Д.Цэцэгээ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед халуун шингэн зүйл сайн ууж байх хэрэгтэй

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ӨГЛӨӨ БОСООД ШҮДЭЭ УГААДАГ ШИГ БҮЛЭЭН СОДАТАЙ УСААР ХООЛОЙГОО ЗАЙЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1421 дуудлага ирснээс 51.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Мөн хөдөө орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учраас 10 аймагт сурагчдын амралтын тодорхой хугацаагаар хойшлуулаад байна.

Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж буй. Баяраар халдвар авсан тохиолдолд амархан хүндэрдэг А хүрээний Н1N1 вирусийн дэгдэлт нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол эмч нарт байгаа юм. Тиймээс бид өөрийгөө болон бага насны хүүхдээ халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Уг асуудлаар УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээтэй ярилцлаа.

-Олон нийт томуу, томуу төст өвчнийг хамрын ханиад мэтээр хүлээн авч хүндрүүлэх тохиолдол их гарч байна. Та уншигчдад маань мэдээлэл өгөх үүднээс А хүрээний Н1N1 вирусийн халдварын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Томуу, томуу төст өвчин улирлын чанартай. Агаар дусал болон амьсгалын замаар халдварлагддаг амьсгалын замын өвчлөл үүсгэдэг вирусийн халдвар. Голцуу уушгийг гэмтээдэг. Энэ өвчин намар, өвлийн улиралд дэгдэлт маягаар гардаг. Үүнийг нь агаар дуслын замаар халдварлагддаг А, В хүрээний вирус байна уу гэдгийг сорьцын шинжилгээгээр оношилдог. Томуу, томуу төст өвчин дэгдэлт хэлбэрээр явагдаж олон хүнийг хамардаг. Мөн вирусийн байдлаасаа гараад хүндрэх юм бол уушигны хатгаагаар хүндэрч амь насанд аюултай болох тохиолдол байна. Хамрын ханиаднаас үүгээрээ ялгагдана. Ард иргэд 11, 12, 1, 2 гэсэн саруудад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Яагаад гэхээр агаар дуслын замаар халдварлагддаг учраас хэн ч өвдөж байна. Гагцхүү өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай ард түмэн мэддэг байх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг өөрөөс асар их шалтгаалдаг тиймээс өвдөхгүйн тулд яах ёстой вэ гээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

-Томуу, томуу төст өвчнөөр өвдөхгүйн тулд иргэд яах ёстой вэ?

-Хүн бүрт дархлааны систем гэж байдаг. Өвдөхгүйн тулд дархлааны системээ хэвийн байлгах ёстой. Дархлааны системээ сайн байлгана гэдэг хоол ундаа зөв зохицуулах, витаминлаг чанартай хоол идэх, сайн унтаж амрах, стресст өртөхгүй сэтгэл санаагаа хямраахгүй байх хэрэгтэй. Агаар дуслын замаар халдварлагддаг учраас цэвэр агаар их чухал. Ханиад, томуу, томуу төст өвчин дэгдэлт байдлаар их хүнд хэлбэрээр явагдаад байгаа нь агаарын бохирдол утаатай холбоотой байдаг. Тиймээс гэрийнхээ агаарын солилцоог сайжруулж чийгтэй цэвэрлэгээ хийдэг байх ёстой. Витаминлаг хоол хүнс хэрэглэхээс гадна халуун шингэн зүйл сайн ууж байх хэрэгтэй. Ялангуяа залуучууд шингэн зүйл уудаггүй. Одоо аньс, чацаргана, халуун аарц элбэг болсон байна шүү дээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүн өглөө босоод шүдээ угаадаг шиг хоолойгоо содатой бүлээн усаар зайлж байх хэрэгтэй. Мөн гарын ариутгал маш чухал. Бохир гарын өвчин шар гэж ярьдаг. Үүн шиг бие зассаныхаа дараа, хооллохоосоо өмнө гараа савандаж угааж хэвшсэн байх ёстой.

image

-ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ХЭЗЭЭ Ч АНТИБИОТИКТ ДАРАГДДАГГҮЙ-

-Хэрэв томуу, томуу төст өвчний вирусээр халдварласан бол нэн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Амны маск зүүгээд олон нийтийн газраар явахгүй гэрийн дэглэм сахих хэрэгтэй. Гэтэл манайхан жаахан ханиад хүрлээ, халуураад байна гээд л ажлаа хийгээд л явдаг. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрсэн бол хамгийн эхэнд өрхийн эмчдээ очиж үзүүлэн зөвлөгөө авсныхаа дараа ажлаасаа чөлөө авч гэрийн дэглэм сахина. Энгийн бөгөөд хүмүүс төдийлөн анзаардаггүй зөвлөмжийг манай ард түмэн мэддэг байхад томуу, томуу төст өвчнийг тусахгүй, туссан тохиолдолд хүндрэхгүй байх бүрэн боломжтой гэж хэлмээр байна. Эрүүл мэнд гэдэг хувь хүний өөрийн хариуцлага, зохион байгуулалтын асуудал. Өнөөдөр бид мэдээллийн 21 дүгээр зуунд амьдарч буй учраас энэ өвчнөөр өвдөхгүйн тулд яах ёстой вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй л дээ. Харин манай ард түмэн өвдчихөөд “Эмнэлэг тусламж үзүүлж арга хэмжээ авахгүй байна” гэж гомдоллохдоо биш “Эрүүл мэнд гэдэг маш үнэтэй зүйл, эрүүл байх чухал шүү” гэдгийг ойлгох ёстой.

-Томуу, томуу төст өвчний анхны шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?

-Нууц үе нь 0-3 хоног. Анхны шинж тэмдэг нь хамар загатнаж найтаалгаад нус гоожоод халуураад хоолой сэрвэлзээд эхэлдэг. Ийм л үедээ эмчид хандах хэрэгтэй. Хамраас нус гоожсон ч халуурахгүй байна гээд яваад байж болохгүй ээ. Хүн бүрийн бие махбодь өөр учраас шинж тэмдэг нь өөр өөрөөр илэрч болно. Тиймээс өөрт хэвийн биш байдал илрэх юм бол анхан шатны эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ингэж байж эмийн эмчилгээ орно.

-Энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлт урьд жилүүдийнхээс өндөр байна. Яагаад ингэж ихсэх болов?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт жилийн жилд харилцан адилгүй байдаг л даа. Энэ жил А хүрээний Н1N1 вирус илүү дэгдэлттэй байгаа. Халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй. 2009 онд Монгол Улсад дэгдэлт маягаар явагдсан. Үүнээс хойш харьцангуй гайгүй байсан. Энэ жил дэгдэлт маягаар хүн амд тархаж байгаа нь цаг агаарын байдал, утаатай холбоотой. Энэ жил төдийлөн хүйтэрсэнгүй. Хүйтэнд томуу, томуу төст өвчний вирусийн тэсвэржилт муу байдаг. Нийгмийн болон цаг уурын олон талын шалтгаантай байдаг юмаа.

-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний вирусийн халдвар авчихвал ахиад өвдөхдөө хөнгөхөн тусдаг гэсэн ойлголт байдаг. Ийм байх боломжтой юу?

-Өмнө нь нэг өвдчихсөн учраас ахиад өвдөхдөө хөнгөхөн өвддөг гэсэн ойлголт байж болохгүй. Өвчин л бол өвчин. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байж байгаад нэгэнт өвдсөн тохиолдолд нэн тэрүүнд хөл хорио тогтоож наад захын эм уух ёстой. Ард түмэн яаж хүндрүүлээд байна вэ гэхээр дур мэдэн антибиотик уудаг. Ер нь монголчууд эрүүл мэндээ хамгаалах тал дээр мэдлэг боловсрол муутай мөртлөө өвчин туссан үедээ мэдэмхийрээд эмийн сангаас антибиотик авч уудаг байсныг болиулж эмчийн жороор олгодог болгосон. Вирусийн халдвараар үүсгэчихсэн томуу, томуу төст өвчин хэзээ ч антибиотикт дарагддаггүй. Харин вирусийн эсрэг эмүүдийг хэрэглэх ёстой. Хэрэв өвчин цаашаагаа даамжраад хүндрээд уушигны хатгалгаа болсон үед антибиотик уух ёстой. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмнэлэгт хандах ёстой.

-Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ томуу, томуу төст өвчнөөр өвтгөхгүйн тулд ямар арга хэмжээ авах уу?

-Ханиад, томуу өвчнөөр өвдсөн бол гадуур айл хэсэлгүй гэртээ хөл хорио тогтоож олон нийтийн газраар явмааргүй байна. Ялангуяа 0-5 насныхаа хүүхдээ дагуулан айл хэсэхгүй, өргөн олноор цугларсан газарт бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх тал дээр анхаарах ёстой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?

-Эрүүл мэнд гэдэг бол хамгийн үнэтэй зүйлийн нэг. Тиймээс монголын ард түмэн эрүүл мэндээ маш сайн хамгаалах ёстой. Эрүүл мэнд хувь хүний өөрийн маш том сахилга бат, хариуцлага гэдгийг л хэлмээр байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.