Шарилжны харшилтай хүмүүс айраг гүүний саам ууж болохгүй

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Харшлын улирал үргэлжилж байна. Манай орон далайн түвшинөөс харьцангуй өндөрт оршдог бөгөөд хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү бүрдэж тоосны харшил, ургамлын гаралтай харшил их тохиолддог.Ямар ургамлын тоосонд харшилтай болсноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс, нүргэс зэрэг модны тоос нь 4 сарын сүүлчээр эхэлж 6 сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харин согоовор, ерхөг, үнэгэн сүүл, нугын биелэг, анхилга, ботууль, дурваалиг зэрэг үет ургамлын тоос ихэвчлэн 6 сарын эхнээс 7 сарын дунд хүртэл үргэлжилж харшил үүсгэдэг. Мөн шарилж, лууль, таван салаа, бударгана, хурган чих зэрэг хогийн ургамлуудын тоосжилтын үе нь 7 сарын дундаас 9 сарын дунд үе хүртэл үргэлжилж харшил төрүүлдэг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогийн ургамал зэрэгт аль алинд нь мэдрэгшил үүсч харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш харшлаар өвчилдөг.

Ковид-19 ба Харшил

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарын гол анхаарал хандуулж буй сэдэв нь Ковид -19. Төрөл бүрийн харшлын өвчний үед Ковид-19 халдвар чухам хэрхэн нөлөөлж байна вэ, энэ халдвараас харшлын өвчинд эрсдэл үүсгэж байна уу, эсвэл харшлын өвчин нь шинэ Ковид-19 халдварт өртөх эрсдэл нэмэгдүүлж байна уу гэсэн маргаантай хэлэлцүүлгүүд судлаачдын дунд ид яригдаж байгаа аж. Харшилтай тэмцэх “Дэлхийн долоо хоног”-ийг “Ковид-19 халдварын үед ч харшлын тусламж, үйлчилгээ зогсохгүй” гэсэн уриан дор зохион байгуулж хурлаар дамжуулан ковид-19 харшлын өвчлөл хоорондын маргаантай сэдвүүдийг нэг мөр болгох, улмаар нэгдсэн нэг ойлголтыг өгөх илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Яг одоо ургамлын тоосны харшил ид сэдэрч байгаа энэ цаг үед харшлын эмнэлзүйн шинж тэмдэг ба Ковид-19 халдварыг хэрхэн асуумж, үзлэг, шинж тэмдэгээр ялган оношлох чухал асуудлыг хөндөж байгаа нь энэ хурлын онцлог болох юм.

“Шарилжны харшилтэй хүмүүс айраг гүүний саам ууж болохгүй”

Зуны дэлгэр цагт хүмүүс хөдөө гарч айраг цагаа хэрэглэдэг. Гэтэл шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух, түүхий лууван, улаан лооль идэж болдоггүй байна. Тиймээс тухайн хүн ямар харшил төрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнс хориглохыг анагаах ухаан судлаад тогтоочихсон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Тухайн хүний мэдрэгшсэн харшил төрөгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор юунд харшилтайг нь тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой. Харшилтай гээд мах гурилаас бусдыг хориглож хүнс тэжээлийн дутагдалд оруулж болохгүй.

Харшлыг хэрхэн зөв оношилж, эмчлэх вэ

Харшлын өвчний анхны шинж тэмдэг нь нүд загтнах, хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, нүд улайх, хамраас нус гоожих зэргээр илэрдэг. Тиймээс хүмүүс дур мэдэн эм уух биш яг юунаас харшлаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Цусны ерөнхий шинжилгээ өгвөл цусан дахь үрэвсэл, харшил нь ялгараад гараад ирдэг. Цусны ерөнхий шинжилгээгээр харшил өндөр гарвал харшлын эмчид хандана. Үүний дараа харшлын сорил тавиулна. Улсын эмнэлэгт ч тэр хувийн эмнэлэгт тэр ялгаагүй харшлын сорилыг төлбөртэй авдаг. Хамгийн гол нь харшлын сорилыг тавиулахдаа харшлын эсрэг эм, тариа, гормон эмчилгээ хийгээгүй байх үедээ тавиулах ёстой байдаг. Дур мэдэн эмчилгээ хийх нь дараа дараагийн эмчилгээнд муу үр дүн үзүүлдэг. Тиймээс эмчийн удирдлага дор эмчилгээ эхлэх хэрэгтэй. Юун түрүүнд юунаас харшлаад буйгаа эмчийн үзлэгт үндэслэн мэдчихвэл ядаж л харшаад байгаа зүйлээсээ та хол байна. Дур мэдэж эмчилгээ хийх хэрэггүй. Эмчийн хэлж байгаагаар манай иргэд эмчид үзүүлэхээр ирэхдээ дур мэдээд гормон тариулчихаад ирдэг гэнэ. Гэтэл гормоны сөрөг нөлөө маш их. Цусны даралт ихэсгэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж кальци багасгадаг. Тиймээс дур мэдэн гормон эмчилгээ хийж болохгүй нь. Мөн харшлын өвчин бүхэнд хийдэг нэгдсэн вакцин гэж байхгүй. Гаднын орнуудад улиралд нэг, сард нэг хийдэг вакцин байдаг ажээ.

Харшлаас урьдчилан сэргийлэх боломж бий...

Сорил тавиулаад харшаад байгаа зүйлээ мэдээд авах нь цаашид хийх эмчилгээнд сайн үр нөлөөтэй. Тухайлбал амьтны үс ноосноос харшилтай бол амьтан тэжээхгүй, цэцэг ногооноос харшилтай бол ойр орчиндоо ургамал байлгаад хэрэггүй. Мөн харшлын эсрэг эмийн эмчилгээ бий. Ургамлын тоосны харшлын улирал эхлэхээс өмнө эмчилгээгээ хийлгэчихвэл харшил хөдөлсөн ч хөнгөн хөдөлдөг аж. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас өмнө хийлгэх хэрэгтэй юм. Дөрөвдүгээр сарын 4-нд дэлхийн харшлын долоо хоног эхэлдэг. Дэлхийн харшлын долоо хоногт зориулан Харшил судлалын нийгэмлэгээс олон нийтэд харшлын талаар мэдээлэл өгдөг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.