Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ

Aдмин / Нүүр

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг хэлэв.

Мөн нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгааг тодотголоо.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа юм.

Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа донор орнууд, олон улсын байгууллагуудын туршлага, зөвлөгөө, шууд болон шууд бус санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй юм.

Хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, НҮБ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Дэлхийн банк групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саийд:

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхдээ олон сорилт, бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэхдээ олон боломж бас нээгдэж байгаа. Та бүхний зоримог алхмыг Азийн хөгжлийн банк бүрэн дэмжиж байна. Ялангуяа эрчим хүч, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр тухайлан дэмжинэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц ихтэй танай улс дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортлох боломж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари:

Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын анхаарлын төвд байгаад талархал илэрхийлье. “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш зөв алхам. Нийт иргэн, түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудыг татан оролцуулах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

Уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, шар шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдэл гээд олон хор хохирол учруулж байна. Даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтээ нэмэхэд анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлаар асуудлаа ярилцан, тодорхой үр дүн гаргах нь чухал байна.

Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, малын тоо толгойн зохистой харьцааны менежмент бүрдүүлэх, хог хаягдлын үйлдвэр болон дулаан, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад шаардагдах хөрөнгийг нэмэх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.

“Монгол Улсын ногоон хөгжлийн алсын хараанд ойн аж ахуйн оролцоо”, “Ногоон эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх”, “Тогтвортой бэлчээрийн зохион байгуулалт болон ногоон эдийн засгийн төрөлжилт” сэдвээр хэлэлцүүлэг хийх юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк, НҮБ хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

зочин [103.229.122.183] 2021-10-25 08:48:55

Сэргээгдэх эрчим хүч өртөг өндөртэй йим их нүүрс байхад Шивээ Овоо .Багануур.Таван толгойд нүүрсны цахилгаан станц .эсвэл шууд атомын цахилгаан станц барих хэрэгтэй хямд цахилгаан үйлдвэрлэнэ.Солиотой хүүк тэрбум мод гэж хуцаад явахаар үнэн толгой муутай хөлдүү хүн шүү 6 жил яана даа

Зочин [202.9.40.209] 2021-10-21 21:49:36

Нүүрсний уурхайнуудынхаа хажууханд Цахилгаан станцуудыг барих хэрэгтэй. Тэгвэл маш ашигтай. Мөн том хүчин чадалтай усан цахилгаан станцууд барих хэрэгтэй. Тэгвэл цахилгааны хэрэглээ ихтэй оргил цагуудад цахилгаан үйлдвэрлэж, хэрэглээ үйлдвэрлэлийг тэнцвэржүүлнэ. Ингэснээр дотоодын дулааны цахилгаан станцууд жигд горимоор үйлдвэрлэх боломжтой болж цахилгаан үйлдвэрлэх өртгөө бууруулж чадна. Мөн өндөр үнэтэй импорт, үнэгүй шахуу экспорт тэглэнэ шүү дээ. Цахилгааны үнэ ч гэсэн буурдаггүй юм аа гэхэд өсөхөө болино шүү дээ. Гадагш нь их хэмжээгээр ашигтай экспортолж чадвал цахилгааны үнийг ёстой 10 дахин бууруулсан ч болно. Бүх юмны үнэнд эрчим хүчний зардал шингэсэн тул импляцийг ч бууруулж чадна. Үүнийг бодох хэрэггүй шууд хийх хэрэгтэй. Дөчин жил жил ярьж, хорин жил бодож, арван жил шав тавьлаа. Одоо барих болсон.

Зочин [202.9.40.209] 2021-10-21 21:10:48

Тийм л их экспортолмоор байгаа бол төрийн дамжуулах шугам ашигласны төлбөр 10 төг/кВтц-ийг г сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид төлөөд, өөрсдөө ОХУ, Хятад руу 500 төгрөгөөр зарах хэрэгтэй. Орос, Хятад 2 ямар ч хэрэггүй ачааллын графиктай эрчмийг хуцваа гэх байлгүй. Манайх гэж дүүрчихсэн илжиг шиг. Тэгээд л гадныханд цахилгааны үнэнд сэргээгдэхийг дэмжихийн тулд 1 кВтц тутамд чинь 27 төгрөг 86 мөнгө нэмсэн шүү гээд баримт өгөөд олон жил болж байхад, хэн ч эсэргүүцэхгүй мөлжүүлсээр л байх юм. Даанч яав даа.

Зочин [202.9.40.209] 2021-10-21 20:57:20

Уснаас бусад сэргээгдэх эрчим хүч асар өндөр өртэгтэй үйлдвэрлэдэг. Зөвхөн үйлдвэрлэхэд: Нар 500 төгрөг/кВц, салхи 300 төгрөг/кВц. Ядаж байхад яр гэгчээр. Салхи нь ихэвчлэн шөнө үйлдвэрлэнэ, тэрийг нь баахан шугамаар урсгаж зардал гаргаж байгаад ОХУ-д 40 төгрөгөөр зарна. Нар нь өдөр нартайд үйлдвэрлэнэ. Тэр үед хэрэглээ огцом буурсан байдаг. Эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэрийг байнга алдагдуулж байдаг тул эргээд эрчим хүчний системийг байнга алдагдуулж байдаг. Монголд байгаа Сэргээгдэх эрчим хүчний компаниудыг буулгаж, гадагш нь ачуулах хэрэгтэй. Тэгээд хэрэглэгчдээс 1 кВтц тутамд нь 30 төгрөгийг нь сорж мөлжиж байдаг, жинхэнэ шимэгч хорхой. Сэргээгдэхүүдийг хогонд ачуулчихвал Монголын эрчим хүчний үнийг шууд 30 төгрөг/кВтц-аар бууруулах боломжтой байдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй.

Зочин [202.21.125.22] 2021-10-21 13:17:02

Сэргээгдэх эрчим хүчээ азийн супер сүлжээ рүү нийлүүлж үнэтэй өгөх ба дотооддоо үнээ багасгаж болно. Япон, Солонгост оройн их ачаалал болж байхад манайд нартай л байна. Энэ бол гол давуу тал юм. Дэлхийн СЭХ-ний 4-ны нэг Монголд байхад бид энэ их шавхагдашгүй баялгаа ашиглах нь хамгийн зөв гарц. Нүүрсээр хадгалж хамгийн ашигтай вариантаар ашиглах хэрэгтэй . Мөн айл өрхүүдийн бага өрхийн нарны цахилгаан үүсгэвэрүүдийг нэмэх хэрэгтэй. СЭХ -ний одоо баригдах эх үүсвэрүүдээ дандаа хуримтлуурын батарейтайгаар зөвшөөрөл өгвөл СЭХ-ны АҮК нэмэгдэнэ.

Зочин [195.46.106.44] 2021-10-21 12:54:13

Сэргээгдэх эрчим хүч чинь энерги дутагдалтай газар нөхөх чиглэлээр гол үүрэг гүйцэтгэдэг болохоос ор дутуу газар шинээр энерги бий болгох үндсэн элемент биш шүү дээ. Асар өндөр зардалтай гэдгийг манайхан сайн тооцож үзэхгүй нар салхи хоёр үнэгүй юм чинь л гэж бодоцгоож байх шиг байна. Юуны өмнө УЦС-ууд жижиг оворын нүүрсний станцууд байгуулж энергийн хувьд хэнээс ч хараат бус болох алхамаа хийвэл зүгээр байгаа юм даа. Европын орнуудыг харж байна уу. Нүүрснээс татгалзаж байна гээд хамаг юмаа тооцоо хийлгүй хааж хаяад эрчим хүчний хямралд ороод гаднын хараат болж бүх юмны үнэ нэмэгдэж эдийн засгийн хямрал болж хувирлаа шүү.Сэргээгдэх эрчим хүч чинь зардал ихтэй АҮК багатай эд дээ.

Насаа [202.126.93.243] 2021-10-21 14:19:04

Гуцаач ийм их нүүрс байхад бараг нүүрсээ идэж болно


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.