Г.Дамдинням: Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж, Ормузын хоолойтой холбоотой асуудал үүсч байна. Энэ нь дэлхийн нефтийн зах зээлд нөлөөлж эхэллээ. Монгол Улсад шатахууны нийлүүлэлт, үнэ ханшид хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Ормузын хоолой бол дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал зангилааны нэг.

Дэлхийн нефтийн тээврийн ойролцоогоор 20 хувь нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Ормузын хоолойд тодорхой эрсдэл үүсээд байна. Өмнө нь ч ийм асуудал гурван удаа гарч байсан. Тэр бүрд дэлхийн нефтийн зах зээлийн үнэ огцом өсөж байсан түүхтэй. Одоогийн байдлаар нефтийн үнэ баррель нь 110 орчим ам.долларт хүрээд байна. Манай улсын хувьд энэ нөхцөл байдал үүсмэгц бид шуурхай арга хэмжээ авч ажилласан. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний импортынхоо 97 хувийг ОХУ-аас авдаг. Тиймээс хойд хөрштэйгөө байнгын холбоотой ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байна. ОХУ-ын зүгээс нийлүүлэлт тасалдахгүй, хангамжийн тал дээр ямар нэг асуудал үүсэхгүй гэдгийг бидэнд мэдэгдсэн.

-Харин шатахууны үнэ өсөх эрсдэл манайд ямар байна вэ?

-Үнэ өсөх асуудал тодорхой хэмжээнд яригдаж магадгүй. Гэхдээ бид тодорхой хамгаалалттай. Манай улс авто бензиний хувьд 60 мянган тонн шатахууныг тогтмол 705 ам.долларын үнээр авах гэрээтэй. Энэ гэрээг өнгөрсөн оны төгсгөлд сунгасан. Монгол Улсын сарын хэрэглээ ойролцоогоор 80 мянган тонн байдаг. Үүнээс 60 мянган тонн нь тогтмол үнээр нийлүүлэгдэнэ гэсэн үг. Харин 20 мянган тонн орчим нь Евро-5 стандартын бензин байдаг бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлийн хөдөлгөөнөөс хамаарч өөрчлөгдөх боломжтой. Саяхан би Сайдын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулах чиглэл өгсөн. Тухайн зөвлөлөөс одоогийн нөхцөл байдалд үндэслэн үнийн хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдөж болох талаар тооцоолол хийж танилцуулна. Хэрэв Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй байх боломж бий. Тиймээс бүх зүйл олон улсын нөхцөл байдлаас шууд хамаарна.

-Шатахууны нөөцийн хувьд Монгол Улс ямар хэмжээнд байна вэ. Мөн нөөцийн савтай болох ажил ямар шатандаа хийгдэж байгаа вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улс дор хаяж нэг сарын нөөц хадгалах боломжтой болох ёстой гэж байнга ярьж ирсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний нөөц хангалттай бий. Манай улс хадгалах боломжтой бүх сав, агуулахуудаа дүүргэсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд шатахууны тасалдал үүсэх эрсдэл байхгүй. Цаашид нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Энэ долоо хоногт Монгол Улсын хэмжээнд хаана, ямар хэмжээний нефтийн бүтээгдэхүүний агуулах барих шаардлагатайг зарлана. Дараа нь агуулах барих сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс санал авч, тэдгээр төслийг арилжааны банкуудад танилцуулна. Арилжааны банкууд тухайн компаниудын санхүүгийн чадавхыг үнэлж, зээл олгох боломжтойг нь сонгоно. Улмаар олгосон зээлд нь төрөөс хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Барилгын улирал эхлэхээс өмнө зээлийн гэрээ, санхүүжилтийн бэлтгэлийг хангаж дуусгахаар ажиллаж байна.

-ОХУ-ын нутаг дэвсгэрт шатахууны агуулах барих асуудал яригдаж байгаа юу?

-Монгол Улс ОХУ болон бусад улсын нутаг дэвсгэрт шатахууны агуулах барихгүй, хөрөнгө гаргахгүй. Харин дотооддоо агуулахын хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ ажил бүрэн хэрэгжихэд нэгээс хоёр жилийн хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд ОХУ-ын хил орчмын бүсэд байгаа сул агуулахуудыг түр хугацаанд түрээслэх боломжийг судалж байна. ОХУ өөрөө дайны нөхцөл байдалтай байгаа учраас дотоодын нөөцийн агуулахын хэрэгцээ нэмэгдэж буй талаар мэдээлэл өгсөн. Гэхдээ хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааны хүрээнд Монгол Улсын богино хугацааны хэрэгцээг шийдвэрлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байгаа гэсэн мэдээллийг ОХУ-ын Эрчим хүчний яамнаас ирүүлээд байна.

-Оросоос гадна урд хөршөөсөө шатахуун нийлүүлэх боломжийн талаар яригдаж байгаа юу?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын тусгай хэлэлцээр одоогоор байхгүй. Харин ийм хэлэлцээр байгуулах санаачилгыг бид гаргаж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Манай улсын зүгээс БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх сонирхол бий. Энэ асуудлаар хоёр тал хэлэлцээ хийх боломжийг судалж байна. Гэхдээ БНХАУ одоогоор шатахууны экспортын квотоо тодорхой хэмжээнд хязгаарласан гэдгээ мэдэгдсэн. Тиймээс энэ асуудал цаашдын хэлэлцээрээс ихээхэн шалтгаална.

-Та саяхан Канадын Торонто хотод жил бүр зохион байгуулагддаг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсэн. Ер нь уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагыг энэ удаагийн уулзалт хэрхэн тодорхойлж байна вэ?

-Дэлхийн уул уурхайн салбарын бүх оролцогч талууд, хөрөнгө оруулагчид, хайгуулын болон олборлолтын компаниуд, технологийн байгууллагууд, үйлчилгээний компаниуд, мөн олон нийтийн байгууллагын төлөөлөл, судлаачид гээд өргөн хүрээний оролцогчид энэ уулзалтад цугладаг. Энэ жил 1300 гаруй оролцогч, 700 гаруй илтгэгч төрөл бүрийн сэдвээр илтгэл тавилаа. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн уулзалтыг түүхэн дэх хамгийн том хэмжээний хурал болж байна гэж онцолж байсан. Энэ жилийн гол хэлэлцүүлгийн сэдэв бол дэлхий даяар ярьж байгаа чухал элементүүдийн асуудал юм. Ялангуяа ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах асуудалд улс орнууд ихээхэн анхаарч байна. Манай салбарыг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж үздэг. Нэг нь ашигт малтмалыг олборлогч орнууд, нөгөө нь олборлосон түүхий эдийг худалдан авч ашигладаг орнууд. Энэ хоёр талын хувьд ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдахгүй байх, нэг том үйлдвэрлэгч, эсвэл нэг том худалдан авагчаас хэт хараат бус байх, бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах бодлого баримтлах хандлага нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим улс орон өөрсдөд нь байхгүй түүхий эдийн ордуудад хөрөнгө оруулах, урт хугацааны худалдан авах гэрээ байгуулах, стратегийн хамтын ажиллагаа бий болгох зэргээр идэвхтэй ажиллаж байна. Мөн эрчим хүчний шилжилттэй холбоотой томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг уламжлалт түлшнээс хамаарах хамаарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлого эрчимжиж байна. Үүнтэй зэрэгцээд хиймэл оюун, өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн хэрэгцээ огцом өсөж байгаа учраас стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын асуудал дэлхийн хэмжээнд онцгой анхаарал татаж байгаа юм.

-Дэлхий нийт стратегийн чухал ашигт малтмалын жагсаалтыг тодорхойлж эхэлж байна гэлээ. Харин Монгол Улсад ийм жагсаалт албан ёсоор батлагдсан зүйл хараахан байхгүй. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж байна вэ?

–Монгол Улс бол дэлхийн уул уурхайн салбарт өрсөлдөж байгаа орон. Тиймээс энэ мэт олон улсын уулзалт, форумын үеэр улс орон бүр өөрийн давуу тал, боломжоо танилцуулж, хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх талаар өрсөлддөг. Үүний гол зорилго нь шинэ хөрөнгө оруулалт татах, уул уурхайн төслүүдээ хөдөлгөх, хайгуулын ажлыг идэвхжүүлэх, улмаар ажлын байр, татвар төлөгчдийг нэмэгдүүлэх явдал юм. Манай улсын хувьд хэд хэдэн чухал өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаагаа энэ удаагийн уулзалтад танилцууллаа. Нэгдүгээрт, хайгуулын салбарыг илүү нээлттэй болгох асуудал байна. Хоёрдугаарт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын хуваарилалтыг илүү оновчтой болгох шаардлага бий. Өнөөдөр байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой санхүүгийн зарим буруу зохицуулалт нь үндсэрхэг үзлийн шинжтэй маргаан үүсгэх шалтгаан болж байгаа учраас үүнийг засах шаардлагатай. Мөн дэлхий нийтээр ярьж байгаа стратегийн чухал элементүүдийн жагсаалтыг Монгол Улс батлах асуудал ч бидний анхааралд байна. Энэ бүх өөрчлөлтийг хууль эрх зүйн орчны хүрээнд хийхээр төлөвлөж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс энэ мэдээллийг маш их сонирхож байна. Жил бүр зохион байгуулдаг “Монголын өдөр” арга хэмжээ ч энэ удаа маш амжилттай боллоо. Сүүлийн 4–5 жилд би өөрөө оролцож байна. Энэ жилийн хувьд оролцогчдын идэвх, сонирхол илүү өндөр байлаа. Хэрэв бид хууль эрх зүйн орчноо зөв шинэчилж чадвал Монгол Улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж өндөр хэвээр байна. Сонирхол ч мөн нэмэгдэж байна. Тиймээс хамгийн чухал нь бид хөрөнгө оруулагчидтайгаа тогтвортой, таатай харилцааг хадгалах явдал юм.

-“Монголын өдөр” арга хэмжээний үеэр Монгол Улс ямар томоохон төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан бэ. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсаас юуг илүүтэй хүсэж байна вэ?

-Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын геологийн өгөгдөл маш сайн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд, ялангуяа сүүлийн жилүүдэд Монголын хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад төдийлөн таатай биш болж байна гэсэн болгоомжлолыг илэрхийлж байгаа. Тиймээс бид энэ нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай гэдгийг тэд мөн онцолж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хэд хэдэн тодорхой асуудлыг онцолж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, тэднийг урт хугацаанд тогтвортой ажиллуулах чадвараа илүү сайжруулах шаардлагатай байна гэж хэлж байгаа. Хоёрдугаарт, өмнө нь хүний нөөцийн чадавх сул байсан бол сүүлийн жилүүдэд энэ тал дээр тодорхой ахиц гарч байгааг тэмдэглэж, энэхүү амжилтаа улам бататгаж, цаашид нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Ер нь дэлхийн улс орнууд уул уурхайн салбарт гурван үндсэн чиглэлээр өрсөлддөг. Нэгдүгээрт, геологийн өгөгдөл сайн байх ёстой. Хоёрдугаарт, энэ өгөгдөл дээр үндэслэн орж ирж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг даах, хөрөнгө оруулалтыг нь хамгаалж, баталгаажуулах тогтолцоо хэрэгтэй. Гуравдугаарт, хайгуул, олборлолт, менежмент зэрэг бүх шатанд оролцох чадвартай үндэсний боловсон хүчний нөөц чадавх чухал. Монгол Улсын хувьд эхний хоёр үзүүлэлт нэлээд сайн. Манай геологийн өгөгдөл сайн, хүний нөөцийн чадавх ч харьцангуй сайжирч байна. Харин хамгийн чухал асуудал нь хөрөнгө оруулалтыг хамгаалах, тогтвортой орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах шаардлага байгаа. Хөрөнгө оруулагчид ч энэ чиглэлд анхаарахыг зөвлөж байна.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэзээ өргөн барихаар төлөвлөж байна вэ. Энэ хууль одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадах уу?

-Бид Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2026 оны хаврын чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар ажиллаж байна. Манай яамнаас 21 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын оролцогчдоос санал авч байгаа. Эдгээр саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газарт танилцуулсны дараа чуулган эхлэх үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Хууль эрх зүйн орчин тогтвортой байхаас гадна дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн шинэчлэгдэх чадвартай байх ёстой. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг татах, салбарын хөгжлийг хурдасгах бодлогын өөрчлөлтүүдийг энэ хүрээнд хийхээр зорьж байна. Манай зорилго бол шинэ “Оюу толгой”, “Тавантолгой” шиг том ордуудыг илрүүлэхийн зэрэгцээ дунд болон бага хэмжээний ордуудыг олноор нь эдийн засгийн эргэлтэд оруулах явдал. Үүний тулд геологийн эрэл, судалгааны ажлыг ч мөн идэвхтэй дэмжих шаардлагатай. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгөөр тодорхой хэмжээнд хийж, аль бүс нутагт ямар нөөц байж болзошгүйг тогтоох бодлогыг хэрэгжүүлнэ.

-Монголын эдийн засгийг төрөлжүүлэх тухай их ярьдаг. Уул уурхайн салбар энэ бодлоготой хэрхэн уялдах ёстой гэж та үзэж байна вэ?

-Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өөр гарцгүй. Гэхдээ уул уурхай өөрөө дотроо төрөлжих ёстой. Өнөөдөр манай эдийн засаг үндсэндээ нүүрсэн дээр тулгуурласан бүтэцтэй болсон. Нүүрсний үнэ өсөхөд эдийн засаг өсдөг, унахад дагаад унадаг ийм эмзэг байдал үүсчихсэн. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх нь маш чухал. Манай салбарт олон төрлийн түүхий эдийн боломж бий. Дараагийн гол чиглэл бол зэсийн салбарыг эрчимжүүлэх асуудал. Гэвч өнөөдөр зэс дээр ногдуулж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ дэлхийн хэмжээнд нэлээд өндөр байгаа. Үүнээс болоод “Оюу толгой”, “Эрдэнэт” гэсэн хоёр том төсөл дээр л үндсэндээ төвлөрөөд байна. Гэтэл цаана нь “Хармагтай”, “Цагаан суварга” зэрэг хэрэгжих боломжтой төслүүд бий. Мөн зэсийн нөөцтэй байж болзошгүй олон талбайд хайгуул хийх боломж байгаа. Тиймээс олон улсын өрсөлдөх чадварт нийцүүлэх үүднээс татвар, хураамжийн бодлогоо тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлагатай. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлж чадвал манай эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр том хөдөлгүүртэй болно. Дээр нь алт, уран, чухал ашигт малтмал зэрэг бусад бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бүгд зэрэг унаж, эсвэл зэрэг өсөхгүй учраас эдийн засгийн өсөлт илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болно.

-Хөрөнгө оруулагчид орон нутгийн иргэдийн оролцоо, итгэлцлийн асуудлыг их хөнддөг. Уулзалтын үеэр энэ талаар ямар санаачилга яригдаж байна вэ?

-Уул уурхайн үйл ажиллагаа амжилттай явагддаг нэг чухал нөхцөл бол орон нутгийн иргэдтэй ойлголцож, хамтран ажиллах явдал. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэгтэй, тэдний дуу хоолойг сонсдог, эрх зүйн тодорхой зохицуулалттай орчинд явагдах ёстой. Нөгөө талаас орон нутгийн иргэдтэй ойлголцож ажиллаж чаддаг аж ахуйн нэгжүүд байх хэрэгтэй. Төр засгийн бодлого нь ч энэ хоёр талын ойлголцлыг хангаж, зохицуулж байх шаардлагатай. Канад, Австрали зэрэг уул уурхайн өндөр хөгжсөн орнуудын гол давуу тал нь энэ зохицуулалтыг маш сайн бүрдүүлж чадсан явдал юм.

-Таны хувьд “Onto Resources” компанийн төлөөлөлтэй уулзсан гэсэн. Уулзалтын үеэр ямар асуудлуудыг хэлэлцэв?

-Монгол Улсын Засгийн газраас “Оюу толгой”-н бүлэг ордын хүрээнд хэлэлцээр хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажиллаж байна. Канадын “Onto Resources” компанитай хэлэлцээр хийх асуудал тодорхой хугацаанд удааширсан. Тиймээс энэ чиглэлд илүү эрчимтэй ажиллаж, хурдан хугацаанд хэлэлцээрийн ширээний ард сууж, шийдлээ гаргах ёстой гэдгийг уулзалтын үеэр илэрхийллээ. Манай байр суурь тодорхой. Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой. Хоёрдугаарт, Үндэсний баялгийн санд болон ард иргэдэд очих өгөөж 51 хувиас доошгүй байх ёстой. Гуравдугаарт, төрийн эзэмшлийн хувь хэмжээг зөвхөн хувь эзэмшлээр хэмжихээс илүүтэй Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан төрийн эзэмшлийн эрхийг АМНАТ-аар тооцож авах аргачлалыг ашиглах шинэ хэлбэрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зарчмыг бид баримталж байна. 2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын нээлттэй сонсгол болсон. Энэ сонсголын үр дүнд УИХ-аас 120 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон удирдамжийг шинэчилж байгаа. Ингэснээр удахгүй талууд хэлэлцээрийн ширээнд суух боломж бүрдэнэ. Бидний зорилго бол Монголын ард иргэдийн эрх ашиг, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, баялгийн үр ашгийг иргэдэд илүү тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Энэ чиглэлд хэлэлцээр амжилттай өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монгол Улсыг хүндэтгэхгүй, Монголын ард иргэдийн байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүсвэл бид заавал хамтран ажиллах албагүй гэдгийг ч тодорхой хэлсэн.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: "Өдрийн сонин"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.