С.Ламбаа: Хавдарт өртсөн иргэдээ бусад эрхтэнд нь сэв суулгахгүйгээр оношилж, эмчилдэг болно

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-2009 ОНД ТОЛГОЙН ХЭСГИЙГ НЬ СКОЧООР ОРООЧИХСОН ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ “КОБАЛЬТ-60” АППАРАТТАЙ БАЙЛАА-

ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуурт” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн энэ сарын 19-ний өдөр болсон. Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд хоёр шугаман хурдасгуурт аппаратыг тус төвд суурилуулан, энэ сарын 17-ноос эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлжээ.

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг бөгөөд үүнд туяа эмчилгээг хийх боломжгүй байсан. Харин шугаман хурдасгуурт хоёр шинэ аппарат суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна.

Туяа эмчилгээний үр дүн сайжирснаар эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Дөрвөн сая еврогийн үнэтэй туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппаратыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмчилгээнд нэвтрэхэд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм. Бид түүнтэй цөөхөн хором уулзаж төсөл хөтөлбөрийг хэрхэн эхлүүлж байсан талаар ярилцлаа.

image

-“Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүллээ. Таныг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ энэ төслийн эхлэлийг тавьсан гэдэг юм билээ?

-Манай оронд төрөл бүрийн хавдрын улмаас олон мянган хүн амь насаа алдаж байгаа. Тийм учраас миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш энэ асуудалд байнга анхаарч Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонтой тасралтгүй хамтран ажиллаж, дэмжиж тусалж ирсэн. Анх 2006 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хавдрын төлөвлөлтийн аппарат тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Эрүүл мэндийн сайдын хувьд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж, ХСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. 2011 онд УИХ-ын чуулганаар Австрийн Засгийн газраас Монгол Улсад анх удаа олгосон 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээг соёрхон баталж үүний 20 саяыг Эрүүл мэндийн салбарт хуваарилсан. Үнэндээ энэ хөрөнгийг бүхэлд нь ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулахаар төлөвлөж байсан.

-Гэхдээ 20 сая еврог ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулалгүй өдийг хүргэсэн байдаг. Учир нь шалгаан нь юундаа байв?

-Дараагийн Засгийн газар энэ хөрөнгийг УНТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ гуравт хувааж тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмнө нь УНТЭ, ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжүүд суурилагдаж ашиглалтад орсон. Харин ХСҮТ-ийн 2011 онд эхлүүлсэн өргөтөл дуусахгүй байсаар байгаад саяхан нэг юм дуусч 2016 онд оруулж ирсэн “Туяа эмчилгээний гурван хэмжээст шугаман хурдасгуур” аппарат хэрэгслийг суурилуулж, ашиглалтад оруулж байна.

-Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) хэдийн үеэс Монгол Улсын хавдрын оношилгоо эмчилгээнд байнгын дэмжлэг үзүүлж эхэлсэн юм бэ?

-2009 онд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал асан Эль Брадей Монголд айлчилж ХСҮТ-өөр ороход нь толгойн хэсгийг нь скочоор ороочихсон туяа эмчилгээний “Кобальт-60” аппаратаа үзүүлээд зогсож байж билээ. Энэ үеэс ОУАЭА Монгол Улсын хавдрын оношилгоо эмчилгээнд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Энэ бүхэнд тухайн үед Австри Улсад элчин сайдаар ажиллаж байсан нэрт дипломатч Ж.Энхсайхан үнэхээр том тус хүргэсэн. Намайг Женевт ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралд очиход ОУАЭА-ын нөхдүүдтэй уулзуулах гээд л Женевт ирж байсныг огт мартдаггүй юм. Өчигдрийн нээлтийн ёслолд тэтгэвэртэй суучихсан Ж.Энхсайхан сайдыг урьж ирүүлсэн байсанд маш их баярласан. Бид түүхээ огт мартаж болохгүй учраас л баярласан хэрэг шүү дээ.

-Шугам хурдасгуурт аппаратыг ашиглаж эхэлснээр хорт хавдрын эмчилгээг ямар түвшинд хийх вэ?

-Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлж байгаа шинэ технологи болохоор туяа эмчилгээний үр дүнд томоохон дэвшил гарна. Үүнийг манай “Туяаныхан” олон жил хүсч мөрөөдөж ирсэн. Үнэндээ манай улс туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийн хөгжлийн хурдцаас 20 гаруй жилээр хоцорч яваа.

image

-Туяа эмчилгээний дэлхийн хөгжил манай улаас 20 гаруй жилээр хоцорсон гэдгийг та дөнгөж сая дурдлаа. Цаашид манай улс туяа эмчилгээг ямар шатанд хөгжүүлэх шаардлагатай вэ?

-Одоо ашиглалтад орж буй гурван хэмжээст(3D) шугаман хурдасгуур бол дөнгөж эхлэл. Ядахдаа ойрын хугацаанд 2 сая еврогийн үнэтэй дөрвөн хэмжээст (4D) аппаратыг аваад угсарчихвал туяа эмчилгээний оношилгоо эмчилгээ дахиад нэг алхам урагшилна. Өөрөөр хэлбэл шугаман хурдасгуурын ашиглалт сайжирна гэсэн үг. Энэ нээлтийн өмнө туяа эмчилгээний талаар олон улсын симпозиум зохион байгуулагдаж Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хүний эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал, хатагтай Мэй Абдэл-Вахаб “ОУАЭА-ын хавдрын туяа эмчилгээний салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого”-ын талаар илтгэл тавьж Япон, Солонгос, Австралийн төлөөлөгчид өөрийн орны туяа эмчилгээний ололт амжилтаас дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Энэ симпозиумд ХСҮТ-ийн Хавдрын өвөрмөц эмчилгээний клиникийн удирдагч АУ-ны доктор Ц.Уранчимэг “Шугаман хурдасгуур аппаратад суурилсан дэвшилтэд технологиуд (Стереотактик биеийн туяа эмчилгээ, Эрчмийг тохируулсан туяа эмчилгээ)-ын талаар сонирхолтой илтгэл тавьж байсан. Цаашлаад туяагаар мэс засал хийх ертөнц рүү алхаж орох хэрэгтэй гэдгийг ч ойлгосон. Туяа эмчилгээний дэлхийн хөгжил ийм л түвшинд явж байна. Энэ бол гайхамшиг. Бид ямар ч байсан нэг том алхлаа. Ингэж байж л хавдарт өртсөн иргэдээ бусад эрхтэнд нь сэв суулгахгүйгээр оношилж, эмчилдэг болно.

-“Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг дөрвөн хэмжээст (4D) болгоход хэдэн төгрөг шаардагдах вэ?

-ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн ОУАЭА-ын удирдлагууд “Танай Засгийн газар дээрх тоног төхөөрөмжийн зардлын 50 хувийг нь гаргачихвал бид 50 хувийг нь гаргах боломжтой” гэж санал тавьсан тухай хэлж байсан. Би Д.Сарангэрэл сайдтай тууз хайчлах мөчид “Чинбүрэнгийн хэлээд байгаа 2.5 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулгаад өгчихвөл хорт хавдрын туяа эмчилгээг маш өндөр түвшинд хийдэг болно ” шүү гэдгийг хэлсэн. Энэ дашрамд хэлэхэд хүний эрүүл мэндийн төлөө шинэ технологийн дэвшилд хэдэн төгрөг харамлахгүй байх гэдэгт төр засгийнханд итгэж байна.

-Таныг Эрүүл мэндийн сайд байх үед төсөл нь эхэлсэн “Үндэсний оношилгооны төв” тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ төвд ямар тоног төхөөрөмжүүд суурилуулагдаж байгаа вэ?

-Хавдрын эмчилгээ оношилгооны түүхэнд хэдхэн хоногийн дараа бас нэг томоохон үйл явдал болно. Долдугаар сарын дөрвөнд БНСУ-аас 55 сая ам.долларын зээлээр баригдаж байгаа долоон жилийн настай “Үндэсний оношилгооны төв” нээлтээ хийнэ. Энэ төвд хорт хавдрын оношилгооны Монголд огт байхгүй тоног төхөөрөмж (FTCT), изотопын үйлдвэр ашиглалтад орно. Ингэснээр бидний тухайн үед ирээдүйгээ харж маш том бодлого боловсруулж хэрэгжүүлсний үр дүн эхнээсээ гарч биеллээ олж байна. Сая Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үгэндээ “С.Ламбаа сайдын маань үед эхлэл нь тавигдсан томоохон төслүүд миний үед дуусч ард түмэнд үр өгөөжөө өгөх тавилантай байжээ” гэж хэлж байна лээ. Үнэндээ тийм л юм даа.

image

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ТУЛГА