Доктор Ж.Бат-Ирээдүй: Монгол хэлний хууль гарснаар нийгмийн сэтгэлгээ арай дээрдсэн

Л.Батцэнгэл / Хууль

“Монгол судлалын үндэсний академи”-ийн гүйцэтгэх захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй уулзаж хөөрөлдлөө.

-Таны овог, нэр Загийн сургуулийн самбарт алтан үсгээр бичээстэй байдаг сан?

-Би хөдөөний хүүхэд л дээ. Баянхонгорын Загийн голын хүүхэд. Сумын төвд төрж өсч өндийж, сурч боловсорч хүн болсон. Буурал аавын хайртай зээ хүү байлаа. Дотуур байраар дамжиж, аймгийн төвд конкурсдэж, арван наймтай хотын бараа харж байлаа. Манай аав малчин удамтай, өвөө маань Чойбалсангийн үеийн анхны сайн малчны нэг, малчин Лувсан гэж алдартай хүн байв. Аав маань жолооч, ээж минь нягтлан санхүүч, ажиллах хөдөлмөрлөхөөс өөр юм мэдэхгүй, олон хүүхэдтэй айлын том нь. МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшин төгссөнөөс хойш их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийн буянаар их сургуульдаа үлдэж, судалгааны сэдэв амлаж, эрдэм номын мөр хөөжээ. Их сургуульдаа нэгэн үзүүрт сэтгэлээр гуч гаруй жил багшиллаа.

-Та гадаадын олон оронд ажиллалаа. Ямар их сургуулиудад багшлав?

-Ерээд оны эхээр Английн Лондон, Кембриж, Лийдсийн их сургуулиудад тухайн үеийн Бритиш Канселын тэтгэлгээр зочин багшаар ажилласан. Энэ үед МУИС-д англи хэлний багш, Английн их сургуулиудад монгол хэлний багш солилцох Засгийн газрын соёлын гэрээний дагуу явцгаадаг байсан юм л даа. Уг нь Францт багшлах санаатай франц хэл үзэж бэлтгэж байлаа, бурхны зааснаар Франц руу арын хаалгаар манай нэг настай багш явж, дараагийн хаалга онгойсон нь Лондон байсан юм. Энэ нь ч болсон. Үүний ачаар үр хүүхдүүд минь унаган англи хэлтэй болж, юм үзэж нүд тайлж, ажил амьдралд нь хэрэг болж л байна. Лондонгоос ирээд дэд докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2003-2005 онд ХБНГУ-ын Лайпцигийн их сургуульд багшилсан. Монгол судлалын арвин уламжлалтай хуучин зүүн Германы их сургуульд багшлах бас сонин байсан. Мөн 2005-2006 онд Кембрижийн их сургуулийн судалгааны төслийн хүрээнд Британийн Номын санд зөвлөхөөр ажиллаж тус номын санд байдаг монгол номын онлайн каталоги бүртгэл хийсэн. Үүний дараа 2008-2011 онд Японы Токиогийн Гадаад судлалын их сургуулийн урилгаар зочин профессороор гурван жил ажилласан. Энэ сургуульд Чой.Лувсанжав багш маань ажиллаж байлаа. Ингээд эргэж ирээд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад 2015 оноос ХБНГУ-ын Боннын их сургуульд зочин профессороор ажиллаад буцаж ирсэн дээ.

-Боннын их сургуулийн монгол судлалын тухай нэмж ярихгүй юу?

-Боннын их сургуулийн монгол-түвд судлалын тэнхимд зочин профессороор ажилласан. Бонн бол барууны монгол судлалын нэлээд хуучны уламжлалтай, ном судар эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүний сайн нөөцтэй, барууны монгол судлалын судалгааны нэг чухал төв юм. 2012 оноос хойш монгол судлал дахин сэргэж, орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чиглэл хандлагаа ч жаахан өөрчлөн, өнөөдрийг мэдэрч,ирээдүйг харсан судалгаа шинжилгээ хийж байгаа ганц их сургууль юм. Энэ их сургуульд монгол судлалыг сонирхогч олон улсын оюутны тоо жилээс жилд нэмэгдэж, сурах хүсэл эрмэлзлэл улам бүр хөгжин монголын түүх, орчин цагийн монгол хэл, монгол бичиг, Монголын утга зохиол, Монголын соёлыг олон соёлын хүрээнд харьцуулан үзэх хичээлүүд үзэж судалж байна. Монгол руу ирж дадлага практик хийх, аялах, тойрох, сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Боннын их сургуулийн монгол судлалын номын сан бол баруун Европ байтугай дэлхийн монгол судлалд дээгүүр орно. Энэ их сургуульд Монголоос уригдаж ажилласан гурав дахь багш болсон нь хувьтай хэрэг.

-Дэлхийн олон орны их сургуулиудад ажиллахад олон шавьтай болно биз?

-Би 1986 онд төгссөнөөс хойш МУИС-д 33 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 13 жил нь гадаад оронд ажилласан байна. Ихэвчлэн гадаад оюутнуудад хичээл заажээ. Сүүлийн жилүүдэд л монгол оюутнууддаа зааж байгаа болохоос миний ихэнхи шавь гадаад орны иргэд байдаг. Германы их сургуульд багшиллаа гэхэд тэнд дан ганц герман биш орос, украин, швед, монгол, бразил, унгар, чех гээд олон орны оюутнууд сурдаг учраас олон улсын чанартай болж байгаа юм. Манай МУИС-д гэхэд жилдээ 20-иод орны 200 шахам оюутан суралцагч ирж байна шүү дээ. Тооны хувьд хэлж мэдэхгүй ээ, ямар ч байсан дэлхийн гол гол орнуудад очиход шавь нар угтана шүү.

-Сүүлийн үед ямар судалгааны ажил дээр сууж байна. “Номыг явж хийхгүй, сууж хийнэ” гэж таны нэг афоризм байдаг даа, одоо ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Би монгол хэлний үгийн сан утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Мөн гадаад хүнд монгол хэл заах аргын судалгааг сонирхон энэ чиглэлээр олон төрлийн сурах бичиг, гарын авлага, толь бичиг хэвлүүлсэн. Одоо нийт эрдэм шинжилгээний ном бүтээл 60 шахаад байна. Би 1998 онд ШУА-д “Монгол хэлний ойролцоо утгат үг хэллэгийн бүтэц, утга, үүрэг” сэдвээр дэд эрдэмтний, 2004 онд ОХУ-ын Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургуульд “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ерөнхийлөгч асан Б.Чадраа гуай амьд сэрүүн байхдаа энэ их сургуулийн салбарыг ШУА-ийн дэргэд байгуулж олон арван хүн ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Ингээд ганц ойролцоо утгын талаар бус монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгжүүдийн судалгааг үргэлжлүүлэн хийж, монгол хэлний үгийн сангийн их сургуулийн академик сурах бичиг хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол ярианы сурах бичиг”, Боннын их сургууль болон Өмнөд Солонгосын Хангүг Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол хэлний унших бичвэр”, “Монгол утга зохиолын сурах бичиг” зохион хэвлүүлээд байна. Мөн Монголынхоо багш нартай хамтарч “Илтгэх урлагийн онол арга зүй”, “Монгол хэл бичиг найруулга зүй” зэрэг их сургуулийн сурах бичиг гаргасан. Австралийн Үндэсний их сургуульд онлайн монгол хэлний хөтөлбөр боловсруулах төслийг багш нарын хамт хийгээд хүлээлгэж өгч байна. Итали хэлтэнд зориулсан монгол хэлний сурах бичиг хийж байгаа. Цаашид БНСУ, Япон, Итали, Унгар зэрэг орны монгол судлаач, эрдэмтэдтэй хамтарч судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа зүйлүүд бий. Цаг хугацаа явах тусам, хийх ажил улам л их болох юм даа.

-Та чинь Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбоог санаачлан байгуулсан байх аа. Энэ их ажлын хажуугаар төрийн бус байгууллага ажиллуулах цаг гарч байна уу?

-Мэргэжилдээ хайртай, дуртай юм. Монгол хэлийг, монгол хэлний багш нарыг хамгаалах хэрэгтэй байна. Тэднийг тоодог хүн байдаггүй юм. Мэргэжлийг нь тоохгүй, багш нарыг нь ч тоохгүй. Гэхдээ “Монгол хэлний тухай хууль” гарснаас хойш нийгмийн сэтгэлгээ арай дээрдэж байна. Гэвч ярих хийх юм зөндөө байна. Багш нар нэгдэхгүйгээр ажил явахгүй, урагшлахгүй. Эл холбоог 2008 онд байгуулсан. Цаг гаргаж чадвал хийх ажил маш их бий. Гадаад орнуудад олон жилээр явсан тул олигтой үйл ажиллагаа явуулж амжаагүй.

-Мөн Монгол судлалын үндэсний академи гэж байгуулсан сураг байсан?

-Аливаа улсын ажлыг ганц төрийн байгууллага дангаараа нуруундаа үүрэх ёсгүй, тэр тусмаа нарийн мэргэжлийн тэгээд нийгмийн гишүүдийн хамарсан ажлыг ТББ үүрэлцэх ёстой гэдэг үүднээс Монгол судлалын чиглэлээр явуулах их ажлаас үүрэлцэх санаатай ийм ТББ байгууллага санаачлан байгуулж ажиллуулж байна. ШУА-ийн хөл доор “Анагаах ухааны академи”,”Хөдөө аж ахуйн академи” зэрэг яг манайхтай адилхан статустай академууд байгаа. “Монгол судлалын нэвтэрхий толь бичиг” хийхээр эхлэж байна. Энэ толь бичиг нь “Хэл бичиг”, “Утга зохиол”, “Өв соёл” гэсэн гурван ботьтой байна. Дотоод гадаадын монголч эрдэмтдийн хүчээр бүтэх болно. Үүнийг зохион байгуулах нүсэр ажил биднийг хүлээж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалыг дэмжих сан энэ ажлыг бас дэмжих байх.

-Та чинь зураг авах, зураг зурах, хөгжим тоглох, аялах гээд олон хоббитой. Таны бас нэг сонин хобби чинь график дизайн, цаашлаад ном хэвлэл буюу publish­ing юм байна гэж би харсан андуураагүй бол?

-Үнэн, үнэн. Би угаасаа бага байхын жаахан зурах авьяастай хүүхэд байсан юм. Монгол Улс, монгол хэлний буянаар гайгүй ч олон газар тэнэлээ, цаг нар гарвал өөрийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санаа байгаа. Бас нөхөрсөг шог сонирхож зурдаг. Ингээд яг энэ номынхоо дизайн хийх ажилтай уялдаад ном хэвлэлийн бизнес нэлээд сонирхож үүнийг Монголд хөгжүүлж болох тухай их бодсон. Учир нь би ерээд онд Лондонд байхаас монгол номыг дэлхийн зах зээлд гаргах тухай өдрийн бодол, шөнийн зүүд болж олон хэвлэлийн газар захидал бичсний ачаар өөрийн номыг Рүтлэж гэж английн хэвлэлийн компаниар хэвлүүлэн Монголоос анх дэлхийн зах зээл буюу Амазонд гаргаж чадсан юм. АНУ, Австрали, Англи зэрэг орны хэд хэдэн хэвлэлийн газраар номуудаа хэвлүүлсэн. Энэ туршлага дээрээ дөрөөлөн 2012 онд дэлхийн их сургуулиудын пресс амжилттай хөгжсөн жишгээр МУИС-д Хэвлэлийн газар (хэвлэх үйлдвэр юмуу, цех биш шүү, манайхан хэвлэл гэхээр машин боддог) байгуулах санаачилга гарган дэмжигдэж 2015 оны есдүгээр сар хүртэл захирлаар нь ажилласан. Олон ажил санаачлан хийсэн. Монголд хэвлэлийн бизнесийг жинхэнэ утгаар нь хийж байгаа газар бол хуруу дарам цөөхөн байна аа. Уг нь олигтой ажиллаж чадвал их сургуулийн хэвлэл хөгжих боломж илүү их, нэр хүнд өндөр байдаг л даа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.103] 2019-11-23 00:03:30

Ичнэ гэж байхгүй юм даа. МУИС- с булайгаа чирж хөөгдчихөөд, тэнгэрийн амьтан мэт ярьсан байх юм.

Зочин [139.5.218.106] 2019-11-21 22:29:55

Сайхан ярилцлага болсон байна. Эх хэлний боловсрол, төлөвшил, сэтгэлгээг хамгаалах талаар их зүйлийг хийж байгаа эрдэмтэн

Зочин [66.181.161.103] 2019-11-23 00:04:17

Хэн тэгж байгаа юм бэ

Зочин [192.82.68.227] 2019-11-21 09:55:14

Баянхонгорын Загийн гэхээр нь бодлоо!! дахиад нэг Тангад гуайн хvv шиг нэг их хэлмэгдэж явсан хvн гээл явж егдег болвол яанаа л гэж бодлоо!! Яриандаа халаад юуч хамаагvй авдаг болчуул яанаа гэж бодлоо!!

Зочин [202.126.88.135] 2019-11-21 01:55:20

orosod herhen science doktor hiisnee neg sailhan halaach hamaa!?

зочин [165.91.13.176] 2019-11-21 01:21:09

Зурагтаар гарч байгаа сэтгүүлчид арай дэндүү байгаа шүү. Гадаад үг их хавчуулахаар л гоё гэж бодоод байх шиг. Одоо бүр уулга алдахдаа хүртэл гадаадаар шүү Wow ч гэх шиг. Арай дэндүү. Бүгдээрээ тэгж хэлсээр байгаад дээр үед хүмүүс уулга алдахдаа юу гэдэг байсныг ч бүр мартаж. Сануулаад өгвөл сайн л байна шүү хүмүүсээ. За тэгээд монголоороо ярихаар хоцрогдсон бүдүүлэг гэдэг сэтгэлгээнээсээ сална шүү нөхдүүдээ

Зочин [67.247.8.185] 2019-11-20 17:45:48

BORVI S.DULAM frants yvsan baihaa

зочин [59.153.113.146] 2019-11-20 16:50:45

Сэтгүүлч нэртэнгүүд хүн гүтгэх эрхээ эдлэх гэж зүтгэхийн оронд эх хэлээрээ өөрсдөө алдаагүй бичдэг, өрөөлийг эх хэлээрээ бичүүлдэг болгох талаар анхаарвал зүгээр сэн дээ. Гадаад хэлний "чамирхал"-ын өвчнөөсөө салахыг сэтгүүлчдээсээ хүсч байна.

Зочин [103.57.94.131] 2019-11-20 16:20:07

франц явсан багшаа аймар хэлжээ.

Зочин [139.5.219.204] 2019-11-20 09:58:39

СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУС БИЧИХ ГЭЖ НИЛ АЛДАА НЭГ УЛС НЭГ Л БИЧИГ ҮСЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ УЙГАРЖИН ҮСЭГ ГЭЖ БАЛАЙ ЮМ ЗААГААД ХҮҮХДҮҮДИЙГ БАЛАЛЖ БАЙНА ДАА

Эххэл [66.181.186.68] 2019-11-20 09:36:35

Монгол хэл гэдэг чинь судалгаанаас гадна хүн болгонд хүртээмжтэй энгийн нүдэнд туссан байх ёстой байж энэ хэлээ мартаж байгаа улсад нөлөөлөх учиртай?! Жш нь:дэлгүүл,байгууллага хоолны газрын хаяг бүр тоймоо алдаж юу гээд байгааг нь хөдөөнийхэн битгий хэл хотынхон мэдэхээ байж эхэллээ,судлаачаа!! Сет хоолны меню гэх шиг юу вэ та минь ээ?! Багц хоолны цэс гээд үг байна шүү дээ!? Органик,сет гээд гадаад үгээ ч бүрэн мэдэхгүй байж гадаад үгийг хольж хутгадаг үхэр монголчууд олширлоо?! Эхний алхам бүх гадаад нэртэй газрыг сануулж торгож хаах зогсоох хүртэл арга хэмжээг тууштай авч уб-раа нэг монголын нийслэл шиг харагдуулья аа,та минь ээ?! Тэгээд цааш...,


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.