Д.Нямхүү: Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 иргэнээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар гарч нийт 207 улсад халдвар гараад байна. Дэлхий даяар нийт нэг сая хүн халдвар авч, 53 мянган хүн нас барлаа.

АНУ, Итали, Франц, Испани, Швейцар улсуудад өвчин голомтлон тархсаар байна. Мөн сүүлийн гурав хоногт Япон улсын нийслэл Токио хотод халдварын тархалт нэмэгдэх хандлагатай болсон.

Манай улсын хувьд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад тусгай сувилалд үргэлжлүүлэх 14 хоног ажиглалтад байгаа. 12 хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

Өнөөдрийн байдлаар 2,314 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Өчигдөр Сөүлээс ирсэн 261 иргэнээ тусгаарлах ажлыг хийснээс нь 37 нь ХӨСҮТ-д байгаа бол эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэдийг зочид буудлуудад тусгаарласан. 261 иргэний 6 нь 0-2 настай, 24 нь 3-18 насны хүүхэд бөгөөд 17 жирэмсэн эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 24 хүн байгаа.

Сүүлийн гурван хоногт халдварт өвчний дуудлага улсын хэмжээнд гараагүй сайхан мэдээтэй байна. Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгээд байгаа. Тодруулбал, ЭМЯ-ны харьяа 16 төвдөө шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, эм тариа олгосон. Хоёрдугаар үед нийслэлийн дүүргүүдийн бэлэн байдлыг хангасан бол өчигдөр 21 аймгийн эмнэлэгт амьсгалын аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, хурдавчилсан оношлуур олголоо. Ингээд аймгууд хурдавчилсан оношлуурыг аймгууд дээр ашиглах боломжтой боллоо.

ОХУ-ын эрдэмтэд 4-5 дугаар сард коронавирусийн халдварын оргил үе болно хэмээн таамаглаж байна. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй.Бид өчигдөр ХӨСҮТ-д эмчилгээг гардаж хийж байгаа эмчтэйгээ холбогдсон. Ингэхэд манай 12 өвчтөнд бүгдэд нь хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг түгээмэл байна. Халуурах шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан байгааг хэллээ. Өвчний шинж тэмдэг сул байгаа ч 6-7 дахь хоногтоо уушгины хатгалгаа үүсэж байна. Мөн суулгах шинж тэмдэг түгээмэл илэрч байгааг эмч нар маань хэллээ" гэв.

ХӨСҮТ-Д ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН PCR АППАРАТЫН ТООГ НЭГЭЭР НЭМСЭН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй.Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу лабораторийн шинжилгээгээр гарна" гэв