Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийн танилцуулснаар 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмж угсрах шатандаа оржээ. Мөн талбайн услалтын систем гэхэд газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэргээр сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа гэлээ. Мөн ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

image

Мөн 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дотоод заслын ажлыг амжуулж, ирэх оны долдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Бассейн барихад болон хөлбөмбөгийн талбайн зарим шаардлагатай тоног, төхөөрөөмж буюу Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх асуудал тулгамдаж байгаа юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалд гаалийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн бөгөөд энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа гээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгаа асуудлаар ярилцлаа.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хэлснээр Яармагийн 4400 га газарт дахин төлөвлөлт хийсэн ч 1632 га нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхааруулж, спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажлуудтай үргэлжүүлэн танилцлаа.

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.237] 2019-05-27 22:24:39

um um vscheedcshunaad chichreed dairaad baidga bolioche erunhiilugchuu

Зочин [49.0.218.42] 2019-05-27 09:07:21

Amjilt,,,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.