Амьд бус харилцаа залилан үйлдэгчдэд давуу тал болдог уу

Ц.Анударь / Хууль

-Залилах гэмт хэргийн хохирогч хохирлоо барагдуулах бүрэн боломжтой-

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг хязгааргүй. Үүний нэг хэлбэр бол цахим орчинд бусдыг залилах юм. Тухайлбал, Фэйсбүүк, цахим мэйл хаягаа бусдад алдаж, хохирогч болох нь цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нэг жишээ юм. 2019 онд улсын хэмжээнд 7821 залилах гэмт хэргийн тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо 2018 онд 5372 байсан бөгөөд даруй 2000 гаран тохиолдол шинээр нэмэгдсэн нь анхаарах хэрэгтэй зүйл болсныг харуулаад эхэллээ. Өнгөрсөн онд цахим хэлбэрийн 732 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 610 нь цахим залилан байжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 272 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Бусад нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон прокурорын шатанд шалгагдаж байгааг албаны эх сурвалж хэлэв.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тухайн залилагч этгээд бусдад учруулсан хөрөнгө, санхүүгийн хохирлоо бүрэн барагдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг ажээ. Гэтэл иргэд залилагч этгээдийг барьж өгч, түүнд ял шийтгэл өгснөөр асуудлыг “дуусгах” нь түгээмэл байдаг гэв. Нэгэнт хэрэг үүсээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд хохирол барагдуулах үйл ажиллагаа явуулахын тулд үйлдэгч этгээдийн хөрөнгийг хязгаарлах, шаардлагатай арга хэмжээг үе шаттай авснаар хохирол төлүүлэх боломжтой байдаг байна. Хууль, эрх зүйн хүрээнд хохирогч тал өргөдөл, гомдол гаргаснаар хохирлоо барагдуулах боломжтой хэдий ч нийт залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн ердөө арав хүрэхгүй хувь нь л өргөдөл, гомдлоо мэдүүлж, хохирлоо барагдуулдаг болохыг цагдаагийн байгууллагын зүгээс сануулав. Нэг талаараа энэ нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгаатай холбоотой болов уу. Энэ төрлийн гэмт хэрэг хулгайн гэмт хэргээс ялгаатай нь тухайн иргэн өөрийгөө залилуулсныг тэр дороо мэдэх боломж хомс учраас дийлэнхдээ гэмт хэрэг гарсны дараа буюу залилуулсан үедээ хууль, хяналтын байгууллагад ханддаг. Яагаад гэвэл зохиомол орчин аль хэдийн бий болж, залилагч этгээд тухайн хүнд буруу мэдээлэл түгээж, итгүүлсэн байдагтай холбоотой аж. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс байдаг. Учир нь харилцааны явцад хоёр хүн эсвэл байгууллага хоорондын хүрээнд асуудал яригддаг учир буруу өнцгөөс мэдээллийг авснаар богино хугацаанд гэмт хэргийн золиос болох нь түгээмэл ажээ.

Аливаа мэдээлэл, бусдын тусламж хүссэн хүсэлтийг нягталдаг бай

Сүүлийн жилүүдэд сошиал медиа Монгол гэлтгүй дэлхий дахины гол хэрэглээ болсон билээ. Тэр дундаа манай орны фэйсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд эхнээсээ эрэмбэлэгддэг. Фэйсбүүк хэрэглээ сүүлийн таван жилийн хугацаанд маш эрчимтэй нэмэгдэж, Монгол дахь хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ болжээ. Монгол улсаас сошиалд 2.200.000 идэвхитэй хэрэглэгчид байдгаас 95,4% нь гар утаснаас ханддаг идэвхитэй хэрэглэгчид байна. Үүнээс 205.600 орчим нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй фэйсбүүк хуудас байна. Энэ үзүүлэлтээс харахад хэрэглэгчид, болон бизнесийнхэний хувьд фэйсбүүкийн хэрэглээ маш өндөр байгааг харах боломжтой юм. Өдгөө сошиал орчноор дамжуулан хоорондоо харилцах болсон нь амьд бус харилцааг хэвшмэл ойлголт болгожээ. Үүний сөрөг тал нь бусдыг залилах, хууран мэхлэх гэмт хэргийг өөхшүүлж байгаа явдал юм. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цахим хэлбэрийн гэмт хэргийн ердийн нэг жишээ.

Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байгаа юм. Тухайн хүний фэйсбүүк хаягаар дамжуулан олон хүн рүү санхүүгийн тусламж хүсэх гэх мэт залилан мэхлэх үйлдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бий. Хэрэв хэн нэгэн танил, дотны хүн мөнгө санхүүгийн тусламжийг өөрийн цахим хаягаас ирүүлж байвал мэдээллийг нягтлах үүднээс утсаар ярих, уулзаж учир шалтгааныг тодруулах, бодитойгоор тусламж хүссэн эсэхийг нь мэдчихэд энэ төрлийн гэмт хэрэгт хэн нэгэн хохирохгүй, хууртагдахгүй байх боломжтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.