Алдагдал хүлээж, өрөнд хүлэгдсэн тариаланчдыг дэмжих сан

Aдмин / Эдийн засаг

Эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэлд ойр байснаараа далимдуулж бусдын өмнүүр орж боломжийг нь хулгайлдаг дараагийн "ЖДҮ"-гээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих санг нэрлэж, тус сангаар дамжуулж хэрхэн “мөнгө угаадаг”-ийг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаж тогтоосон талаар “Зууны мэдээ” сонин нийтэлсэн билээ. Тэгвэл төрийн мөнгө уйлдаггүйн жишээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр давтагдаж байгааг үргэлжлүүлэн хөндөж “Эзэнгүй мөнгө хуримтлуулж, байрны урьдчилгаа олгодог тариаланчдыг дэмжих сан” нийтлэлээ хүргэсэн. Хууль журамдаа үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж заасан атал төсвийн мөнгийг зарцуулдаг тус сан тариаланчдыг дэмжих бус ямар ч эзэнгүй их хэмжээний хөрөнгө хуримтлуулахаас гадна яамны ажилчдад орон сууцны урьдчилгаа олгож, барилга бариулж, төсөл санхүүжүүлэгч “компани” болж хувирсан гэхэд хол зөрөхөөргүй болсныг хөндсөн юм. Мөн хэдэн арван саяар хэмжигдэх барааг ямар ч тушаал шийдвэр, тэмдэглэлгүйгээр данснаас хассан. Сангаар орж гардаг мөнгөний тайлан тодорхойгүй. Их хэмжээний авлага, өрөндөө баригдсан зэргээр тоочиж барамгүй зөрчил дутагдал илэрсэн учраас төрийн аудитын байгууллагаас удаа дараа “хязгаарлалттай” дүгнэлт өгснийг өмнөх дугаартаа нийтэлсэн бол тариаланчдыг дэмжих сангийн оновчгүй менежмент, үр дүнгүй зарцуулалтаас болж төсвийн мөнгийг үрэн таран хийж, их хэмжээний өр төлбөрт баригдуулсныг ээлжит цувралаараа хүргэж байна.

ТЭДС 250 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ГАРЧЭЭ

Аудитын байгууллагаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харьяа газруудын санхүүгийн тайланд хийсэн аудитаар 5.624.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 5.483.9 сая төгрөгийг залруулж, 5.3 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага, 134.7 сая төгрөгийн алдаа зөрчилд дөрвөн зөвлөмж өгсөн байдаг. Тариаланчдад олгосон дэмжлэгийн эргэн төлөлт 405.0 сая төгрөгийн орлогоос 128.9 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй. Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн хэрэгжээгүй үлдэгдэлд гэрээнд заасны дагуу 2019 оны жилийн эцсийн байдлаар 168.9 сая төгрөгийн алдагдлыг тооцоогүй, 26.1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлүүлэлгүйгээр дэмжлэг олгосон. Урьдчилж орсон орлого дансанд эзэн холбогдогч нь тодорхойгүй 430.7 сая төгрөгийн орлогыг жил бүр хуримтлуулан бүртгэсэн боловч тухай бүр ААНБ, иргэдтэй тооцоо нийлж уг орлогыг бууруулах арга хэмжээ аваагүйгээс авлага, өглөг нэмэгдэх нөхцөл бий болсныг аудит тайландаа дурджээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан Шилэн дансны тухай хууль зөрчдөг. Тухайлбал, 19 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсан байжээ.

Эцэст нь өр төлбөрийн эхний үлдэгдэл 238.095.6 сая төгрөг, эцсийн үлдэгдэл 259.038.5 сая төгрөг болж, 20.942.9 сая төгрөгөөр өссөн байна. Өр төлбөрийн тухайд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 11.053.5 сая төгрөгийн, Ник компанид 5.228.9 сая төгрөгийн, Ди Би Эм лизинг компанид 39.223.8 сая төгрөгийн, Бага оврын трактор төсөлд 20.324.5 сая төгрөгийн өглөгтэй гарчээ. Түүнчлэн ОХУ-аас оруулж ирсэн техник тоног төхөөрөмжийн үнийн ханшийн зөрүү үүссэнтэй холбоотойгоор 4.334.4 сая төгрөгөөр өглөг нэмэгдсэн. Ингэхдээ урт хугацаат өр төлбөрийн дүн нь 70.385.6 сая төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд, БНХАУ-аас трактор, техник тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд тайлант онд 65.114.2 сая төгрөгөөр, ханшийн зөрүүнээс 5.271.3 сая төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү их хэмжээний өр төлбөртэйгээс Засгийн газрын хувь оролцоо дансны эхний үлдэгдэл 113.184.8 сая, эцсийн үлдэгдэл 99.781.9 сая төгрөг болж, 13.402.9 сая төгрөгөөр буурсан байна. Гэтэл дамжуулан зээлдүүлсэн зээлээс эргэж төлөгдөхөөр 2019 оны төсөвт 16.757.7 сая төгрөг батлагдсанаас Сангийн сайд, ХХААХҮС-ын Төлбөр барагдуулах гэрээний дагуу 10.000.0 сая төгрөгийг төлсөн аж.

МЕНЕЖМЕНТИЙН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ

Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит бүрийн төгсгөлд аудитаар илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг үйлчлүүлэгч, удирдах албан тушаалтанд өгдөг. Ингэхдээ санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зөвлөмжийг тусгадаг байна. Тэгвэл сүүлийн 4-5 жил “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт аваад байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд илгээсэн менежментийн захидалд ноцтой гэмээр зүйлсийг дурджээ.

Гэрээний дагуу үүссэн авлага, өглөгийг тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулаагүйгээс 39.791.9 сая төгрөгийн авлага барагдуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. 2.099.8 сая төгрөгийн авлага хугацаа хэтэрсэн. Энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимыг зөвхөн аудитыг үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардагдах цар хүрээнд дахин хянасан бөгөөд бүх сул талыг бүрэн дүүрэн гаргаж ирэх боломжгүйг онцолсон байна.

Нөөцийн улаан буудайн хэвийн хорогдол, шаардлага хангахгүй болсон бараа материалыг актлахдаа тооллогын комиссын шийдвэрийн дагуу тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын тушаал гаргаж, хяналт тавих шаардлагатай. Улсын төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлээр барилга угсралтын ажил гүйцэтгүүлсэн нь зээлийн эх үүсвэрийг буцаан улсын төсөвт төвлөрүүлэхгүй байх эрсдэл бий болгосон. Урьдчилж орсон орлого дансанд эзэн холбогдогч нь тодорхойгүй орлогыг жил бүр хуримтлуулан бүртгэсэн боловч тухай бүр ААНБ, иргэдтэй тооцоо нийлээгүйгээс үр дүнгийн тайлан буруу илэрхийлэгдэж байна. Урамшуулал авч буцаан төлөлт хийж буй харилцагчидтай тооцоо нийлж, эзэн холбогдогчийг тодруулж өглөгийг тухай бүр барагдуулах, ажлын хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ард иргэд [59.153.115.173] 2021-12-02 15:41:37

үнэн тэнэг бодлоготой засгийн газартай Монгол улс ха ха ард түмэн нь хохь нь дэндүү номхон хүлцэнгүй болохоор дээрэлхэж бна

[64.119.17.198] 2021-12-02 06:11:39

Тариаланчдийг дэмжих сан гэж байсан санагдана. Тэр сангийн мөнгө хаашаа орсон бэ?? Номин гэх сайдын аав, Цандэлэг 2 аваад дуусгасан уу? Эхлээд тэр сангийнхаа асуудлыг шийд

Зочин [64.119.19.254] 2021-12-02 04:58:50

Юун алдал рүлээсэн тариаланчид вэ худлаа мөнгө завших арга нь

Зочин [112.72.7.25] 2021-12-02 03:35:47

Идэж уугаад цадахгүйнээ

Зочин [103.80.210.183] 2021-12-02 02:00:02

наад сангаа татан буулга. галагш тариагаа зарна гэвэл япон солонгос зэрэг нь уралдан авна даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.