Монголбанк: Хугацаа хэтэрсэн зээл хоёр хувиар буурчээ

Т.Хулан / Улстөр

Монголбанк энэ сарын мэдээллээрээ арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг өглөө.

Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн "Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 24.6 хувьд хүрч 19.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 0.9%-иар буюу 168.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 51.7 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байгаа бол 15.7 хувийг валютын хадгаламж, 15.2 хувийг төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, үлдсэн 3.3 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна. Нийт хадгаламжийн хэмжээ 13.1 их наяд төгрөгт хүрснээс 84.4 хувийг иргэдийн хадгаламж, 15.6 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн хадгаламжийн 81.3 хувийг, байгууллагын хадгаламжийн 57.2 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлсэн" гэлээ.

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсч, 17.1 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 36 хувиар өсч, 8.9 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 16 хувиар өсч 7.9 их наяд төгрөгт тус, тус хүрчээ. Нийт зээлийн 85 хувийг, иргэдийн зээлийн 98.4 хувийг, хувийн байгууллагын зээлийн 69 хувийг төгрөгийн зээл бүрдүүлж байна.

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөг буюу 2 хувиар буурчээ. Чанаргүй зээл өмнөх сараас 3.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн нийт зээлийн 81 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.

Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар 70 хувь, хугацааны хязгаар 30 сар байхаар тогтоосон.

Энэ талаар тайлбарлахдаа, "Иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ.

Иймээс өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалсан үйлдэл" гэлээ.

Түүнчлэн Монголбанкнаас валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүлсэн. Заавал байлгах нөөцийн хувь гадаад валютын эх үүсвэрт 12 хувь, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувь болгожээ.

Тайлант хугацаанд эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор урсгал дансны алдагдал өссөнөөр төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдаж, бодлогын хүүг 10 хувь болгож бууруулсан.Цаашид Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ, Хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино, Нүүрсний экспорт нэмэгдэнэ, Уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэнэ, Бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжилнэ гэж Монголбанк тооцоолжээ.


Сэтгэгдэл

irgen [202.179.27.181] 2019-02-27 13:40:32

ene naidwargui t hetersen zeeliin talaar il tod bolgoochee tomchuud awaad muriad baigaa biz


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.