Д.Нямхүү: Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна.

Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна. Мөн ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана”гэв.

БИД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ХУВИЙН ЭМНЭЛЭГ БОЛОН СУВИЛЛЫН ОРЫГ ДАЙЧИЛЖ БАЙГАА

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өчигдрийн байдлаар Орхон аймагт 44 сэжигтэй тохиолдол нэмэгдэж, нийт 86 хүн тусгаарлалтад байгаа. Харин бусад аймгууд болон сувиллын газруудад 24 цагийн дотор хүн нэмэгдээгүй байна.

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гудамж талбайд халдваргүйтгэл хэрхэн хийх талаар болон ажиглалтаас гарч буй иргэдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах шийдвэрийг гаргасан.

Тэднийг тусгаарлан ажиглах хяналтыг орон нутгийн нэгжүүд буюу хороон дарга, сайн дурын идэвхтэн, хэсгийн ахлагч нарыг хамтран ажиллахаар болсон.

Мөн бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих талаар Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байранд нь дадлага сургалтуудыг хийгээд явж байна.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад байгаа болон эмчлэгдэж буй өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж буй эмч, сувилагч ариутгал үйлчилгээний ажилтан гээд нийт 206 хүн байна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувийн эмнэлэг болон сувиллын орыг дайчилж байгаа. Мөн цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна.

Эрчимт эмчилгээний эмч нарын тоог овог нэртэй нь гаргаж, шаардлага гарсан тохиолдолд сэлгүүлэн ажиллах тооцооллыг бүрэн хийсэн.Түүнчлэн COVID-19 халдварт дайчилж болохгүй яаралтай тусламжийн буюу гэмтлийн, хүүхдийн, төмөр замын эрчимт эмчилгээний орууд, төрийн тусгай хамгаалалтын болон төрөх тасгийн орууд бий. Тэдгээрийг эхний ээлжид дайчлахгүй ч шаардлага гарсан тохиолдолд тэнд ажиллаж буй эмч нарыг сэлгэх төлөвлөгөө боловсруулсан" гэлээ.

СЭЛЭНГЭ АЙМАГТ ТУСГААРЛАГДСАН 22 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, шинжилгээний хариу болон COVID-19 халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн архаг хууч өвчтэй, өндөр настай 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна.

Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн. Гарахад нь "Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе" гэсэн мэссэжийг араас нь бичжээ. Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ" гэв.