хяналтын тухай баримтлаж буй хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгааны талаар ярилцлаа.

-“TOBACCA SPOTTER” АПП АШИГЛАН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАРИМТТАЙГААР МЭДЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ-

-Тамхины хуулийн хэрэгжилт ямар шатанд явж байгаа талаар манай улсад мэдээлэл тун хомс шүү дээ. Энэ судалгаа хэрэгжсэнээр хэрэгжилт ямар шатанд байгааг бид мэдэх боломжтой болно гэсэн үг үү?

-Тиймээ. 2012 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулаад 2013 оны гуравдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. ДЭМБ тамхины хяналтын тухай баримталж байгаа баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх асуудал төвөгтэй байдаг. Зарим орнуудад хууль нь, гарц нь хөтөлбөртэйгөө бичиг цаасны хувьд болчихоод байгаа ч бодит амьдралд хэрэгжиж байна уу гэдгийг үнэлэхэд их төвөгтэй явсаар ирсэн. Тийм учраас анх судалгааны гурван аргыг харьцуулж үзээд дэлхийн хэмжээнд зургаан бүсээс нэг нэг улсыг сонгон, судалгаанд оролцуулж байна. Номхон далайн баруун эргийн бүсээс Монгол улс сонгогдсон. Анх удаа хийгдэж байгаа учраас энэ зургаан оронд хийгдсэн судалгааны дүнгээс хамаараад бусад оронд хэрэгжүүлэх заавар зөвлөмж нь гарна гэж үзэж байгаа.

-Энэ судалгааг хэрхэн хийдэг юм бэ?

ДЭМБ-ын экспертүүд судлаач бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод болон Архангай аймагт хийсэн. Ингээд бэлтгэгдэж гарч ирсэн судлаачид эхний удаад гар утасны апп “Tobacca spotter”–ыг судлаачдын гар утсан дээр суулгаж өгөөд явуулсан. Энэ нь ажиглалтын судалгаа юм, хувь хүнээс асуух юм байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн хоёр заалт дээр л ажиллах бөгөөд эхнийх нь зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэг байгаа эсэхийг хянах. Хоёрдугаарт, дотоод орчинд тамхи таталт хэр байгаа вэ гэдгийг судалсан. Ингэхдээ бид найман төрлийн байгууллагад, эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллага, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний байгууллагад хуваагдаад сонгогдсон газруудад очиж ажиглалт хийсэн. Эдгээр байгууллагууд руу очоод л орц гарцаар нь явж үзнэ, хашаан дотор нь явж үзэх гэх мэтээр шалгана. Нийтийн тээвэрт автобусанд сууж яваа хүн эсвэл жолооч тамхи татаж байна уу гэдгийг хянаж энгийн таван асуултанд хариулаад л бөглөөд л болоо. Үүн дээр бичигдсэн мэдээлэл ерөнхий самбар дээр шууд ирж байдаг учраас шивээд л, ороод л, цаг алдаад байх зүйлгүй. Явуулсан мэдээллийг Монголд СЭМҮТ дээр, дэлхийд Женевт шууд хянаж байгаа юм. Одоо энэ ажиглалтын судалгаа дуусчихсан. Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг бүгд ороод үүнд хамрагдчихсан байгаа.

-Харин одоо?

-Хоёрдугаарт буюу одоо хийгдэх судалгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт иргэдэд зориулсан мэдээлэл гаргаж байна. Энэ нь иргэд тухайн апп-ыг өөрийн гар утсан дээрээ татаж аваад бөглөх боломжтой судалгаа юм. Иргэн та энэхүү гар утасны апп-ыг татан авч тамхины хуулийн хэрэгжилт ямар байгааг бодит баримттайгаар мэдээллэх боломжтой болж байгаа гэсэн үг. Ингэхээр бэлтгэгдсэн судлаачид явж судалгаа хийсэн нь дээр байна уу, ямар ч ойлголтгүй байгаа олон нийтэд сурталчилгаа тарааж байгаад бөглөх нь илүү үр дүнтэй байна уу, энэ хоёрын ялгаа юу байна, аль нь үнэн бодитой юм, аль нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм гэдгийг мэдэх зорилготой судалгаа юм.

-Та бүхний хийсэн судалгааны үр дүн ямар байв аа?

-Яг тодорхой хариу нь хараахан гараагүй. Гэхдээ ажиглалт хийгээд явж байхад тамхины зар сурталчилгааны зөрчил харьцангуй гайгүй юм байна гэдгийг мэдсэн. Ялангуяа зурагтаар тамхины сурталчилгаа бараг байдаггүй юм байна. Энэ судалгааг хийснээр хуулийн хэрэгжилт хаана яваа юм гэдгийг мэдэх боломжтой. 2019 оны зургадугаар сар гэхэд дүн нь эцэслэгдээд, том хурал нь Женевт болно. Үүнээс гарсан үр дүнгээр бусад орнуудад хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь шалтгаална. Эрүүл мэнд болон мэдээллийн технологи хоёр цаашид энэ мэтээр хамтран ажиллахаар байна.

-Ер нь энэ олон хүн явж судалгаа хийгээд л, ДЭМБ-аас хүртэл үүнд анхаарч байгаа. Гэтэл иргэд тамхидалтыг төдийлөн хор уршигтай мэтээр хүлээж авдаггүй шүү дээ. Тамхидалтын хор уршгийн талаар товч хэлж өгнө үү?

-Тамхины хэрэглээ бол амьдралын буруу хэвшил. Яг үнэндээ хавдраар өвчилж байгаа хүмүүсийн олонхийнх нь үндсэн шалтгаан яах аргагүй тамхи. Өнөөдөр магадгүй тамхи татаж байгаа хүнд биед нь илт зовиурлагдаад байх юм байхгүй ч алсуураа идэж байдаг. Тиймээс тамхи татдаг хүмүүс зогсоох хаях тал дээр санаачлагатай байгаасай, хэзээ хойно хавдрын төгсгөлийн шатанд оношлогдоод, энэ өвчний өмнө хүчин мөхөсдөж байгаа олон хүмүүс харамсалтай байна. Тиймээс тамхины хэрэглээ цаагуураа асар их хор хөнөөлтэй явж байдаг юм гэдгийг мэдээд тамхи татдаггүй хүмүүс насан туршдаа хол байж, тамхи татдаг бол багасгаж гарах хэрэгтэй. Тамхиа хаяснаас хойш нэг минутын дотор л шууд үр дүнгүүд гараад эхэлдэг. Сарын дараа, хоёр сарын дараа, жилийн дараа гэхэд ирээдүйд ирэх эрсдэл хамаагүй буураад ирдэг. Тиймээс тамхинаас ангид амьдарцгаая.

Уучлаарай, хуулин дээр нэмж хэлэхэд шинэчилсэн найруулга яваад байгаа боловч батлагдах дээр жаахан дуншаад байгаа. Энэ хуулинд хэн хариуцлага тооцох вэ, хэн торгох вэ гэдэг нь тодорхой болж гарч ирэх байх. Манайхны хувьд дутагдалтай тал нь олон улсын туршлагаас харж байхад энэ блохгүй байна, энийгээ өөрчлөөд үзье гэдэг юм нь дээд түвшиндөө ч тэр дунд түвшиндөө ч тэр хурдтай байдаг. Гэтэл манайд их удаан байна.

-Тамхинаас гарахын тулд эмчид хандах шаардлага бий юу?

-Тамхинаас гарах олон арга байгаа. Хамгийн үр дүнтэй, зардал багатай арга бол шууд хаях. Эмч дээр ч очих шаардлагагүй, янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Харин шууд хаячихаж чадахгүй асуудалтай хүмүүс ер нь шууд эмчид хандах шаардлагатай. Тамхины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг байдаг боловч мэддэг хүмүүс маш цөөхөн байдаг. Мэддэг нэг нь очино доо гэж боддог ч очиж чадахгүй, тойроод л яваад байдаг. Ер нь заавал нарийн мэргэжлийн эмч гэлтгүй өрхийн эмнэлэгтээ ч очоод зөвөлгөө аваад, төлөвлөгөө гаргаад явж болно. Миний хувьд тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам гэж боддог. Мэргэжилтэн таны хэрэглээ ямар байгааг асуугаад, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нарийн тайлбарлаж өгнө. Мөн богино хугацааны аргууд буюу 10-15 минутад зөвөлгөө өгөөд тамхины хэрэглээгээ бууруулдаг. Гэтэл хүмүүст тамхинаас гарахын тулд эмнэлэгт 2-3 удаа ирнэ гэхээр толгойд нь буухгүй байгаа юм. Гэвч яг шийдэж чадвал амьдралдаа хийж байгаа хамгийн том алхамуудын нэг болно шүү.

-Тамхинаас үүдсэн эмгэг, өвчнүүд шууд хүмүүсийн нүдэнд ил биш байдаг болохоор энэ асуудалд тийм ч нямбай ханддаггүй юм болов уу?

-Хүмүүс машиныхаа тосыг жилд нэг удаа сольж, эрүүл мэндийн байдлыг нь оношлуулдаг. Хүний эрүүл мэнд ч яг адилхан. Шинжилгээ өгөөд, цусны даралтаа хянуулаад, цусан дахь сахараа үзүүлээд, цусан дахь өөх тосоо үзүүлээд “за одоо ёстой болохоо байж, ингэж хооллохгүй бол болохгүй юм байна” гэдгээ мэдэж авна. Ингээд л хүн өөрийгөө жилд дор хаяж нэг удаа цаг гаргаж үзүүлэх ёстой. Ингэж чадвал хүний бие тийм ч амархан өвчилчихдөг юм биш шүү дээ. Машины моторыг сольж болно, харин хүний биеийг нэг лаборатори гэж үзвэл тэр бүр солиод байх боломж байдаггүй. Тиймээс машинаа арчлах тоолондоо өөрийнхөө биеийг бодож байх хэрэгтэй. Эрүүл мэнд байхгүй болох тусам л эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй болохыг ойлгодог. Харамсалтай нь тэр үе нь хожимдсон байх нь олонтаа.

Өвчин гэдэг хэлж ирдэг юм шүү. Хэлээд л, сануулаад л явдаг. Ханиад хүрэхэд хүртэл хамраас нус гоожоод, хоолой эрвэгнээд л эхэлдэг. Гэтэл үүнийг тоохгүй найтаагаад л явсаар байгаад хүндрүүлдэгтэй эгээ ижил. Ялангуяа хорт зуршилтай холбоотой өвчин алхам алхмаар сануулаад л явдаг юм шүү. Ажил төрлийг уучлалт гуйгаад хойшлуулж болно, эрүүл мэндэд уучлаарай гээд ч нэмэргүй, хэдэн төгрөг ч зарцуулаад наашгүй байдаг.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Өдөртөө гэр бүлээрээ хоолны ширээний ард суугаад зурагт, утаснаас холдоод, бие биедээ анхаарал хандуулах цаг хэрэгтэй болсон. Хүүхдүүдийн хичээл ном юу болж байна, ханиад нус нь яаж байна, аав ээж, эмээ өвөө юу болж байна гэх мэтээр. Ялангуяа гэрийн эзэгтэй нар болон өрхийн тэргүүн оны эцсээр гэр бүлийнхээ төлөвлөгөө бичих хэрэгтэй. Аав нь эмнэлэгт үзүүлнэ гэвэл он сараа тавиад биччих. Ингээд нэг хоёр сарын дараа нээгээд үзтэл эмнэлэгтээ одоо болтол үзүүлээгүй явж байвал, ахиад санаж үүндээ хүрэх хэрэгтэй. Тэр тэмдэглэгээнүүд их чухал. Тамхинаас гаръя гэж бичсэн бол эхний ээлжинд интернэтээс сайтар мэдээлэл олж уншъя, дараа нь зөвөлгөө өгдөг хүнтэй холбогдъё гэх мэтээр бичиж тэмдэглээд, түүндээ хүрдэг болох. Ингээд тэмдэглэлээ харахад сүүлийн хоёр сард тамхиа багасгаж чадсан байна шүү гэдгээ мэднэ. Одоо харин гаръя гэдэг зорилт тавина. Зөвхөн мөнгө санхүүгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ийм зорилт тавьж бичиж байх нь их чухал гэдгийг уншигчиддаа хэлмээр байна. Үүнээс маш их урам зориг, эрч хүч авдаг. Яг үнэндээ бичээгүй бодох юм бол гурав хоногийн өмнө бодож, санаж, зорьж явсан бэ гэдгээ ч сайтар санадаггүй шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

зочин [66.181.178.71] 2019-02-06 23:46:17

Энэ чинь бас нэг төрлийн дон шүү дээ. Хамааралтай болчихсон хүнийг архитай адил үзэж эмнэлгийн арга хэмжээ байдаг эсэх тухай бичих ёстой.

Зочин [203.169.48.34] 2019-01-29 00:24:08

Сэтгэлийн л юм байгаа ш дээ.

зочин [124.158.125.10] 2019-01-27 01:12:03

Энгийн бөгөөд бодвол санавал тамхинаас гарах зөвлөгөөг нарийн мэргэжлийн эмчийн зүгээс өгсөн байна. Баярлалаа, цаашдын ажилд нь улам өндөр амжилт хүсье

Зочин [202.131.227.82] 2019-01-25 03:24:41

gol asuudal ni uuruu garya gedeg chin huseltei uuruu uuriigee yalsan baih l yavdal yum

зочин [66.181.169.116] 2019-01-23 23:35:37

Маш зөв сайхан санааг зөвлөмж болгож бичжээ, тамхи хэрэггүй гэдгийг хүн бүр ойлгож байгаа боловч хэрэгжүүлж чадахгүй байгаад учир нь байна.. тамхийг дээрх аргаар хаяж гарах нь чухал шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.