Ерөнхийлөгчийн сонгуулийн “дүрэм”

Aдмин / Хууль

Ердөө хэдхэн сарын дараа Төрийн тэргүүнийг сонгох сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгууль явуулах өдрийг парламент энэ долоо хоногт товлон зарлах гэж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцэн улс төрийн намуудын дотоод уур амьсгалд хөдөлгөөн орж, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд ч хийгдэж байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан гарлаа. Тэр ч бүү хэл, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин хоёр жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэсэн мэдээлэл ч Үндсэн хуулийн цэц дээр очсон сурагтай. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд, түүний дараа эрх баригчдын баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ирэх сонгуулийг ямар “дүрэм”-ээр явуулахаар заасныг хүргэе.

Үндсэн хуульд...

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т -Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөн найруулсан. Улмаар 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг.

Үндсэн хуулийн 31 дүгээр зүйл.

1.Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.

2.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

3.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.

4.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

5.Ерөнхийлөгчид нэр дэв­шигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлох заалтууд

Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн оны өмнөхөн эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?

-50 нас хүрсэн, сүүлийн таван доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байна. Уугуул иргэн гэдэг нь Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа иргэнийг хэлнэ.

-Монгол Улсын Их хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

-Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн саналаа өгөх эрхтэй вэ?

-Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн

-Гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцож санал өгөх эрхтэй.

Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно

-Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуу­лийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

-Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг СЕХ тогтоох бөгөөд санал авах өдөр нь хоёр хүртэл өдөр байж болно

-Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээрээ амарна.

Нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?

•Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа санал авах өдрөөс 55 хоногийн өмнө тав хоногийн хугацаанд дуусгана.

•Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний алба болон төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албанд алба хашдаг бол сонгуулийн ээлжит жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

Хэнийг ялсан гэж үзэх вэ?

•Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий­лөгчөөр сонгогдсон гэж үзнэ

•Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулсан дахин санал хураалт явуулна хэмээн заажээ.

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.