Энэтхэг улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

П.Урнаа / Улстөр

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаад хоёр орны харилцааны асуудлаар ярилцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён Элчин сайдыг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь баяр хүргэж, хоёр орны найрсаг уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхэд Элчин сайдын хичээл зүтгэл, оролцоо их тул цаашид ноён Сингхтэй хамтран ажиллахад нээлттэй, таатай байна гэдгээ илэрхийлжээ.

Мөн 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын бүх л түвшний харилцаанд эерэг үзүүлэлт авчирсан талаар дурдаж, айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь газрын тос боловсруулах үйлдвэрийн шанг татаж, өдгөө үйлдвэрийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн тус улсын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн нэр хүнд бүхий мэдээллийн технологийн сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулах зэрэг өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхээс хүссэн аж. Элчин сайд М.П.Сингх хариуд нь, хоёр улсын хооронд хийгдэж буй, хийгдэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, улам бэхжиж буй хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Талууд хоёр орны найрсаг харилцаа, улс төр, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцов.

•Хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дипломат харилцаа тогтоосон.

•Монгол Улс 1956 онд Шинэ Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.